Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүрэг дэх “Скай” худалдааны төвийн гаднах талбайд уламжлал ёсоор зохион байгуулж байна. Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ ханшийг сонирхохоор тийш зорив.
Нийслэлийн Статистикийн газрынхны мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногт зах, худалдааны төвүүдэд нэг кг төмсийг дунджаар 1742, лууванг 2365, байцайг 1763, хүрэн манжинг 3028, сонгино (импорт)-ыг 1662 төгрөгөөр борлуулж байжээ. Зарим томоохон худалдааны төвд нэг кг төмс 2000-2500, “Бөмбөгөр”, “Барс” захад 1700-1800 төгрөгөөр худалдаж байсан юм. Харин дээрх үзэсгэлэн худалдаанд оролцогчид төмсийг кг-ыг нь 800 төгрөг хүртэл хямдруулсан нь улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосноос хойших хамгийн доод үнэ болов. Тодруулбал, хилийн боомтуудыг хааж, импортын бараа, бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор өргөн хэрэглээний хүнсний ногоо, тэр дундаа төмсний үнэ “тэнгэрт хадсан” нь иргэдэд хүнд туссан. Тэгвэл уг өргөтгөсөн худалдаанд төмснөөс гадна эх орны хөрсөнд ургасан сонгиныг кг-ыг нь 2500, байцай 800, лууван 1300-1500, шар манжинг 1500 төгрөгөөр борлуулж буйд иргэд ам сайтай байлаа.
Худалдагч Э.Чингисбаяр “Би Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн. Зүүнхараад өргөн хэрэглээний хүнсний ногоог тариалдаг. Иргэд голдуу төмс, лууван их хэмжээгээр авч байгаа нь ажиглагдсан. Өглөө авчирсан нэг тонн лууван, хоёр тонн төмс 13.00 цаг гэхэд дууссан. Байцай болон өргөст хэмхийг ч их авч байна” гэв. Тэрбээр ах, охины хамт иргэдэд үйлчилж буй ч ажил нь амжихгүй байгаа бололтой, үйлчлүүлэгчид дараалал үүсгэсэн байв. Худалдагч Б.Нармандах “Скай” худалдааны төвийн гаднах талбайд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд жил бүр 30-аад өрх, хоршоо оролцож, тариалсан хүнсний ногоогоо арваннэгдүгээр сар хүртэл борлуулдаг. Одоогоор 10 гаруй өрх хүнсний ногоогоо дэлгээд байна” гэлээ.
Худалдааны асарт цөөнгүй иргэн бага насны хүүхдээ дагуулан иржээ. Тэнд зай, талбай давчуу тул хүүхдээ “Хөдлөлгүй хүлээж байгаарай” гээд үүдэнд үлдээх нэгэн ч таарсан. “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ үед иргэд олон хүн цугласан газраар хүүхдээ аль болох дагуулж явахгүй байх зөвлөмж дагаагүй, худалдан авагчид төлбөрөө хийх гэж олноор дугаарлах зэргээр бөөгнөрөл үүсгэсэн зөрчил мэр сэр ажиглагдав.
Бэлтгэсэн: Б.Лхагва