Дэлхийн зах зээлд унци алтны ханш 2040 ам.долларт хүрч өсөв. Уг таваарын ханш ийнхүү 2000 “ногоон” давсныг “Bloomberg” агентлаг өчигдөр онцоллоо. Цар тахал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, улс төрийн эрсдэл нэмэгдсэн, ам.долларын ханш суларч буй зэрэг нь үүнд нөлөөлснийг шинжээчид тодотгожээ. Төвбанкууд бодлогын хүүгээ бууруулсан, найдвартайд тооцогддог тул эрэлт нь нэмэгдсэн зэргээс шалтгаалж энэ он гарснаас хойш бараг 35 хувиар нэмэгдсэн шар металлын ханш цаашид ч дээшлэх төлөвтэйг эдийн засагчид дурдсан хэмээн “Re¬uters” агентлаг уламжиллаа. “Goldman sachs”-ынхны үзэж буйгаар унци алтны ханш 2300 “ногоон”-д хүрч магадгүй гэнэ. Сонирхуулахад, 1980 оны нэгдүгээр сард унци алтны үнэ 2246 ам.долларт хүрч байсан нь түүхэн дээд түвшинд тооцогддог аж.
Ташрамд дурдахад, Монголбанк өнгөрсөн сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр 2020 он гарснаас хойш нийт 13 тонныг худалдан авсан дүн гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.5 тонноор илүү үзүүлэлт аж. Дээрх 13 тонн үнэт металлын 11.3 нь алт, 1.7 нь цагаан мөнгө гэнэ. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81.7, Баянхонгор аймаг дахь салбар нь 169 кг үнэт металл худалдан авчээ. Тус банк энэ хугацаанд нэг грамм алтыг 160-178 мянган төгрөгөөр худалдан авсныг графикаас харж болохоор байна. Дотоодын зах зээлд алтан эдлэлийн үнэ өсөж байгааг худалдан авагчид хэлж буй юм.