Хүн төрөлхтний түүхэнд нууцлаг зүйл олон байдаг. Тэдний нэг нь яахын аргагүй массоны түүх. Масон гэж ер нь юу эсвэл хэн юм бэ? Зарим хүмүүс энэ үгийг сонсоогүй ч байж болох. Гэхдээ сүүлийн үед дэлхий даяар массоныг эргэн санах боллоо.
Масон гэдэг нь чулуучин гэсэн утгатай франц үг аж. Христосыг мэндлэхээс өмнөх Х зуунд Соломон хаан Иерусалим хотод сүм бариулахаар Хирам Абифф гэгч агуу мастерыг урьжээ. Хирам Абифф нь наян мянган ажилчин, далан мянган сурагчтай тухайн үеийнхээ шилдэг архитекторч, барилгачин байж. Тэрбээр энд тэндээс шилдэг чулуучдыг цуглуулан сүм барих ажлаа эхлүүлэв. Тэдгээр чулуучид бүгд өөрийн гэсэн мэргэжлийн нууцтай байсан бөгөөд өөр хоорондоо хэнд ч ойлгогдохгүй хэл, дохио зангаагаар харьцдаг байв. Сүм баригдаж дуусахад доод түвшний гурван ажилчин Хирам Абиффаас барилга барих нууцаа хэлэхийг шаарджээ. Хариуд нь мастер “Та нарын ур чадварын түвшин нууцыг мэдэхэд бэлэн биш байна” гэж хариулахад гурван эр хорссондоо түүнийг алх, гурвалжин шугам, гортиг гурваар алсан аж. Чулуучид дунд зууны үед бүр ч их нэр хүндтэй болжээ. Тэд чулуугаар . Тэд чулуугаар сүрлэг том барилгуудыг босгож үнэхээр гайхамшгийг бүтээж байлаа. Чулуучдын ур чадвар геометрийн мэдлэгээс их шалтгаалдаг. Харин геометр нь тухайн үед одон орон судлалын ухаанд тулгуурладаг байв. Өөрсдийн энэ мэдлэг чадварынхаа ачаар дунд зууны үеийн чулуучид тусгай эрх ямба эдлэх аж. Тэд улс орны хилээр чөлөөтэй зорчин, дуртай газраа ажиллаж, өөр хоорондоо өнөөх л бусдад үл ойлгогдох дохио зангаагаар харьцаж, мэндчилсээр байжээ. Тэд ур чадвар, мэргэжлийнхээ нууцыг олонд дэлгэдэггүй зөвхөн үр удамдаа дамжуулан, эсвэл цөөн тооны шавь нартаа өвлөн үлдээдэг байв. Чулуучид тухайн үедээ нэг ёсондоо бүтээн байгуулагчид байсан гэж болно. Тэд зөвхөн сүм дуган бариад зогсохгүй,орд харш ер нь бүхэл бүтэн хот босгож байлаа. Чулуучид бие биенийгээ дэмжиж туслахын тулд нийгэмлэг байгуулсан байна. Орчин үеийн хэллэгээр бол чулуучдын үйлдвэрчний эвлэл юм уу даа. Яваандаа тэрхүү нийгэмлэгт нь ганц чулуучид ч биш харин тухайн үеийн эрдэм мэдлэгтэй, бас нийгэмд нэр нөлөөтэй хүмүүс орох болжээ. Албан ёсны мэдээллээр бол анхны масоны байгууллага XVI зууны үед Европт бий болсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Англичууд Англид анх гэдэг, германчууд Германд гэдэг францчууд Францад гэдэг. Гэхдээ өнөөдөр энэ нь тийм ч чухал биш. Хамгийн сонирхолтой нь энэ байгууллага хэдэн зуун дамжин өөрсдийн дэг,ёс жаяг, тангараг,билэг тэмдгээ хадгалсаар өдийг хүрсэн явдал юм. Хадгалаад зогсохгүй дэлхийн нийтэд хамгийн нөлөө бүхий байгууллага болсон гэх. Гагцхүү өнөөдөр эл байгууллагад нэг ч чулуучин байхгүй. Аливаа зүйл хоёр талтай байдгийн адил масоны түүхэнд ч ялгаагүй сүүдэртэй тал буй.
Өнөөгийн Лондон хотын хамгийн төвд нэгэн сүрлэг барилга оршдог. Энд манай гарагийн хамгийн эртний бас хамгийн нууц байгууллага болох масончууд чуулдаг аж. Энэ байгууллага маш олон лож буюу бүлгэмтэй. Харин Лондонгийн төвд Нэгдсэн их бүлгэм хуралддаг гэнэ. Энэ бүлгэм хэдэн арван мянган гишүүдтэй бөгөөд бусад бүх бүлгэмүүдээ захирдаг аж. Масончууд өөрсдийгөө улс төрд хутгалдах, эрх баригчдын шийдвэрийг хэлэлцэх, нийгмийн тогтолцоог өөрчлөх оролдлого хийх хориотой гэдэг. Тэд зөвхөн эрх тэгш байдал, гэгээрэл, хүний оюун ухааныг дээшлүүлэхийн төлөө л тэмцдэг хэмээн ярина. Хэрэв тийм бол яагаад тэдний эгнээнд дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий бас хамгийн баян хүмүүс байдаг билээ. Янз бүрийн цаг үед масоны гишүүн байсан заримаас нь нэрлэвэл АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоноос авахуулаад бусад 14 ерөнхийлөгч, Английн Ерөнхий сайд асан У.Черчель, Английн ихэнх хаад, Ротари клубийг үндэслэгч Поль Гаррис, Калиостро гүн, гар бууны эцэг гэгдэх С.Кольт, газрын тосны магнат Рокффелер, дэлхийн тэргүүлэгч машины үйлдвэрийн эзэн Г.Форд,Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак гээд нэрлээд байвал барагдашгүй. Эдгээд хүмүүс ганцхан ард олны оюун ухааны дэвшлийн төлөө тэмцэж байсан гэж үү? Эсвэл массоны бүлгэм үнэхээр дэлхийг удирддаг сүүдрийн засгийн газар уу? Хэрэв тийм бол тэд ямар шийдвэр гаргаж, юунд нөлөө үзүүлж чадах юм бол? Бас масончуудын долоовор болон чигчий хуруугаа гозойлгох нууцлаг дохио зангаа юуг илтгэнэ вэ?
Энэ дохио зангаа нь масоны дээдсийн бүлгэмд харьяалагддаг гэдгээ илэрхийлж буй ёсолгоо аж. Энэ ёсолгоог АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг хүү Бушууд, Барак Абама, Хилари Клинтон, Францын Ерөнхийлөгч асан Н.Саркози, Ясир Аррафат, А.Шварцаннигер, ханхүү Вильямс гээд өнөөдрийн дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий улс төрчид, тэргүүн баячууд хийж байна. Хамгийн харамсалтай нь эдгээр хүмүүсийг масон гэдгийг өөрөөр батлах ямар ч арга байхгүй. Масоны дэг,ёс жаяг, тангараг үргэлж нууц байдгийн адил гишүүд хэзээ ч өөрсдийгөө “би масон” гэж ил тод зарладаггүй.Масоны түүх бол АНУ түүх гэж зарим судлаачид үздэг. Их Британийн колоничлолоос ангижран тусгаар тогтнолоо олоход масончууд үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн. Тусгаар тогтнолын тунхгийг бичсэн Жон Адам, Бенжамин Франклин, Томас Жефферсон, Роберт Ливингстон, Рожер Шерман нар болон гарын үсэг зурсан 56 хүний 53 нь масон байжээ. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоноос эхлээд дараа дараачийн ихэнх ерөнхийлөгчид масон байсан гэдэг.
АНУ-ын нийслэл хотод орших тус улсын бэлэг тэмдэг болсон Капитолий, Цагаан ордон, Вашингтоны хөшөө, Пентагон, Линкольн болон Жефферсоны дурсгалын цогцолборуудыг хоорондоо пирамидын хэлбэртэй байршилд барьсан байдаг. Пирамидын дүрс бол масоны хамгийн гол бэлэг тэмдэг юм. Энэ дүрсийг бид дэлхийн ноёрхоод байгаа нэг долларын дэвсгэртээс ч харж болно. Энэ мөнгөн тэмдэгтийн хоёр хажуугаар байх дугуй хэлбэртэй дүрс нь АНУ-ын төрийн тамгын дүрс. Нэгэнд нь бүргэдийг, нөгөө дээр нь пирамидыг дүрсэлсэн байгаа. Бүргэд нь нэг савартаа 13 сум, нөгөөдөө 13 навчтай мөчир атгасан бол, пирамид нь 13 шаттай байх жишээтэй (хэдий 1776 онд батлагдсан Тусгаар тогтнолын тунхагт 13 колони хамрагдсаныг бэлгэдэж дүрсэлсэн байж болох ч масончуудын хувьд эл тоо маш чухал аж. Бидний хувьд зурхайн орд 12 байдаг бол масончууд 13 гэж үздэг. Үнэхээр ч Нар Хилэнц, Нумын ордны хооронд Могойн ордын тодорхой хэсгээр дайран өнгөрдөг ч энэ ордыг зурхайчид тооцолгүй ирсэн түүхтэй). Пирамидын доор “Дэлхийн шинэ журам” хэмээн бичсэн байдаг. Мөн масоны байгууллага 13 шат түвшинтэй аж. Хамгийн дээд 13 дахь түвшинг бүлгэмийн дээд удирдлагуудад л олгодог бөгөөд эл түвшинг АНУ-ын Ерөнхийлөгч асан Рейганд олгосон нь өнөөдөр ил болсон юм.
2012 оны нэгдүгээр сард Парис хотод олныг шуугиулсан нэгэн явдал болов. Францын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван сарын өмнө хуралдсан Францын масоны бүлгэмийн хурал дээр ерөнхийлөгчид нэр дэвшсэн 16 хүний зургаа нь ирж мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Чухам энэ зургаан нэр дэвшигч сонгуульд ялж, Европын хамгийн хүчирхэг эдийн засгийг жолоодох магадлалтай хүмүүс байв. Гэхдээ энд ялах өндөр магадлалтай нэг нэр дэвшигч ирсэнгүй. “Үндэстний фронт” намаас нэр дэвшигч Марин Люпеныг уриагүй ажээ. “Хэрэв уриагүй бол масон бусад нэр дэвшигчидтэй нийлээд түүний эсрэг хөдөлнө гэсэн үг” хэмээн судлаачид үзсэн бол цаашид өрнөсөн үйл явдал тэдний таамгийг баталсан юм. “...өргөсөн тангаргаасаа няцаж,ахан дүүсээсээ урвасан тохиолдолд хоолойг минь огтолж, хэлийг минь угаар тастан, далайн эрэгт булж цээрлүүлэх болтугай”. Энэ бол массоны гишүүн болоход өргөдөг тангарагын хэсэг. Энэхүү тангараг, масоны нууцлаг дэг жаягийн талаар ном хэвлүүлэх гэсэн масоны нэг гишүүн учир битүүлгээр ор сураггүй алга болсон түүх байдаг. Энэ хэрэг 1826 онд Ботали хотод гарсан бөгөөд үүнд масоны бүлгэмийн гишүүд буруутай нь нотлогдсон билээ.Ард олны дургүйцлийг хамгийн их хүргэсэн зүйл гэвэл масончууд хуулийн үнэн мөнийг олоход яаж саад хийж, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлж байгаа явдал байжээ. Энэ үеэс эхлэн масонуудын эсрэг хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн байдаг. АНУ-ын засгийн ихэнх том албан тушаалуудыг эзэгнэж байсан масончууд бүгд халагдаж, ихэнх бүлгэмүүд тарж бутарсан юм.
Аорон Руссо гэдэг судлаач масоны байгууллага дотор орж үзсэн нэгэн. Тэрбээр масончуудын тухай “Эдгээр хүмүүсийн эцсийн зорилго бол дэлхийн засгийн газрыг байгуулах явдал. Тэр засгийн газрыг банкны, эсвэл том компани,корпарацийн эзэд удирдах болно. Дэлхийн бүх хүн амд тусгай бичил төхөөрөмж суулгах бөгөөд тэр төхөөрөмжид тус хүний хэдэн үеийн түүхээс авахуулаад бүх өгөгдөхүүн, бас мөнгө нь байрлах аж. Хүмүүс бэлэн мөнгө биендээ авч явахгүй болно. Засгийн газар дуртай үедээ тэр хүний мөнгөнөөс авч чадна. Хэрэв та энэ тогтолцоонд дургүйцлээ илэрхийлбэл, таныг амь зуух ямар ч мөнгөгүй болгож чадах бөгөөд дэлхийн аль ч өнцөгт нуугдсан олж чадах аж. Энэ бол дэлхийн нийтийг хамарсан хяналт биз дээ. ” гэж нэгэн телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.Харамсалтай нь үнэн худлыг бид мэдэх аргагүй юм. Энэ ярилцлага өгснийхээ нэг сарын дараа Аорон Руссо гэнэт нас барсан юм.
2012 онд Цюрихийн хэсэг эрдэмтэд нэгэн судалгаа явуулсан байдаг. Тэрхүү судалгааны зорилго бол дэлхийг удирдах боломжтой юу гэдгийг тогтоох явдал байлаа. Эрдэмтэд олон улсын хамгийн их орлоготой 43 мянган компанийг сонгон тусгай математикийн загвар гаргаж судалгаагаа явуулсан байна. Энэ загвар цочирдом үр дүн үзүүлжээ. Эдгээр 43 мянган компани бүгд нэгнийгээ нууцаар хянадаг гэж үзүүлжээ. Маш нарийн шигшилт хийсний дараа ердөө 150 маш том компаниуд үлдэж. Нарийн судалсны эцэст эдгээр компаниудын актив хөрөнгө яг л нэг хүний өмч мэт хоорондоо нягт уялдаа холбоотой гэж гарчээ. Энэ бол дэлхийн санхүүгийн 40 хувь нь байв. Тэгэхээр дэлхийн бараг тэн хагас нь нэг байгууллага эсвэл нэг хүний гарт удирдагдаж байна хэмээн ойлгож болох нь. Хамгийн хачирхалтай нь эдгээр 150 компанийн тэмдэгт ихэнхэд нь пирамидын дүрс орсон байлаа. АОL (дэлхийн томоохон медиа компани), Адидас, CBS(телевизийн компани), Tetra pak гээд нэрс урсах аж. Аорон Руссогийн ярьсан зүйл хэдийнээ хэрэгжээд эхэлжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх болжээ. 2005 онд АНУ-д терроризмтой тэмцэх болон цагаачлалын урсгалыг хянах нэрийдлээр иргэний үнэмлэх солих хууль гарсан бол 2008 онд Америкийн иргэн болгон тусгай кодтой үнэмлэхтэй болсон билээ. Тэрхүү кодод үнэмлэхийн эзний бүх өгөгдөхүүн байдаг аж. Энэ бол шилжилтийн үе шат гэж ярьж байна. Хүн төрөлхтөн хаашаа явж, биднийг юу хүлээж байна вэ? Ямар ч байсан амьдрал алга болохгүй байх. Амьдрал байгаа цагт хүний оюун ухаан үгүй болохгүй нь ойлгомжтой. Оюун ухаан байгаа цагт хүн төрөлхтөн сүрэг мал болохгүй биз ээ.