Хүүхдийг Ивээх Сан 2020 оны 7 сард Улаанбаатар хот, Дорнод, Архангай аймгийн 1000 эцэг эх, асран хамгаалагчдаас хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, хандлага, зан төлөвийн судалгааг авахад 25% нь маргалдаж буй шалтгаанаа өрхийн санхүүгийн байдал, хүүхдийн хүмүүжил 18%, гэр бүл дэхь ажил үүргийн хуваарилалттай холбоотой гэж 12% нь хариулжээ. Нийт эцэг эхчүүдийн 44% нь гэр бүлийн зөрчил маргаан гарсан үед хүүхдүүддээ аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг гэсэн үр дүн гарчээ. 3-5 хүртлэх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудал нь зөрүүдлэх, өөрийнхөө дураар аашлах асуудал хамгийн их буюу 17% байна. 6-10 хүртлэх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудал нь гэрийн даалгавар хийлгэх 18%, утас, компьютер тоглоомын хэрэглээг хязгаарлах 18% гэж хариулсан бол 11-14 хүртлэх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудал нь утас, компьютер тоглоомын хэрэглээг хязгаарлах 20%, харилцан ярилцаж ойлголцох явдал 14% гэжээ. Хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд түүнд бие махбодын шийтгэл оногдуулах, айлган сүрдүүлж болно гэдэгтэй хэр санал нийлж байгаа эсэхийг асуухад Улаанбаатар хотод судалгаанд оролцогч нийт эцэг эхчүүдийн 35% нь ямар нэг байдлаар санал нийлж байна гэсэн бол энэ дүн Архангай аймагт 52%, Дорнод аймагт 58%тай байлаа. Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.
-ЭЦЭГ ЭХЧҮҮД МААНЬ ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ ИХЭВЧЛЭН ЯМАР АЛДАА ГАРГАДАГ ВЭ?
-Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн гаргадаг алдааг ерөнхийлөн авч үзэхэд өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлийг хүүхдэд шууд тулгах явдал байдаг л даа. Энэ нь хүүхдийг өөрийнхөө “өмч” мэт үзэх явдлаас үүддэг. Хүүхдийг хүндэлнэ гэдэг ойлголт, хүний эрхийн соёл төдийлөн далайцтай бий болоогүй байна. Хүүхдийг хүндэлдэггүй учраас үнэлдэггүй, үнэлдэггүй учраас үл ойшоодог. Улмаар хүүхдийг өөрийн давуу байдлаа ашиглан дээрэлхдэг, айлгадаг, ичээдэг, үг хэлээрээ гутаадаг, хүүхдийн бие махбодыг өвтгөн хүч хэрэглэдэг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой хүн гэж үздэггүй, хүүхдийн нэр төр хийгээд эрхэм чанарыг нь хүндэлдэггүй, хүүхдийн хувийн орон зайг нь үгүй хийдэг, хүүхдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг, ашиглах гэдэг. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүмүүсийн алдаа нь дээр хэлсэнчлэн өөрийнхөө байр суурийг хүүхдэд тулгахдаа хүчирхийллийн элемент бүхий үг хэлээр үйлдлээр хүргэдэг. Ойлгуулан дадуулж, зөвлөн туслалгүй, буруутган хүүхдээс ямарваа биелэлт шаарддаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл маш өргөн агуулгатай. Хүүхдийг өөрийнхөө өмч, бас сэтгэлээ хангах тоглоом мэт үздэг, хүүхдийг өөрийнхөө хуулбар эсвэл үргэлжлэл байлгахыг хүсдэг, өөрийн чадаагүйг чадагч байлгахаар хүчилдэг, авир хандлага ч хүчирхийллийн хэлбэр болдог. Бид энэ сэдвээр зөвлөхдөө зөвхөн эцэг эхтэй хүүхдийн тухайд биш асрамж халамжийн төвд амьдарч байгаа, эмээ өвөө дээрээ өсч байгаа, айлд өсч байгаа бүх л хүүхдүүдээ бодож, насанд хүрэгчдийг хүүхдийн дэргэд зөв хүн байж, үргэлж хайраар үлгэрлээсэй гэж уриалж байна.
-БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗӨРҮҮДЛЭХ, ӨӨРИЙНХӨӨ ДУРААР ААШЛАХ, ХҮССЭН БҮХНЭЭ АВАХ ГЭЖ УЙЛАХ, УУРЛАХ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ БАЙДАГ. ЗӨРҮҮДЛЭЭД БАЙГАА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?
-Зөрүүдлэлт бол хүний сэтгэл мэдрэмжийн нэг л илэрхийлэл. Зөвхөн хүүхдэд илэрдэггүй, бүх л хүнд илэрдэг. Үүний тулд эхлээд хүүхэд яагаад зөрөх болов гэдгийг бодож үзэх хэрэгтэй л дээ. Тэр хүүхдийн санаанд таарахгүй шийдэл байгаад байна гэсэн үг. Өөрийнх нь санааг ойлгоогүйгээр өөрийгөө тулгаад байх харилцаа давтагдаад ирэхээр хүүхэд буцаагаад өөрийгөө мөн адил тулгадаг тал байдаг. Хүмүүжлийн эерэг аргын хамгийн чухал өнцөг бол хүүхдэд одоо болон ирээдүйд нь таагүй үр дагавар үүсгэж болохуйц авир гаргахад нь түр “гал унтрааж бууж өгөн” алсдаа даамжруулах биш, үйлдэл дээр нь засах, бодох ойлгох боломж олгон, хайраа мэдрүүлсэн энгийн үйлдлүүдийг хийхийг чухалчилдаг. Тухайлбал, хүүхдээ сонсох, эсвэл илж тэврэн “Тайвшрахаар нь ярилцая” гэх юм уу, эерэг үйлдлийг нь дэмжиж анхаарлыг нь өөр сэдэвт хандуулах, зогсохгүй байвал хүүхдэд бодох, өөртөө хүлээх цаг өгөх, тайвширсан цагт нь болсон явдлыг ярилцах яагаад буруу байсныг заавал тайван ярилцаж хэлж ойлгуулаарай. Эцэг эх, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид маань шууд буруу гэхийн оронд ямар үйлдэл яагаад буруу байдгийг хэлж ойлгуулалгүй шууд “болохгүй” гэж тулгадаг нь мэдээж хүүхдэд “яагаад” гэдэг асуулт хариултгүй үлдэж, туршиж үзэх, зөрөх нэг шалтгаан үлдээдэг. Зөрүүдэлнэ гэдэг эцэг эхээс хайр, ухаан, тэвчээр шаарддаг хүүхдийн эрүүл хариу үйлдэл бөгөөд энэ нь эцэг эхчүүдэд хүүхдэд өөрийгөө болон хүмүүсийн харилцааны тухай бодуулах боломж өгдөг.
-ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ ААВ ЭЭЖҮҮД ИХЭВЧЛЭН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ОЙЛГОЛЦОХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ ГЭСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ГАРСАН ГЭЖ ХЭЛЛЭЭ. ТЭГВЭЛ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ? ЭНЭ ТАЛ ДЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ ҮҮ.
-Өсвөр насны хүүхэд хүмүүжүүлэх хэцүү байгаа нь үндсэн 3 шалтгаантай: Хүүхдийн бие физиологи, гормоны өөрчлөлттэй холбоотой, Хүүхдэд багаас нь сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх тайван орчин бүрдсэн байсан эсэхтэй холбоотой, Эцэг эхийн харилцааны арга барилтай шууд холбоотой. Өсвөр нас бол өөрийгөө ойлгох, сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх, цаашид хүмүүсийн дунд зөв бие дааж амьдрах, нийгэмд хүмүүстэй харьцах суурь тавигддаг маш чухал зурвас үе. Шилжилтийн нас хүртлээ эцэг эхээ харж үйлдлийг нь шууд тусгаж хөгждөг бол энэ насанд үг үйлдлийн зөрүүг хараад итгэл алддаг, зөрчилддөг, үлгэрлэл, хүндлэл өөрчлөгддөг. Хүмүүжлийн эерэг аргын хүрээнд эцэг эх өөрөө зөв үйлдлээрээ үлгэрлэхийг, хүүхдэдээ тайлбарлахыг авч үздэг. Энэ насанд мэдрэмж ба мөн чанарын ялгааг хэрхэн танихыг ойлгуулах маш чухал байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргах биш, сэтгэлийнхээ мэдрэмжийг илэрхийлж тайвширч чаддаг хүн болоход нь туслах хэрэгтэй. Харин мэдрэмжээ илэрхийлэхдээ бусдыг шархлуулж болохгүйг зааж өгөх гэхчлэн ирээдүйд хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг хүн болох эхний гарааг тавьж өгөх жишээтэй. Хайрлаж халамжлах, анхаарал тавихыг ердөө хорьж цагдах, хязгаарлах зэргээр уламжлалт ойлголт болгохоос зайлсхийх нь орчин үеийн шаардлага болсоор байна. Хүүхэд өсвөр насанд хүрэхэд анхаарал тавихыгаа хувийн орон зайгүй болгож, эрх чөлөөнд нь хүндэтгэлгүй хандах байдалтай хутгаж болохгүй. Хүүхдийг амьдралыг хайрладаг, аав ээждээ хайртай, бусад хүнийг ямар ч ялгаварлал болзолгүй хүндэлдэг хүн болгож өсгөхийг зөвлөж байна. Үүний тулд хүний зөв, шударга зам мөртэй ээж, аав байгаарай. Суурь болон хөгжлийн хэрэгцээг нь чанартайгаар хангангаа бусад хэрэгцээнд тодорхой хязгаарыг мэдрүүлж, "Үгүй" гэдэг хариултанд барьц алдахгүй болгон дасгаж өсгө. Амьдралд чинь тулгарч байгаа (алсдаа хүүхдэд чинь ч тулгарч болох) асуудлыг нуухгүй ч хүний амьдралд баяр баясгаланг мэдрэх зүйл хязгааргүй олон байдгийг ойлгоход нь туслаарай. Дарамтанд амьдарч, сурч, хүмүүжиж ирсэн хүүхэд том болоод өөртөө биш зөвхөн "бусдад таалагдаж" амьдрахыг хүсдэг нэгэн болж хувирдгийг санаарай. Үл хайхрагдан, өөрөө тэмцэж өссөн хүн мэдэгддэг, ямар ч аргаар хамаагүй өөрт нь ач холбогдолгүй зүйлд хүртэл бусдаас тод харагдахыг үргэлж хичээж, жижиг ч хамаагүй зүйлээр илүү гарах гэж махарсан хүн болдог. Зодуулж өссөн хүн наанадаж итгэлгүй, өөрийнхөө төлөө шийдвэр гаргахдаа айдаг хүн болдог. Гэтэл эцэг эхчүүд бидний гол хүсч байгаа зүйл бол үр хүүхдийн минь аз жаргал шүү дээ.
-ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮҮХДЭД ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?
-Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцод хүүхдийн хөгжлийг цогц, нийцтэй байлгахын тулд тэд аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хайр халамж, гэр бүл дэх дотносол нь хүүхдийг нийгэмд зүй ёсоор оролцуулахад буюу нийгэмшүүлэхэд гол хүчин зүйл болдог. Дотносолгүй өссөн хүүхдүүд хожим харилцааны хүндрэлтэй болж, зан чанарт гүнзгий өөрчлөлт гардаг талаар судалсан эрдэмтдийн судалгаанаас үзвэл, хүүхдийн ирээдүйн сайн сайхан байдалд бага насан дахь сэтгэлийн тогтвортой дотносолт чухал. Хүүхэд өөрийгөө бие хүн шүү гэдгээ ухамсарлах шалтгаан нь өөрийгөө бусдын анхааралд байна гэдгээ мэдрэх явдал юм. Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг зан үйл, дадал нь тэдэнд ямар ч нөхцөл байдалд сэтгэлийн хөдлөл, үйлдлээ зөв удирдаж, зөрчлийг даван туулах чадвар олгохоос гадна өөрийгөө хүндэтгэх үзэл, бие болон сэтгэлзүйн нэгдмэл байдал, эрхэм чанараа дээдэлсэн бие хүн болж төлөвшихөд дэмжлэг болдог. Зодож шийтгэвэл хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин суларч суралцах чадвар буурдаг. Амжилттай суралцаж тогтооход сэтгэл хөдлөл шийдвэрлэх үүрэгтэй байдаг гэж судлаачид бичжээ. Учир нь ямар сэтгэл хөдлөлийг сурах зүйлийн агуулгатай холбосон байна вэ, түүнээс шалтгаалан мэдрэлийн өөр өөр системүүд хөдөлгөөнд ордог байна. Айсан үед тархины үйл ажиллагаанд лимбийн системд багтах Amygdala хэмээх жижигхэн хэсэгт шууд нөлөөлснөөр тархины бүх үйл ажиллагаа зөвхөн тэр айх болсон шалтгааныг зайлуулахад чиглэдэг байна. Өөрөөр хэлбэл сайн сурахгүй бол зодуулна гэж хүүхэд айж байвал тархи сурах мэдэх биш харин зодуулахгүй байх гэж хамгийн энгийн системээр ажиллаж эхэлнэ. Аливааг сэтгэн бодох ургуулах гэх мэт үйлдлүүд хийгдэхгүй гэсэн үг. Зодож шийтгэснээр буруу үйлдлийг хүүхдэд ойлгуулж байгаа мэт боловч яавал зөв болохыг ойлгуулж чадахгүй тул энэ бол хүмүүжлийн арга ердөө ч биш юм. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд аливаа зүйлийг хүч хэрэглэн шийдэж болдог юм байна гэж ойлгодог. Улмаар хүч хэрэглэж аливаа зүйлийг шийдэх нь хэвийн зүйл гэж үзэх хандлагатай болдог. Зодох нь хүүхдийг бусдыг өрөвдөх сэтгэлгүй болгож, аливаа зүйлийн мөн чанарыг ухах чадварыг хязгаарладаг. Зодох нь уураа гаргах боломжтой хэлбэр гэж хүүхдэд зааж өгч байгаа хэрэг. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд дахин зодуулах вий гэж айх, амархан цочимтгой болох зэргээр сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй болдог байна. Зодож шийтгэснээр хүүхдийн дархлаа муудаж, өвчинд өртөмтгий болдог. Багадаа цохиулж байсан хүн хавдар, зүрх, амьсгалын замын өвчнөөр эрт нас бардаг байна. Зодуулж шийтгүүлдэг хүүхэд том болоод ээж, аав болохдоо мөн л хүүхдээ зоддог хүн болдог тул үр ачдаа ч бас хор нөлөө учруулж буй хэрэг тул ЭЦЭГ ЭХ, БАГШ НАР ХҮҮХЭД ЗОДОЖ, ЦОХИЖ ЕР БОЛОХГҮЙ, БАС ХҮҮХДҮҮД НЭГ НЭГНЭЭ ЦОХИХЫГ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ, БОЛИУЛАХ ЁСТОЙ. Сахилга батыг шийтгэлтэй хольж хутган ойлгож байгаа багш нар ч нэлээд байдаг. Сахилга бат нь өөрийн зан үйлээ ойлгох, хянах, үйлдлийнхээ хариуцлагыг ухамсарлах, өөрсдийгөө болон бусдыг хүндэтгэдэг болгох буюу суралцагчдын зан үйлийг ХЯНАХ БУС ХӨГЖҮҮЛЭХ зорилготойг санаарай.
-ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭЭД БАЙГАА ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ВЭ?
-Хүүхдийн эрх манай улсад бүх орчинд хуулиар хамгаалагдсан. Хүүхдийн эсрэг ямар ч хүчирхийллийг зөвтгөх аргагүй. Монгол Улсад дотоодын хуулийн нэгэн адил үйлчлэх хүчин чадалтай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг шийтгэл хэрэглэхийг бүрэн хориглосон бөгөөд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг. Монгол Улс хуулиндаа эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэнэ хэмээн зааж өгсөн. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь зөв гэж үзэх нь, шийтгэл хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хүүхэд бол улс үндэстний хамгаас хайрлан хамгаалах учиртай иргэн учраас Үндсэн хуулийн заалтын дагуу хүүхдийн эрх ашгийг төр хамгаалж, шаардлагатай бол эцэг эхээс нь ч хамгаалдаг юм.
-ХАЙРААР ҮЛГЭРЛЭЕ АЯНЫ ТАЛААР БИДЭНТЭЙ ХУВААЛЦАНА УУ.
-Монгол Улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн томоохон түнш байгууллага болох Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЖАЙКА-гийн санхүүжилтээр бид ХНХЯ, ГБХЗХГ-тай хамтран “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж тогтолцооны хамгийн анхан шатны нэгжээс эхлэн системтэй чадавхжуулж ажиллаж байна. Амьдрал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл, сүрдүүлгийг хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж Хүүхдийг Ивээх Сангаас санаачлан, 2020 оны долдугаар сарын 10-наас “Хайраар үлгэрлэе” аяныг зохион байгуулж байна. Өдөр бүр хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандаж насанд тохируулж харилцах, хүүхэдтэй тантай адил эрхтэй, ижил үнэ цэнтэй хүн гэдэг талаас нь харилцах хэрэгтэй. Хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгох, үүнийг тасралтгүй түгээснээр одоо болон ирээдүйд бид хүчирхийллийг таслан зогсоох боломжтой. Хүүхдэд амьдралын аливаа үзэгдэл, зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Асуудлыг шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь хүүхдэд бий болох ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Ямар ч асуудалгүй аз жаргалтай байгаасай гэж хүсэхээс илүү, ямар ч асуудал тулгарсан түүнээс айдаггүй, шийдэж чадна гэдэгтээ итгэдэг хүн байхад чиглүүлээрэй. Та өөрөө асуудалд яаж ханддаг вэ. Уурлаж бухимддаг уу, эсвэл тайвнаар шийдэхийг оролддог уу. Та хүүхдэдээ тулгарсан жижигхэн асуудлыг урдуур нь ороод шийдчихдэг үү. Эсвэл хамтдаа ярилцаж, яаж шийдэж болохыг тайлбарладаг уу. Та түүнд алдаа гаргаж түүнээсээ суралцах, алдаагаа засах боломж олгодог уу гэдэг тухай юм. Хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр насны онцлог, зан араншингийн онцлогийг ойлгож, элэгсэг хандаж, аливааг тайлбарлаж таниулж харилцдаг бол та хүмүүжлийн эерэг арга хэрэглэж байна гэсэн үг.