Ромын эзэнт гүрнийг уг үндсээр нь донсолгосон Спартакийн боолчуудын бослогыг дарсан ялагчдыг нийслэл Ром хот МЭӨ 70 онд хүндэтгэн хүлээн авлаа. Спартакийн бослогыг даралцсан жанжин Помпейн цэргүүд Ром хотод сүр жавхлантайяа орж ирэхэд түүнийг аврагчаа хэмээн үзсэн Ромын иргэд алга ташин, исгэрэлдэн угтжээ. Харин хоёр жилийн турш Спартакийн боолчуудын араас мөшгөж, хамаг хүчээ баран байж, Луканид далайд хашиж, сүүлийн хүчийг нь нуга дарсан их жанжин Марк Красс цэрэгтэйгээ хамаагүй өмнө зүгт байрлаж байсан тул Ром хотод Помпейгоос сүүлдэн орж ирсэн билээ. Нэгэнт ялан дийлэгчээ хүлээгээд авчихсан Ромын иргэд түүнд сүртэй баяр хүргэсэнгүй нь боолын бослогыг дарахад хамаг цэрэг, хөрөнгөө барсан Крассын уурыг хүргэж, атаархлыг хөдөлгөсөн гэдэг.
Марк Красс бол Ромын хамгийн баян хүнд зүй ёсоор тооцогддог байсан тул түүнд хүмүүс нэг их дуртай байсангүй. Марк Красс, Магнус Помпей, Юлий Цезарь нар удалгүй гурвуулаа нийлэн Ромын дээд эрхийг атгах болсон нь түүхэнд “Гурвын засаглал” буюу “Триумвират” хэмээн нэрлэгдэх болжээ. Хэдийгээр Ром бүгд найрамдах засаглалтай хэвээр байсан боловч Ромын их гүрний цэргийн хүч, мөнгө хөрөнгийг цуглуулсан гурван жанжны гараас парламент гарч чадахгүй болсон байв. Красс залуухан Юлий Цезарийг хөрөнгө мөнгөөр дэмжин, байлдан дагуулагч, аугаа жанжных нь нэр төрийг ашиглан, Помпейн эсрэг хөзөр болгон турхирч, “Гурвын засаглал” дотор өөрийн тэнцвэрт байдлыг хангаж чадаж байлаа. Помпей жанжин найз нөхдийнхөө дунд Крассыг доош нь хийхдээ “хэдэн боол хядсанаас өөр юу хийсэн юм дээ. Аугаа их л гэцгээх юм. Юугаараа аугаа болоод тэгээд байдаг юм бэ?” хэмээн доог тохуу болгодгийг дуулсан Красс түүнийг яаж ийгээд давах юм сан гэж мөрөөддөг байсан юм. Помпей удалгүй Газар дундын тэнгист үүрлэсэн далайн дээрэмчдийг гуравхан сарын дотор хуу цэвэрлэж, Бага Азид Ромтой тэмцэлдээд байсан VI Митридат хааныг нам дарсан нь Крассын нойрыг хүргэхээ байсан билээ. Энэ үед Цезарь ч Галлыг бүрэн эзэлж, Бельгийг дарангуйлах болсон нь ямар нэг том цэргийн гавьяагүй Крассын байр суурьт сөргөөр нөлөөлөх болсон юм.
Харин энэ гурвын хамгийн залуу нь болох Юлий Цезарь тоглолтоо болгоомжтойхон хийж байлаа. Цезарь өөрийн нөлөөг ашиглан, Азид улсын харьяаны барилга байгууламж барьсан хүмүүсийн өрийн гуравны нэгийг цайруулах хууль батлуулсан нь Крассын өрийн ихэнхийг дарж, Ром даяар дургүйцэн шуугих нэгэн шалтгаан болсон билээ. Бүгд л Крассын ичгүүр сонжуургүй, хязгааргүй шуналтайг гайхан шагширч байв. “Гурвын засаглалыг” тэнцвэртэй байлгахын тулд Юлий Цезарь өөрийн цор ганц хайртай охин Юлия Цезаринаг Помпей жанжны дөрөв дэх эхнэр болгон өгсөн билээ. Залуухан, хурц ааштай Юлия Помпейд хайртай байсан боловч насаар эгчмэд гурван эхнэртэй нь таарч тохирохгүй, сэтгэлийн шаналгаатай явдаг байжээ.
МЭӨ 56 онд Юлий Цезарийн Галл мужийн (Одоогийн Франц) захирагч, консул байх эрхийн хугацаа дуусах дөхөхөд гурван консул уулзах шаардлагатай болжээ. Эхлээд Равенна хотод уулзсан Марк Красс, Юлий Цезарь нар хоорондоо байр сууриа харилцан тохирч, Лукад Помпейтой уулзахдаа Цезарийн Галлын захирагчийн хугацааг дахин таван жилээр сунгах, Крассыг Сирийн захирагчаар илгээх, Помпейг Испанийн захирагчаар 5 жил байлгах тохиролцоонд хүрэв. Гурван консулын хүсэлтийг Ромын Сенат удалгүй хүлээн зөвшөөрсөн юм.
Ромын хамгийн баян хүн Марк Красс Сирийн захирагчаар алсад одох гэж буй нь Азийг байлдан дагуулах түүний чин хүсэлтэй холбоотойг хэн хүнгүй гадарлаж байв. Крассын атаархуу зан, Месопотамийг эзлэн, Азийг байлдан дагуулагч хэмээх их алдар сууг олж, Африкийг байлдан дагуулагч цолтой Помпей, Галлыг байлдан дагуулагч Цезарь нартай эн зэрэгцэн, тэднийг өөрийн их хөрөнгөөр давж, Ромын Триумвиратад голлогч хүн болон хувирч, аажмаар өөрийн анхны жанжин Корнелий Суллын нэгэн адил диктатор болох хүсэл шуналд дагуулан хөтөлж буйг Помпей ч, Цезарь ч гадарлаж байсан аж. Харин алдар хүндийн дон шүглэж, хөрөнгө мөнгөндөө ташуурсан, байлдааны туршлагагүй энэ өвгөнд Азийн гүнд байх Парфяны эзэнт гүрэн амаргүй хатуу хоол гэдгийг аль аль нь хэлж түвдсэнгүй. Цезарь харин ч өөрийн удирдлагад байлдаж байсан Крассын хүү Публийд хэдэн мянган Галлын морин цэргийг өгч эцэгтэй нь дайнд мордуулж, өөрийн санхүүгийн ивээн тэтгэгчээ дэмжжээ. МЭӨ 55 онд Марк Крассыг Ромоос мордоход Сенатын олон арван гишүүн хотын иргэдийг дагуулан замыг нь хааж, дайн өдөөх ямар ч шалтгаан үүсгээгүй Парфяны эзэнт улсын эсрэг мордохыг нь зогсоох гэж оролдлоо. Тэр ч атугай Ромын трибун цолтой нэгэн эрхэм Крассыг зүхэж, олны өмнө хараал хийж ч үзэв. Красс Сенатын гишүүдтэй дэмий маргалдаж байх үед гэнэт хүрч ирсэн Помпей ромчуудад хандан Красст саад хийлгүй явуулахыг уриалжээ. Помпейг асар их хүндэтгэдэг ромчууд Крассын легионуудад зам тавин өгсөнөөр тэд Ром хотоос гарч одлоо. Помпейн нэр хүнд асар их байгааг харсан Красс уурандаа багтрах шахан, нэн даруй бүдүүлэг Парфяны цэргүүдийг нам цохиж, Ефрат мөрнөөс баруун хэсгийг эзлэн, тоолж баршгүй их баялгийн эзэн болж, Ромд эргэн эзэн суухаар хатуу шийдэн одсон бөлгөө. Түүний шадар жанжнууд нь энэ тохиолдлыг муу ёр хэмээн цээрлэж, Красст сануулахыг оролдсон ч зөрүүд баян өвгөн сонсохыг хүссэнгүй.
МЭӨ 56 онд Сирид хүрэлцэн ирсэн 43 000 хүнтэй Ромын арми Месопотамыг чиглэн Сирийн цөлөөр урагшилж эхлэв. Энэ үед Марк Крассын цэргийн хүрээнд хүрэлцэн ирсэн Армяны хаан Артавасд II-ын элч цөлөөр давшихын оронд Армяны нутгаар урагшлан тэдний 40 000 цэрэгтэй нийлж, Парфяны эзэнт гүрний нийслэл рүү шууд довтлохыг санал болгожээ. Артавасд Ромын хүчээр өөрийн гол дайсан Парфяны хаан Ород II-оос салахаас гадна эзлэгдсэн нутгийн зарим хэсгийг өөртөө авахыг санаархсан нь тэр ажээ. Ром гүрний цэргийн хүч хэнд ч ялагдашгүй гэдэг хатуу итгэлтэй Марк Красс Армяны хаантай ялагчийн алдар, ашиг олзоо хуваахыг хүссэнгүй, харин ч цэргүүдээ цөл дундуур урагшлахыг тушаав. Түүнд газарчилж, цэргээр туслахаар амласан нутгийн омгийн ахлагч Абгар аль хэдийн Парфяны хаанд урваж, элсэн цөлийн гүн лүү Ромын армийг санаатайгаар хөтлөн төөрөлдүүлж явааг Красс гадарласангүй.
Парфяны эзэн хаан Ород II энэхүү мэдээг аваад цэргийн үндсэн хүчээ авч, Армяныг байлдан эзэлж, эхлээд Ромын хамсаатныг үгүй хийхээр шийджээ. Харин өөрийн нэгэн авьяаслаг жанжин Спабод Суренад 9000 морьт харваач, 1000 хүнд морин цэрэг өгч, Ромын цэргийг цөлийн гүнд хууран аваачиж, Армяны холбоотнуудаас нь холдуулахыг зарлигдав. Гэнэт өмнөөс гарч ирсэн Парфяны цэрэг цөлийн гүн лүү дайжин одоход Крассын легионууд араас нь мөшгөлөө. Гэвч дан морин цэргээс бүрдсэн Парфяны армийг гүйцэх ямар ч боломжгүй байсан юм.
МЭӨ III зуунаас эхлэн Бага Ази, Персийн нутагт овьёос тариалж эхэлсэн нь хүнд хуягтай цэргийг ядахгүй тээж чадах тэнхээтэй морьдын угшил буй болгосон билээ. Тиймээс Парфяны морин цэрэг, хөнгөн харваачид нь хэр баргийн морин цэрэгт гүйцэгддэггүй, хүнд хуягласан морин цэрэг нь ямар ч жагсаалыг нэвт сэтлэн гарах чадвартай болсон байсан билээ.
Ромчуудыг дагуулан хэд хоног цөлөөр тэнүүчилсэн Сурена жанжин дайсныхаа сул талыг хангалттай гадарлаад, Ромын цэргийн эсрэг хатгалдан байлдахаар шийдвэрлэсэн юм. Хэрэв ромчууд илүүрхээд ирвэл морин цэрэг нь хөнгөхөн дутаачих тул түүнд алдаад байх ч зүйл байсангүй. Каррэ хотын (одоогийн Туркийн Харран хот) орчимд Парфяны морин цэргүүд ромчуудын жагсаалыг довтлон харвалдаж эхэллээ. Ромчууд нэн даруй дөрвөлжин жагсаалаар жагсаж, хүнд бамбайгаар халхалсан ч дайсны суман доор дэмий л зогсохоос өөр арга олдсонгүй. Уг нь дайсны цэргийн харвалтын давалгааг сөрөн зогсоод аажмаар урагшлан бутцохих тактиктай ромчууд сумыг нь дуусахыг хүлээсэн ч парфянчуудын суман мөндөр яагаад ч дуусахгүй байлаа. Сурена жанжин сумны нөөцөө сайн бэлдэж, харвалдаж буй цэргийн ангиудад нь сумаа дуусмагц, дараагийн ангидаа зай тавьж өгч ухран, тэмээнд ачсан сумнуудаас хангалт авч эргэн байлдаж буйг ромчууд хэрхэн гадарлах билээ.
Тэсвэр нь барагдсан ромчууд жагсаалаа ярж, Публий жанжны 4000 галлын морин цэргийг өмнө гаргаж, Парфяны харваачдыг сарниулахыг оролдов. Цөлөөр хэд хоног бэдэрч ядарсан морьдтой галлууд Парфяны хөнгөн харваачдыг дэмий элдсэн ч гүйцсэнгүй, харин ч өөрсдөө мэдэлгүй үндсэн хүчээсээ хэт тасран салжээ. Толгод даван давхилдан гарч ирсэн галлчууд гэнэт Парфяны хүнд хуягт морин цэргийн эгнээнд тулав. Энэ үед дайжин зугатсан хөнгөн харваачид ар, хажуунаас нь бүслэн харваж эхэллээ. Галлын морин цэргүүд бараг бүхлээрээ хядуулан, Марк Крассын хайртай ахмад хүү, цэргийн жанжин Публий хүнд шархдан, дайсанд олзлогдон шившгээ хутгахгүйн тулд амиа хорлолоо. Түүний толгойг тасдан авсан парфянчууд үлдсэн цэргийн өмнүүр жаданд өлгөн давхихыг харсан ромчууд сэтгэлээр унажээ.
Хүнд цохилт амссан Марк Красс сэтгэлээ чангалан байж, өөрийн цэргийн өмнө гарч “Та нар сэтгэлээр унах хэрэггүй. Хүүгээ алдсан нь надад хүнд цохилт боловч Ромын армид энэ хамаагүй. Давшаад” хэмээн уриалав. Давшиж буй цэргүүдэд Парфяны харваачдын сум ихээхэн хохирол үзүүлээд байсан тул Красс когортуудыг “яст мэлхийн жагсаал”-аар жагсан урагшлахыг тушаасан ч тусыг эс олов. Хөдөлгөөн муутай “яст мэлхийн жагсаал”-ын завсрыг ашигласан Парфяны харваачид жагсаалын голоор давхилдан, бүр ойроос онилон харвах боломжийг гаргаж өгчээ. Ромчуудын бамбайны араас чичлэх жад тэдэнд үл хүрэх аж. Энэ үед Парфяны хүнд хуягласан морин цэргүүд яст мэлхий жагсаалыг сэт сэт цохин гарч, когортуудыг сандаргаж байлаа.
Харанхуй болж тулалдаан түр зогссоны дараа Марк Красс цэргүүдээ Каррэ хот руу ухран, тэнд байх цайзын хананы цаана орохыг тушаажээ. Хохирлын тоо аймшигтай байлаа. Ромын 20 000 гаруй цэрэг алагдаж, 10 000 илүү нь сураггүй алга болжээ. Публийн удирдсан 4000 галлын морин цэргээс эргэж ирсэн хүн бараг үгүй. Цэргийн дарга нар Красс жанжинтай ярихыг оролдсон ч хүүгээ алдсан тэрбээр ямар ч дуугүй гөлрөн суух ажээ. Хайртай хүүгээсээ гадна Ромын эзэн суух мөрөөдлөө үрэн таран хийж, хамаг хөрөнгөө зарцуулан цуглуулсан их цэргийнхээ олонхыг өдөржин цөлд хядуулж, дампуурчихсан байгаа тэрбээр өөр яах ч билээ?
Өглөө нь хотын хананд тулан ирсэн Парфяны цэрэг хэлэлцээ хийхийг шаардлаа. Красс гарахыг хүсээгүй боловч үймээн бослого гаргахад бэлэн болсон цэргийн дарга нарын шаардлагад тулгагдан цөөн цэрэгтэй хотоос гарч, Парфяны элч нартай уулзахаар очив. 50 орчим цэрэгтэй алхан ирсэн Крассыг харсан Парфяны жанжин “Жанжин хүн морьгүй яахан хэлэлцээ хийх билээ? Красс жанжинд морь өг” хэмээн тушаажээ. Энэ нь бодвол эртлэн бэлдсэн арга байсан бололтой. Алтан эмээлтэй аргамаг хүлэгт Крассыг мордуулдаг нь Месопотамыг эзлэн дээрэмдэх гэсэн түүний хязгааргүй шуналыг битүүхэн шоглосон бололтой байдаг. Крассын морийг хөтөлсөн Парфяны баатар эр ухасхийн давхиж, Парфяны цэргийн жагсаалын өмнүүр нааш цааш хурдлахад цэргүүд уухайлан хашхиралдаж байлаа. Энэхүү шившигт байдлыг тэсэж чадахаа байсан Красс илдээ сугалахад түүнийг дагалдан ирсэн цэргүүдийн дарга нарын нэг Октавий бусдыгаа уриалан илдээ сугалж, Парфяны цэргүүдтэй тулалджээ. Хоромхон зуурт Ромын жанжин болон түүний цэргүүдийг Парфяны харваачдын сум зараа мэт сүлбэн дуусгав.
Ялалт байгуулсан Сурена жанжин Крассын толгойг тасдан авч, аманд нь алт хайлуулан цутгаж, “шунахай этгээд шангаа хүртэв” хэмээн жаданд өлгөж, буцах замдаа олон түмэнд харуулан гайхуулсаар явжээ. Олзны Ром цэргүүдээс Красстай төстэй царайтай нэгнийг сонгож, эмэгтэй хүний хувцас өмсүүлэн жагсаалын өмнө туун доромжилж бах таваа хангахаа ч тэрбээр мартсангүй. Ромын түүхч Плиний бичсэнээр олзлогдсон ромчуудыг Маржиана муж руу (одоогийн Тажикистан), Парфяны эзэнт улсын зүүн хил рүү туун оджээ.
Крассын толгойг авч мордсон элч Парфяны хаан Ород II Армяны хаан Артавасдыг ялж, түүний охин дүүг өөрийн хүү Пакоруст гэргий болгон авч, хуримаа хийж байх өдөр Армяны нийслэл Арташат хотноо иржээ.
Карфагений авьяаслаг жанжин Ханнибалд Канны тулдалдаанд МЭӨ 216 онд ялагдсанаас хойш ромчууд ийм гутамшигт ялагдал хүлээж байсангүй. Цэргийн тал нь хядуулж, 10 000 нь олзлогдож, гурван ч сентурийн туг сүлд олзонд оржээ. Харин олзны 10 000 хүний хувь заяа хэрхсэн бэ гэдэг нь сонирхолтой асуулт юм. Зарим түүхчийн үзсэнээр олзонд орсон ромчууд ялан дийлэгчидтэйгээ ямар нэгэн хэмжээнд тохиролцоцгоож, Парфяны эзэнт улсын зүүн хилийг маналцахаар явсан бололтой ажээ. Ромын бүтэн легионыг шууд хядан цаазлахыг парфянчууд зүрхэлсэнгүй, Ромын эзэнт гүрэнтэй удаан хугацааны мөргөлдөөнд орсноо тэд ухааран ойлгож байлаа. Тиймээс олзны цэргүүдийг шалтгаангүй хядах нь Ромын зүгээс бүр илүү олон, илүү сайн бэлтгэлтэй арми өшөө хонзонгоо авахаар цөмрөн орж ирэх явдлыг урин дуудах аян шалтаг болуужин хэмээн болгоомжилсон ч байж мэднэ. Тиймээс ч тэднийг Ромын цэрэг дахин хэзээ хэзээгүй орж ирэх магадлалтай баруун бүс нутагтаа болон бослого хөдөлгөөн гарвал аюултай төвийн бүс нутагтаа байлгахыг Парфяны хаан хүсээгүй бололтой. Олзлогдсон легион Парфяны зүүн хил рүү, одоогийн Афганистаны зүүн нутаг руу чиглэн одлоо.
Харин ялагч генерал Суренагийн хувь заяа сайхнаар эргэсэнгүй. Ромын түүхчдийн бичсэнээр Суренагийн нэр хүнд асар их өссөнд Парфяны хаан Ород II атаархах болжээ. Армяныг дарж, Ромын холбоотныг үгүй хийсний дараа цөлөөр Суренаг хайн бэдэрсэн Ромын цэргийг бутцохиж, алдар гавьяагаа хүртэх санаатай байсан Ородын төлөвлөгөөнд Сурена жанжны хэт санаачилгатай ажиллагаа, дийлдэшгүй Ромын армийг ялсан явдал саад болж, хааны уур хилэнг бадраасан байж мэдэх юм. Эсвэл ялалт байгуулаад нийслэл рүү эргэхийн оронд яагаад ч юм өмнө зүгийг чиглэн одсон Суренагийн үйл ажиллагаа хардлага, сэрдлэг төрүүлсэн байж ч мэднэ. Төрсөн эцгээ хөнөөж байж хаан ширээнд сууж, Крассын аян дайн эхлэхийн өмнөхөн төрсөн дүү Митридаттайгаа байлдаж, хаан ширээнд суух эрхээ хамгаалсан тэрбээр ихээхэн хартай нэгэн байв. Тиймээс дараа жил нь Сири лүү давшин орсон генерал Суренагийн эхний амжилтгүй байлдаануудыг далимдуулан түүнийг цаазлан хороох шийдвэр Ород гаргасан билээ. Суренаг нэн даруй цаазлав.
Красс ялагдсанаар Ромын засгийн эрхэнд байсан Триумвиратын тэнцвэрт байдал алдагджээ. МЭӨ 54 онд Помпей жанжныг бүчсэн хэсэг этгээд маргаан үүсгэж, нэг нь түүний хувцас руу цус цацсан хэрэг өдүүлэв. Помпейг гэртээ харьсаны дараа цустай хувцсыг нь угааж суугаа зарцыг хараад Помпейн эхнэр жирэмсэн Юлия нөхрийг нь алчихаж хэмээн бодож, гүнзгий цочролд орж ухаан алджээ. Цочирдон Юлия цагаасаа өмнө төрж, төрөхийнхөө хүндрэлийг дааж чадалгүй нас барж, Юлий Цезарийн ганц хайртай охин хорвоог орхин одлоо. Охины гэнэтийн үхэл Юлий Цезарь, Помпей хоёрын тэртээ тэргүй гүнзгий сэв суусан харилцааг улам муутгаж, тэд илээр зөрчилдсөөр Ромын Иргэний дайн болон хувирсан юм.
Харин энэ үед Евразийн нөгөө өнцөгт бас нэгэн иргэний дайн болж байлаа. Төв Азийн өндөрлөгт хоёр зууны турш ноёрхож, хойд талдаа Байгаль нуур, өмнө талдаа Түмэн газрын цагаан хэрэм, зүүн талдаа Солонгосын хойг, баруун талдаа Туркестанд тулсан их нутгийг эрхшээж байсан Хүн гүрэн доройтон сульдсаар тал нутаг дахь ноёрхлоо алдаж байсан үе билээ. Хүн гүрний их шаньюй Сүүлүү жанжин (Хятад эхэд Xuluquanqu гэж тэмдэглэгдсэн) МЭӨ 60 онд нас барахад Хүннүгийн их гүрэнд засгийн эрхийн төлөөх тэмцэл хурцадсан билээ. Сүүлүүгийн бага хатан Жуанцү өөрийн эртний амраг баруун гарын ван Воянцүдитэй хуйвалдан, шинэ шаньюйг сонгох хуралдайгаас өмнө түүнийг шаньюйгаар өргөмжилжээ. Хаан ширээг ёс бусаар залгамжилсан энэ явдал Хүннү гүрний дотор иргэний дайн дэгдээж, нэгэн зэрэг таван ноён өөрийгөө шаньюйгаар зарлан гарч ирэв. Засгийн эрхийг булаан авсан Воянцүди хаан ширээгээ алдахаас эмээж, Сүүлүү шаньюйгийн удмынхныг гадуурхан дарлаж эхэлсэн тул Сүүлүүгийн хүү Хуханье МЭӨ 58 онд бослого гарган тэмцэлдсэн билээ. Утга учиргүй харгислалд нь дургүйцсэн жанжид нь түүнийг хаян одож, Хуханьед нийлсэн тул Воянцүди аргагүй байдалд орж, амиа хорлосны дараа хаан ширээний асуудал дахин гарч ирлээ. Дайснаа дарсан Хуханье өөрийгөө шаньюй болох ёстой хэмээн үзэж байхад түүний ах Хүтүүсү ахмадын хувьд шаньюй болно хэмээн зүтгэжээ. Хуханье өөрийгөө шаньюйгээр зарласны дараа Хүтүүсү МЭӨ 56 онд бослого гарган, өөрийгөө Жижи шаньюй хэмээн зарлалаа. Хүннүгийн дотоодод иргэний дайны самуун дэгдэн Хуханьегийн удирдлагын дорх Өмнөд Хүннү, Хүтүүсүгийн удирдлагын дорх Хойд Хүннү болон хуваагджээ. Эхэндээ Жижи шаньюй амжилттай байлдаж, Хуханьег өмнө зүг рүү даран дутаалгасан боловч Хятадын Хан улсын дэмжлэгийг хүлээсэн Хуханье эргэн хүчирхэгжиж иржээ. Дотоодын дайн самуунаас дайжсан Жижи шаньюй Хүннү гүрний уугуул нутгийн баруун хэсэгт төвлөрөх болж, Кангьюй омгийнхны дэмжлэгийг хүлээн, Усун, Динлин овгийнхныг дараад тэр бүсэд ноёрхох болжээ. Жижи шаньюй өөрийн нутгийн баруун хэсэгт Талас мөрний эрэг дээр нийслэл хотоо байгуулсан юм.
Харин энэ үед Ромын дотоодод болж буй иргэний дайныг далимдуулан Парфяны шинэ эзэн хаан Пакорус Сирийг эзлэн авах бодолтой байв. Юлий Цезарийн аминд халдагсдын нэг Брутын талыг баримтлагч Сирийн захирагч Квинтий Лабенийг дэмжсэн Пакорус түүнтэй хамтран, Египетээс давших Марк Антонийн армитай тулалджээ. Марк Антонийн авьяаслаг жанжин Вентидий МЭӨ 38 онд Ром-Парфяны хамтарсан армийг бутцохиж, Пакорус хаан тулалдаанд алагдлаа. Парфяны хаан ширээг тойрон залгамжлагчийн асуудал үүсэж, хаан нь Ромын цэргийн гарт үрэгдсэн явдал олзонд байгаа Ромын легионы хувьд асуудал болжээ. Шинээр хаан болох хүн хэн нь тодорхойгүй, Ромын хүчин чадал мандан бадарсан энэ үед олзонд байгаа ромчуудыг бослого гаргахаас урьдчилан сэргийлэн хядчих аюул тулгарсан нь ойлгомжтой. Тиймээс легион захирагч Люций бослого гарган, дорно зүгт одох шийдвэр гаргалаа. Эх орон нэгтэнтэйгээ учрахаар Парфяны эзэнт улсыг нэвт гарах боломжгүй байсан нь ойлгомжтой. Харин дорно зүг рүү одож, хаа нэгтэйгээс усан боомт олж, Ром руугаа далайгаар одох боломж хайхаар тэд шийджээ.
Парфяны харьяанаас бослого гарган зугтсан Ромын олзныхон бэдэрч явсаар Жижи шаньюйгийн нутагт ирсэн бололтой. Хан улс болон дүүгийнхээ өмнөд Хүннү нартай тэмцэлдэж байсан Жижи шаньюй цомхон боловч явган цэргийн байлдаанд сурцтай Ромын цэргүүдийг сонирхож, өөрийн хүчиндээ нэгтгэн авсан аж. Эх оронгүй болсон Ромын цэргүүд энэ үед үндсэндээ хөлсний цэргүүд болон хувирч амиа зогооход хүрчээ. Мервт туугдаж очсоноос хойш Жижи шаньюйгийн нийслэлийг хамгаалах байлдаанд оролцох хүртлээ 17 жил олзонд байсан ромчууд хаана юу хийж явсан тухай эх сурвалжийн мэдээ байдаггүй билээ. Харин шаньюйгийн нийслэл хотын тухай Хятадын эх сурвалжуудад тэмдэглэсэн мэдээллүүдэд үндэслэн зарим эрдэмтэн хотын бэхлэлт Ромын цэргийн архитектурын хэв шинжийг хадгалсан хэмээн үздэг юм.
Үргэлжлэл бий.
Бэлтгэсэн: Ё.Отгонбаяр