“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд гарган, тавдугаар сарын 1-нээс хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах болсон. Заасан хугацаанаас хойш гурван сар өнгөрсөн ч ногдол ашгийг олгоогүй байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн лхагва гарагт “Нийт 2.5 сая гаруй хувьцаа эзэмшигчид ногдох мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани төвлөрүүлж чадаагүй гэж болно. Санхүүжилтийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу бүрэн шилжүүлсэн тохиолдолд иргэдэд ногдол ашиг хүртээнэ” гэсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас тайлбарлахдаа “ҮЦТХТ-өөс хамгийн сүүлд бидэнд ирүүлсэн мэдээллээр 1.6 сая иргэн хувьцааны данс нээлгүүлсэн бол 702 000 нь банкны данстайгаа холбуулан, ногдол ашиг хүртэхэд бэлэн болсон гэсэн. Манай компани тус төвийн дансанд 100 тэрбум төгрөг шилжүүлсэн. Дансаа нээлгэсэн иргэдэд мөнгийг нь олгоход асуудалгүй. Анхнаасаа холбогдох байгууллагууд нь дансаа нээлгэсэн иргэдийн тоогоор мөнгийг нь дэс дараатай шилжүүлнэ хэмээн тохиролцсон” гэсэн юм. Тэгвэл ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “300 000 гаруй хүүхэд, НӨАТ-ын буцаан олголт авч буй дансыг тооцвол ногдол ашиг хүртэх эрхтэй хүмүүсийн олонх нь дансаа нээлгүүлсэн. Товчхондоо, хувьцааны данстай иргэдийн тооноос шалтгаалж хүлээлт үүссэн гэдэг нь өрөөсгөл. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани манай дансанд 60 тэрбум төгрөгөөс илүүг шилжүүлээгүй. Ногдол ашгийг тухайн компани бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийнх нь данс руу шилжүүлэх учиртай” хэмээв. Ийнхүү ҮЦТХТ болон “Эрдэнэс Тавантолгой” компани зөрүүтэй байр суурь илэрхийлж, иргэдэд ногдол ашиг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 2.51 сая орчим иргэн эзэмшдэг бөгөөд тэд 199.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэх юм.