Алтан хувьцаа хэмээх ухагдахууныг Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер 1980-аад онд төрийн өмчийн хувьчлалд өргөн ашигласан түүхтэй. Засгийн газар тодорхой хугацаанд компанийн хувь нийлүүлэгчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, хөрөнгө эзэмшдэггүй, өөр ямар нэг эрхгүй хувьцаа гаргаж болдог. Үүнийг алтан хувьцаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь, Британи 1986 онд Airport act буюу Нисэх онгоцны буудлын тухай хууль баталсан. Эл хуулийг баталснаар нисэх онгоцны буудлуудыг төрийн мэдлээс гаргаж, хувийн компаниудад худалджээ. Лондоны “Хитроу”, “Гатвик”, “Станстед” нисэх онгоцны буудал, “Глазго прествик” болон Глазго хотын олон улсын, Эдинбургийн, Абердиний нисэх онгоцны буудлыг дээрх хуулийн дагуу хувьчилсан байна. Уг хуулиар Британийн Засгийн газар нисэх онгоцны буудал эзэмшигч компанийн зарим шийдвэрт хориг тавих эрхээ баталгаажуулжээ. Нөгөөтээгүүр, алтан хувьцаа эзэмшигч нь болсон гэсэн үг.
Бидний сайн мэдэх авто машин үйлдвэрлэгч “Volkswagen” компанид алтан хувьцааны ухагдахуун үйлчилдэг. Германы Засгийн газар 1960 онд Фолксвагены гэх хууль баталж, үүний дагуу тус компанийг хувьчилжээ. Ингэхдээ Доод Саксон мужийн Засгийн газарт компанийн хувьцааны 20.2 хувийг эзэмшүүлж, хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагынх нь шийдвэрт хориг тавих эрх олгосон байна. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд нь хоёр төлөөллөө суулгах эрх олгосон аж.
Фолксвагены хууль нь Европын Холбооны Компанийн тухай хуулийн хөрөнгийн чөлөөт хөдөлгөөний зарчмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Германы Засгийн газрыг Люксембургт байрлах Европын Холбооны шүүхэд тус холбооны зохицуулагчид 2007 онд өгчээ. Хориг тавих эрх нь хууль зөрчсөн гэж шүүгчид үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Германы Засгийн газар Фолксвагены хуулийн хориг тавих эрхийг цуцалж, Төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөллөө томилохоо больсон. Гэвч чухал шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн тавны дөрөв нь буюу 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд гаргана гэсэн өөрчлөлтийг “Volkswagen” компанийн дүрэмд оруулжээ. Ингэснээр тус компанийн хувьцааны 20.2 хувийг эзэмшиж буй Доод Саксон муж томоохон шийдвэр гаргахад хориг тавих эрхээ хадгалж үлдсэн байна. Германы Засгийн газрыг Европын Холбооны зохицуулагчид дахин шүүхэд өгсөн ч 2013 онд холбооны дүрэмд нийцсэн гэж үзсэн аж.
Алтан хувьцаа хэмээх ойлголтыг Баруун Европын орнууд ийн хэрэгжүүлсэн бол социалист систем нуран унасны дараа зүүн европчууд өргөнөөр хэрэглэв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан орнууд зах зээлийн нийгэмд шилжсэнээр төрийн өмчит үйлдвэрийн газруудаа хувьчлах шаардлага тулгарсан. Тэд хувьчлалын дараа тухайн компанид төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүсэлтэй байлаа. Эл хүслээ гүйцэлдүүлэх эрх мэдлээ алтан хувьцаа гарган олж авч байжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орнуудын манлайд ОХУ байх нь дамжиггүй. Тус улсын Ерөнхийлөгч Б.Ельцин Улсын үйлдвэрийг хувьчлах, аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зарлигийг 1992 онд гаргаснаар алтан хувьцаа гаргах эрх зүйн орчин бүрдүүлжээ. ОХУ-д 1993-2005 онд алтан хувьцаатай 1707 компани байгуулсныг Уралын улсын эдийн засгийн их сургуулийн судлаачид тогтоосон байдаг. Хойд хөршид алтан хувьцаа гаргах эрх зүйн орчныг 2001 оноос Төрийн болон хотын өмчийг хувьчлах тухай хуулиар зохицуулдаг болсон.
Манай улсын Компанийн тухай хуульд алтан хувьцааны зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Гэхдээ практикт нэг ч удаа хэрэгжүүлээгүй учраас ийм заалт байдгийг мэддэг хүн цөөн. Компанийн тухай хуульд ийн тусгажээ.
36 дугаар зүйл. Алтан хувьцаа
36.1. Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.
36.2. Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас доор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина:
36.2.1. хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;
36.2.2. компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
36.2.3. их хэмжээний хэлцэл байгуулах;
36.2.4. бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөх.
36.3. Засгийн газар энэ хуулийн 36.2-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.
36.4. Энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр Засгийн газрын батламжилснаар хүчин төгөлдөр болно.
36.5. Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.
36.6. Энэ хуулийн 36.1-т заасан тодорхой хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.
Зах зээлийн нийгэмд шилжээд хөл толгойгоо олж, эмхэрч цэгцэрч байсан Монгол Улсын парламент 1999 онд Компанийн тухай хуулийг анх баталсан. Эл хуульд дээрх заалтыг тусгасан түүхтэй. Адилхан социалист байсан хойд хөршийн хуулийг хуулчихсан учраас алтан хувьцааны тухай алсыг харсан гэмээр эрх зүйн зохицуулалт ийн “байраа олжээ”. Зарим эх сурвалж ОХУ-ын Компанийн тухай хуулийг боловсруулсан баг манайд зөвлөсөн учраас алтан хувьцааны заалтыг тусгасан гэж баталдаг. Компанийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн найруулахад хувийн хэвшлийн компанид ч Засгийн газар шаардлагатай тохиолдолд алтан хувьцаа эзэмшдэг болъё гэсэн санал гарч байжээ. Гэвч энэ санал газар авалгүй өмнөх хэвээр үлдсэн байна. Алтан хувьцааны Монгол дахь түүх ердөө энэ.
Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, стратегийн хөрөнгө оруулалт татахад үндэсний болоод олон нийтийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн шалтгаанаар барьц алдах нь бий. Төрийн өмчийг хувьчлах, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай стратегийн төсөл хэрэгжүүлэхэд алтан хувьцаа хэмээх ухагдахууныг ашиглах боломж бүрэн бийг хол, ойрын жишээ харуулж байна. Харин манай шийдвэр гаргагчид анзаарч хардаг, эсэх нь тодорхойгүй.
“Оюутолгойн 34 хувийн хувьцааг эзэмших нь буруу байсан. Үүний оронд роялти авсан бол хөрөнгө оруулалт нь өсөх бүрт өр нэмэгдэхгүй, илүү өгөөжтэй байх байлаа” гэж ярьдаг судлаач олон. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт, менежментийг “Рио тинто”-д бүрэн даалгаад, роялтиар өгөөжөө хүртэн, алтан хувьцаа эзэмшээд үндэсний эрх ашгаа хамгаалж байх эрх зүйн гаргалгаа бэлэн байжээ.
Өөр нэгэн жишээ. МИАТ компанийг хувьчлах нь зөв, буруу гэж улстөрчид маргалддаг. Ийм маргаан УИХ-ын чуулганы танхимд өрнөж, хувьчлах нь буруу гэсэн тал нь ялсан удаатай. Тэд үндэсний аюулгүй байдалд хохиролтой гэж үзэн хувьчлахыг эсэргүүцэж байв. Тэгвэл МИАТ-ийг хувьчлаад, менежментийг нь хувийн хэвшлийнхэнд даатгаж, алтан хувьцаа эзэмшин, үндэсний болоод олон түмнийхээ эрх ашгийг хамгаалаад сууж байх эрх зүйн зохицуулалтыг Засгийн газар олж хараагүй байна.
Бас нэгэн жишээ. Монголын хөрөнгийн биржийг гадаадын туршлагатай хөрөнгийн биржид хувьчлан, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй гэж үздэг мэргэжилтнүүд бий. Гэвч тэдний бодлыг “Хувьчилж авчихаад байшинг нь нураагаад өндөр цамхаг барьж, ашиг олох гэж байна” хэмээн харддаг хэсэг нь үгүйсгэдэг. Хөрөнгийн биржийг хувийн хэвшилд шилжүүлээд, Засгийн газар алтан хувьцаа эзэмшчихвэл үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөх, хөрөнгийг нь үрэн таран хийхэд хориг тавих боломжтой. Төрийн эзэмшилд байгаад нэгэнт өөдлөхгүй байгаа учраас алтан хувьцааг нь эзэмшээд, хөрөнгийн биржийг хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй санагддаг.
Төрийн болон орон нутгийн өмчит 570 компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 100 гаруй нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компанийн хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Банк, алт ухдаг, авто зам тавьдаг компани гээд төрийн мэдэлд байх шаардлагагүй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэднийг нэн түрүүнд хувьчлах шаардлагатай ч дуншсаар байгаа. Уул уурхай, эрчим хүч, цөмийн энерги гээд стратегийн компаниуд ч төрд бий. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Засгийн газар алтан хувьцаа гаргаж, төрийн өмчлөл байсан компанид оролцоотой үлдэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай” гэсэн юм.
Засгийн газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр дүн шинжилгээ хийж байгаа гэнэ лээ. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, үйл ажиллагааг нь сайжруулах санаачилгыг танхимынх нь олон гишүүн дэмжиж буйг УИХ-ыг гишүүн М.Оюунчимэг дуулгалаа. Төрийн гэсэн нэрийн доор олон нийтийн өмчийг шамшигдуулж, үнэгүйдүүлэх явдал газар авсан. Төрийн өмчит зарим компанийг хувьчлан, ухаалаг менежментээр удирдуулж, улсын эдийн засагт үр ашигтай ажиллуулахын тулд Засгийн газар үндэсний эрх ашгаа хамгаалах алтан хувьцааг нь эзэмшээд, хувийн хэвшилд зайгаа тавьж өгөх нь оновчтой арга ч байж мэднэ.