Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар нийслэлийн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд хонины ястай махыг нэг кг-ыг нь дунджаар 8500, үхрийнхийг 11 000 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоосоо үхрийн ястай махны үнэ кг нь 180 төгрөгөөр өссөн, хониных 300-400-гаар хямдарсан үзүүлэлт аж. Мөн зах, дэлгүүрийн байршлаас шалтгаалан үхрийн цул мах кг нь 12 000-14 000, хониных 9000-11 000 төгрөгийн үнэтэй байсан нь долоо хоногийн хугацаанд 4-8 хувиар өссөн дүн болов. Түүнчлэн нэг кг монгол төмсийг 700-750, лууванг 1200-1300, байцайг 1000-1100, хүрэн манжинг 1800, сонгиныг 1900 орчим төгрөгөөр худалдсан нь аравдугаар сарын эхний долоо хоногийнхоос 0.5-9 хувиар өссөн дүн болсныг нийслэлийн Статистикийн хороо мэдээлэв.