2020 оны утга зохиолын Нобелийн шагналыг Америкийн яруу найрагч эмэгтэй Луиза Глюкт олголоо. Яруу найргийн хувь оршихуйг бусдад ойлгуулсан эгэл бөгөөд шулуун зоримог илэрхийллийг нь үнэлж Луиз Глюкт энэхүү шагналыг гардуулж буйг Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлсэн бөгөөд түүний яруу найрагт уран егөөдөл, хурц хэллэгээр баялаг гэдгийг Нобелийн хорооны дарга онцолжээ. Харин манай улсын уншигчдад түүний дараах гурван бүтээл Г.Аюурзанын орчуулгаар хүрсэн байдаг юм байна.
-Хуурмаг жүрж-
Энэ бол сар биш, би хэлж байна.
Энэ бол хашааг гийгүүлэгч
тэр л цэцэгс.
Эднийг би үзэн ядаж байна.
Яг л хурьцлыг үзэн яддаг шигээ,
Эрэгтэй хүний ам
миний амыг үмхэхэд,
Эр хүний чичирсэн бие –бас эвцэлдэхийн өмнөх
ичгүүртэй, дорой, байж ядсан гуйлт –
Энэ бүхнийг үзэн ядаж байна.
Улиг болсон нөгөө л янзаараа үмхэлцэх
Уруулуудаас гарах хачин чимээг залгасан
асуулт, амьсгаа давхцам хариултыг,
алжааж цуцам эсрэг хүйсүүдийн тэмцлийг
сэтгэлийнхээ дотроос би үдшийн цагаар сонсном.
Харав уу?
Бид ийм л тэнэг зүйл хийлээ.
Сэнхийгээд хуурмаг жүржийн үнэр
Нээлхийгээр хийсэн орж ирлээ.Яаж би одоо тайвшрах билээ?
Хорвоогоор дүүрэн нөгөө л үнэр
хоромхон ч сарнихгүй ханхалсаар байхад
яаж би сэтгэл өег үлдэх билээ? /1985/
-Аргаа барсан зөгнөл-
Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье
Өдөр бүр л хүмүүс үхдэг.
Үхэл бол ердөө л эхлэл нь.
Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,
Өнчин хүүхдүүд шинээр төрдөг.
Тэд гараа эвхэн суугаад,
Өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.
Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.
Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.
Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд,
Хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,
Хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү
Хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.
Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,
гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.
Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,
гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,
зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.
Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,
Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.
Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.
Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,
цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.
Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол
Цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.
Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,
Анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна. / 1990/
-Живсэн жаалууд-
Тэдэнд ял оногдоогүй, бэлээхэн харлаа
Тэд живж үхэх тавилантай, тийм л заяатай байж
Мөс гэнэт цөмрөн тэднийг тэвэрч
Мөрөн дээр нь өвөл бүхий л жингээр дараа
Хүзүүний ноосон ороолтыг нь
хөвүүлж намируулсаар доош живээд
хөдөлгөөнгүй нам жим болсон хойно нь
Хөлдүү цөөрөм тэднийг бараан гараараа өргөлөө.
Үхэл гэхдээ тэдэн рүү юм бүхний эхлэлд дөт
Өөр замаар ирсэн байх учиртай.
Сониуч жаалууд анхнаасаа л
Сохор жингүй төрсөн ч байг ялгаагүй.
Тэд одоо тайвшралыг зүүдэлж байна,
Чийдэн асаатай,
Тэдний цогцос цав цагаан бөөсөөр бүтээсэн
Ширээн дээр тавиастай байна.
Цөхрөнг хоолойнууд нэрээр нь дуудахыг тэл
Цөөрмийн дээгүүр гулган зугаацах мэт хэнэггүй сонсоно.
Аймшигт цэнхэр цүхээлд унагсад аа
Алив нааш ир, шалавхан буцаад ир ! /1980/
Эргэн сануулахад, Нобелийн шагналыг 2016 онд Америкийн дуучин, яруу найрагч Боб Дилан, 2017 онд Их Британийн зохиолч Казүо Ишигүро , 2018 онд Польшийн яруу найрагч Ольга Токарчукт, 2019 онд Австрийн зохиолч Петер Хандке нар тус тус хүртсэн юм.