Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон групп “Rio tinto”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ажлаа хүлээлгэн өгөх болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Австрали дахь, 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн талаарх шүүмжлэлтэй энэ нь холбоотой юм. Тэрбээр дараагийн гүйцэтгэх захирлыг томилтол үүргээ гүйцэтгэх агаад эцсийн хугацаа нь ирэх жилийн гуравдугаар сарын 31 аж. Тус групп олон нийтийн итгэлийг эргэн хүлээхэд нөлөөлөх удирдлага хайж буй талаар “Bloomberg” мэдээлэв. Хөрөнгө оруулагчид, шинжээчдийн зүгээс дээрх албан тушаалд томилогдох боломжтой хэмээн үзэж буй зарим нэр дэвшигчийг нэрлэжээ. Тодруулбал, “Newmont corporation”-ы гүйцэтгэх захирал Том Палмер, BHP группийн санхүү хариуцсан захирал Питер Бивен, “Newcrest mining” компанийн захирал Сандип Бисвас, “South32”-ын гүйцэтгэх захирал Грэхэм Керр нарыг нэрлэжээ. Мөн “Rio tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлын албыг 2016 оноос хойш хашиж буй Б.Болдыг нэрлэсэн байна. Тэрбээр тус группэд үүрэг гүйцэтгэж эхлэхээсээ өмнө “JPMorgan Chase&Co”-д ажилласан туршлагатайг дурдсан байв. “Rio tinto” групп “Оюутолгой” төслийн менежментийг 2010 оны арванхоёрдугаар сараас хойш хариуцаж буй билээ.