Тунисийн Ерөнхийлөгч байсан Бен Алигийн гэр бүл санаанд багтамгүй хөрөнгө чинээтэй болсон байв. Албан ёсны баримтаар бол Төрийн тэргүүний дансанд таван тэрбум ам.доллар байсан аж. Харин эрх мэдлийг тэр биш, үсчин асан гэргий Лейла нь атгасанд ард олон дургүйцдэг байлаа.
Ерөнхийлөгчөөс 21 насаар дүү Лейла нөхрөө, улс орноо ч дажгүй удирдаж байж. Тунисийн олон улсын нисэх буудалд Саудын Жедда хот руу хөөрөх хувийн онгоцонд үнэт эдлэл дүүрэн чихсэн хайрцгуудыг яаравчлан ачиж байлаа. Шатны хажууд 74 настай өвгөн гартаа жижиг чемодан барин зогсоно. Улс орноо сүүлийн 23 жил удирдаад, дөнгөж сая огцорсон Ерөнхийлөгч Бен Али нь энэ өвгөн гэж танихад бэрх.
“Би Тунисээс явмааргүй байна, энд үлдэж, ясаа тавимаар байна” гэж тэрбээр гомдолтойёо гуйх аж. 53 настай гэргий Лейла нь түүн рүү огцом эргэж, “Амаа хамхи, тэнэг минь онгоцонд суу. Чиний урагшгүй байдлыг харж ханалаа. Алдааг чинь засах гэсээр залхлаа” хэмээв. Удирдагч асны туслахуудын нэг генерал Али Сириани “Бурхан минь онгоцондоо сууж үз” гээд Бен Алийг түлхэв. Ерөнхийлөгч асан гэргий, хүү Мохаммед, охин Халима, түүний нөхөр, зарц хоёр филиппин эмэгтэйн хамт онгоцны шатаар аажим өгслөө.
Бен Али эх орондоо эргэж очоогүй. Хүний амь хороосон, эрх мэдлээ урвуулан ашигласан, мансууруулах бодис дамлаж худалдсан, авлига авсан, улсын хөрөнгийг хайр гамгүй зарж, үрэн таран хийсэн гэж Тунисийн цэргийн шүүх түүнийг буруутган, бүх насаар нь хорих ял оноож, 100 сая ам.доллароор торгох шийдвэр гаргажээ.
Тунисийн ард түмэн Ерөнхийлөгчөө ерөөс үнэлж байсангүй. Гэргий Лейла Трабелсийг нь бүр үзэн ядаж байв. Тансаг амьдралыг эрхэмлэдэг, хээл хахуульд хорхойсдог түүнийг “Арабын Макбет хатагтай” гэж хочилдог байжээ. Лейла арван ахын дунд өсөж, бага боловсрол олж, үсчнээр ажиллажээ. 1992 онд Бен Алитай гэрлэснээр олны анхааралд өртөж, алдар хүндийн замаар өгсөв. Ирээдүйн Ерөнхийлөгчийг гурван охины эцэг болсон генерал байхад нь тэд танилцсан аж. 21 насны зөрүү, гэр бүлтэй байсан нь энэ эмэгтэйд юм бодогдуулсангүй, нууц амраг нь болжээ. Цаашлаад жирэмсэн гэж худал хэлж, генералыг эхнэрээс нь салгав. Үүний дараа хоёр охин төрүүлж, гэр бүлээ хадгалж чаджээ. Гурав дахь хүүхэд удтал хүлээсэн хүү байж, Мохаммед нэртэй болов.
Тэргүүн хатагтай спорт загварын машин унах, Дубайд очиж олон зуун мянган ам.доллароор худалдаа хийх дуртай нэгэн байлаа. Охид нь ч ялгаагүй, үнэтэй юм эдэлж хэрэглэх шохоорхолтой. Бага охин Несрин нь өргөө рүүгээ гадаад орнуудаас хүнс авчрахыг илүүд үзнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн онгоцоор Сен-Тропе (Франц)-гээс мөхөөлдөс, амттан зөөдөг байв. Энэ мэт үйлдлийнх нь талаарх нарийн ширийнийг тунисчүүд тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд “WikiLeaks” сайтад эрх баригчдын тансаглалын тухай бичсэнээс олж мэджээ. Жишээ болгож, Несрин болон түүний нөхөр Сахр эль-Матри нар далайн эрэг дэх хээнцэр өргөөнүүдийнхээ нэгэнд барьсан оройн зоогийн тухай Элчин сайд өгүүлжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийг бяцхан мафи гэж нэрлэсэн энэ дипломатчийн хэлснээс үзвэл тэд гаршуулсан бараа амттанаар хооллодог байсан гэнэ.
Төрийн тэргүүн гэргийгээсээ жигтэйхэн айдаг, шаардсаныг нь үг дуугүй биелүүлдэг гэж Ерөнхийлөгчийн гэр бүлд ойр хүмүүс ярьдаг аж. 2009 онд түрүү булчирхайн өмөн үү өвчтэйгөө сонсоод Бен Али Ерөнхийлөгчийн суудлаа орхихыг хүсэхэд гэргий нь эрс хориглож, бага хүү Мохаммедаа нас биед хүрч, улс толгойлох хэмжээнд хүртэл, эсвэл Лейла өөрийгөө Ерөнхийлөгч болтол эрх мэдлээ хадгалахыг “зарлигдсан” аж. Улс орныг Бен Али биш, түүнийг захирдаг гэргий нь хамаатан саднуудтайгаа хамтран залж чиглүүлдэг гэж ард түмэн нь үздэг байв. Лейлагийн ах Белхассен Трабелси Засгийн газар, Төвбанкны боловсон хүчнийг өөрчлөх, халах солих ажлыг хариуцдаг, орон нутгийн бизнесменүүдээс алба гувчуур хураадаг байжээ.
Бен Али болон түүний төрөл садны 117 хүн хаан шиг л амьдардаг, чухам хэдий хэр баялаг хуримтлуулснаа өөрсдөө мэддэг ч үгүй байх гэж тунисчүүд сэжиглэсээр иржээ. Ерөнхийлөгч асан нь эх орноосоо гарч явснаас хойш л үүнийг мэдэх боломж олон түмэнд олдсон аж. Нийслэлийн гадна байдаг Төрийн тэргүүний хоёр ч ордныг шинэ эрх баригчид нэгжиж, асар их бэлэн мөнгө, 27 сая ам.доллароор үнэлэгдэх үнэт эдлэл, хоёр килограмм хар тамхи зэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн тэнгисийн эргийн Сиди-Бу-Сайдад байдаг өргөөнөөс нь шар ирвэсийн чихмэл, алтан сфинкс, ширээний хөлбөмбөг, Холливудын бүтээлүүдийн бичлэг, гантиг сийлбэр олджээ. Ерөнхийлөгчийн унтлагын өргөөнд коран судрын хуудаснуудын асар том хуулбарууд бас өлгөсөн байж. Энэ том харшид усан сан, нисдэг тэрэг буух талбай, дээр үеийн хоёр их буу байв. Гараашид нь “Bentley continen¬tal”, “Porsche”, “Lamborghini”, “Jaguar”, хуягласан “Cadillac”, “Maybach” зэрэг тансаг машин, нэртэй брэндийн хувцас, уран зургийн бүтээлүүд, үнэт зүйлс байжээ. Энэ бүхнийг төрөл төрөгсөд нь авч явж чадсангүй. Үүний оронд мөнгө авсан аж. Тунист тэмцэл хөдөлгөөн эхэлмэгц Лейла эвгүй зүйл болохыг мэдрээд 45 сая еврогоор үнэлэгдэх 1.5 тонн алт Төвбанкнаас зувчуулж Дубай руу яаран аваачжээ.
Улсын сан хөмрөгийг арвижуулахын тулд олдсон бүх эд зүйлийг худалдахаар 2012 оны арванхоёрдугаар сард шийдвэрлэжээ. Тэгээд 39 машин, тэргүүн хатагтайн эрдэнийн чулуун шигтгээтэй зүүлт болон 12 000 гаруй гоёлын эд зүйлс, хувцас, цүнх, цаг зэрэг нийт 130 сая ам.долларын үнэтэй бараа худалдаанд тавьсан гэнэ. Лейлагийн нэг цүнх, Бен Алигийн нэг костюмын эхний үнэ л гэхэд 3000 евро байжээ.
Саудын Арабаас улс төрийн орогнол хүссэн Ерөнхийлөгчийн гэр бүл Жедда хотод тэндхийн цэргийн хамгаалалт дор суурьшив. Тус улсын эрх баригчид Бен Али болон түүний төрөл төрөгсдийг цагаан гантигаар барьсан, ихэнхдээ өндөр дээд зиндааны зочид очдог тансаг харшдаа байрлууллаа. Эрх мэдлээ алдсан Тунисийн Төрийн тэргүүн асан хариуд нь улс төрд хошуу дүрэлгүй амар жимэр аж төрөхөө амласан байна. Бен Алигийн гэр бүл энд баримталдаг шашны хатуу дэг жаягт идээшээгүй тул удаан тухлахгүй гэдэгт Саудын Арабын хүн ард эргэлзэхгүй байв. Тухайлбал, Лейла болон түүний охид Өрнөдийн хээнцэр ганган хувцас хэрэглэдэг, нүүрээ далдалсан өмсгөл өмсөж сураагүй байлаа. Цаашдаа охин Несрин нь нөхөртэйгөө Катарт шилжин сууж, тэргүүн хатагтай асны ах Белхассен Трабелси Италид суурьшив. Лейла өөрөө Бен Алитай Жеддад амьдарч, Кувейт, Катар луу байсхийгээд нисэж, элбэг дэлбэг арилжаа наймаа хийсээр байв.
Амьдралынхаа сүүлчийн гурван сарыг Бен Али эмнэлэгт өнгөрөөжээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд 83 настайдаа амьсгал хураасан. Шарилыг нь эх оронд нь аваачиж нутаглуулахыг Тунисийн эрх баригчид зөвшөөрнө гэж Бен Алигийн гэр бүлийнхэн найдсаар байсан ч горьдлого талаар болжээ. Ерөнхийлөгч асныг лалын шашинтнуудын ариун газар гэгддэг Медина хотод даруухан ёслол хийж оршуулсан аж.
Зин Аль-Абидин Бен Али 1939 оны есдүгээр сард төржээ. Эцэг, эх нь зургаан хүү, таван охин төрүүлж өсгөсөн байна. Ахлах ангид сурч байхдаа л улсынхаа тусгаар тогтнолын төлөөх нууц ажиллагаанд оролцох болов. Ингэж явахдаа нэг бус удаа баривчлагдаж, шоронгийн хаалга ч татаж байж. Тунис тусгаар тогтнолоо тунхагласны дараа 20 настай Бен Алиг үндэсний зэвсэгт хүчний дайчин болгохоор Франц руу сургуульд явуулжээ. Тэнд цэргийн дээд сургууль төгслөө. Дараа нь мөн Францад их буучийн мэргэжил эзэмшив. АНУ-д тагнуул, аюулгүй байдал, агаараас эсэргүүцэн хамгаалах сургууль дүүргэлээ. Генерал цолтой ч боллоо. Ингээд 1958 оноос Тунисийн армийн жанжин штабт офицероор ажиллажээ. Анхны гэргийн эцэг нь бас генерал хүн байж, түүний дэмжлэгээр 1964 онд цэргийн аюулгүй байдлын департаментыг удирдах болжээ. 1971-1977 онд Мароккод цэргийн атташегаар ажиллав. Эргэж ирээд Батлан хамгаалах яамны Тамгын газрын дарга болжээ. 1977 оны арванхоёрдугаар сараас Үндэсний аюулгүй байдлын албаны ерөнхий захирлаар ажиллаж байхдаа армийн генерал цол хүртжээ. 1980 оны дөрөвдүгээр сард Варшавт Элчин сайдаар томилогдлоо.
Ерөнхийлөгч Бургиба түүнийг 1986 онд Дотоод хэргийн сайд болгов. 1978 оны дундуур Бургиба танхимдаа өөрчлөлт хийхдээ Бен Алиг Төрийн сайдын зиндаанд аваачсан нь түүний улс төрийн нөлөөг улам бэхжүүллээ. Улмаар оны сүүлчээр түүнийг Ерөнхий сайдаар томилжээ. Тэрбээр Тунис улсаа шударга ёс, хүлээцтэй байдалд тулгуурлан хөгжин цэцэглэсэн, нээлттэй, энхийг эрхэмлэгч нийгэмтэй болгоно хэмээн амлав. Ийнхүү шинэ Ерөнхий сайд албаа хашиж эхлэх үед “Карфагений ордны эзний тааварлахын аргагүй үйлдлээс” болж Тунисийн улс төрийн амьдрал үндсэндээ зогссон байлаа. Зөнөж, өвчинд баригдсан Ерөнхийлөгчийг огцруулах бодол чухам энэ үеэс Бен Алигийн толгойд орж ирсэн бөгөөд Үндсэн хуулийн 57 дугаар заалтыг ашиглах боломжийг Засгийн газрын тэргүүний суудал нь түүнд олгож байв. Уг заалтад “Ерөнхийлөгч нас барсан, эсвэл огцорсон тохиолдолд үүргийг нь Ерөнхий сайд өөртөө хүлээж, таван жил тутам болдог Парламентын сонгууль хүртэл гүйцэтгэнэ гэж өгүүлжээ. Үндсэн хуулиар олгосон энэ боломжийг ашиглан “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ын явцад 1987 оны арваннэгдүгээр сарын 7-нд Бен Али Төрийн тэргүүн болов. Энэ үйлдлийг нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, оюутан залуус, Ираны талыг баримталсан хүчнүүд дэмжлээ.
Бургиба таарамжгүй байсан Арабын хэд хэдэн улстай харилцаагаа хэвийн болгов. 1987 оны арванхоёрдугаар сард Ливитэй, 1988 оны нэгдүгээр сард Египеттэй, 1990 онд Ирантай дипломат харилцаагаа сэргээлээ. Бен Али Ерөнхийлөгч болсны хойтон жил эрх баригч Социалист намд өөрчлөлт хийж, Бургибагийн үеийн хүмүүсээс салж, ардчилах уриан доор нийгмийн янз бүрийн давхаргын төлөөллөөр хүч сэлбэв. 1988 оны долдугаар сард Бен Али шинэ намын анхны их хурлаар дарга нь болжээ. 1989 онд Ерөнхийлөгчийн удирдлагаар эдийн засгийн хөтөлбөр боловсруулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, үндэсний бүтээгдэхүүн экспортлохыг урамшуулах, аль болох олон хүнийг ажилтай болгох зорилт дэвшүүлэв.
2002 онд бүх ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн алба хаших хугацааг гурван удаагийн бүрэн эрхээр хязгаарласан Үндсэн хуулийн заалтыг өөрчилж, Ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 75 хүртэл өндөрсгөв. 2009 оны арванхоёрдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бен Али 90 орчим хувийн санал авч, тав дахь удаагаа Төрийн тэргүүний сэнтийд заларлаа. НҮБ-ын баримтаар бол Бен Али Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн 25 жилд нэг хүнд ногдох үндэсний орлого 10 дахин нэмэгджээ. 1984 онд хүн амын 14 хувь нь ядуурлын дундаж түвшнээс доогуур амьдралтай байсан бол 2010 онд энэ үзүүлэлт 3.8 хувь болж буурсан байв. Хүний дундаж нас үлэмж дээшилж, одоо 74 болжээ. Тунисчүүдийн 21 хувь нь машинтай, 82 хувь нь гэртээ хөргөгчтэй, бараг хүн бүр нь гар утастай болжээ.
2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд эрхэлсэн тодорхой ажилгүй, 26 настай тунис залуу Мохаммед Буазизи өөрийгөө галдав. Ажил хийх боломж байхгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр зах дээр хууль бус арилжаа хийхийг хориглосон нь түүний эл үйлдлийн шалтгаан байлаа. Мохаммед Буазизи удалгүй эмнэлэгт амьсгал хурааснаар олон нийтийг хамарсан эсэргүүцэл, тэмцэл эхэлж, улмаар эвдэн сүйтгэх, хулгайлах, тонон дээрэмдэх үймээн самуун болж хувирав. Армийн зарим анги салбар тангаргаа зөрчин төрийнхөө байгууллагын эсрэг бослоо. Тэмцэл ийн өргөжсөний шалтгааныг нөхөртөө хэмжээгүй нөлөөлөх болсон Бен Алигийн хоёр дахь гэргий Лейла Тарбелси гэж үзэх болсон байна. Лейлагийн талынхан улс орноо удирдахад өргөн оролцох болж, хээл хахууль ч дээд түвшинд хүрчээ. Бен Али 1992 онд анхны гэргий Найма Кефигээс салсан аж. Хоёр дахь гэргий Лейла нь 2000-аад оны дунд үеийн нөлөө бүхий удмаас гаралтай, эндхийн хөрөнгө нөлөөгөөр Тунист толгой цохих болсон байна. Лейла Бен Али гэх энэ эмэгтэй Палестины удирдагч агсан Ясир Арафатын гэргий явсан Сухи Арафаттай 2007 он болтол дотно нөхөрлөж байжээ. Бен Али Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолгүйгээ 2010 онд мэдэгдсэн нь нийгмийн таашаалд нийцэж байтал “Лейла Бен Али нөхрийнхөө оронд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй гэнэ” гэх яриа олны сонорт хүрээд байтал Мохаммед Буазиз амиа хорлож, нийгмийг цочоов.
Бэлтгэсэн: Р.Жаргалант