ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид дөрөв дэх жилдээ “гэрийн хорионд” байна. Зарим нь олон улсын тэмцээнд дундын далбаан дор оролцож байгаа бол олонход нь ийм эрх байхгүй. Тиймээс иргэншлээ солих яриа тэдний дунд сүүлийн хэдэн жилд идэвхтэй өрнөсөөр буй. Магадгүй энэ талаар бодоогүй ирээдүйтэй, авьяаслаг орос тамирчин нэг ч байхгүй биз ээ. Өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжоо алдсан учраас тэд юуны төлөө бэлтгэл хийх болж байна вэ? Улмаар цар тахал тэдний найдварыг улам багасгаж орхив.
Гэхдээ 2020 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал олон тамирчны тэвчээрийг эцэст нь тулгаж орхив бололтой. Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо (ВФЛА) Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд (WA) төлөх ёстой торгуулиа төлөөгүйн улмаас байдал илүү хурцдав. Үхсэн амьдын хооронд байгаа ВФЛА-ийн олон улсаас бүрмөсөн тусгаарлагдах аюулд орлоо. Хэдийгээр ийм явдал болоод олон хоноогүй ч үүнээс гарч болох айхавтар үр дагаврын талаар яриа чих дэлсэж эхэлсэн байна.
Тухайлбал, тулгууртай харайлтын дэлхийн хамгийн ирээдүйтэй тамирчдын нэг, өнгөрсөн өвөл А.Дюплантисын дээд амжилтыг (өдгөө насанд хүрэгчдийн дээд амжилтыг эзэмшиж буй-6.18 метр) эвдсэн Матвей Волков өөр улсын төлөө “хүчин зүтгэх” шийдвэр гаргажээ. Түүнд аль хэдийн тодорхой саналууд ирсэн гэнэ. Энэ талаар М.Волковын аав, 1980 оны олимпын мөнгөн медальт, 1983 оны дэлхийн дэд аварга Константинтай “Спорт экспресс” сонины сэтгүүлч ярилцжээ.
-Тамирчин иргэншлээ солих нь тийм ч амар асуудлын нэг биш шүү дээ.
-Тийм ээ. WA энэ талаарх журмаа их чангатгасан. Дундын статусаар оролцох талаар бүхэл бүтэн заалт оруулсан. Тиймээс байдал өмнөхөөс их өөрчлөгдөөд байна. Өнөөгийн дүрмээр тухайн улсад төрсөн, эсэхэд үндэслэж спортын иргэншил олгох болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард журмыг улам чангатгаж, эцэг эхийн хэн нэг нь тухайн тамирчны төлөөлөх улсад төрсөн байх ёстой гэсэн заалт орууллаа. Ингэснээр тамирчдын хувьд эх орноо солих нь бараг л боломжгүй болов. Матвейн эцэх эх, хоёул Орост төрсөн. Түүнд өөр улс иргэншлээ өгсөн ч WA үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр.
Гэхдээ би дүрэм, журмыг нь сайтар судалж үзсэн. Зарим онцгой тохиолдолд WA тухайн тамирчны асуудлыг тусгайлан авч үзэж, хэлэлцэх заалт бий. Хоёрдугаар хувилбар бол улсыг нь WA-аас бүрмөсөн хассан тохиолдолд тэр улсын бүх тамирчин “чөлөөт уран бүтээлч” болж хувирна. Ингэвэл хүссэн улсынхаа иргэн болж болно.
-Онолын хувьд ВФЛА энэ сарын сүүлчээр ийм байдалд орох боломжтой байх аа?
-Долдугаар сард манай улсыг хасахгүй нь ойлгомжтой. 2021 оны нэгдүгээр сард болох WA-ийн чуулганаар л шийдвэр гаргана.
-Матвей юу хийж байна вэ?
-Иргэншлээ солих хүсэлтийг нь онцгой тохиолдол гэж хүлээн авч, шийдвэрлэхийг хүссэн захиаг WA-д илгээсэн. Нөхцөл байдал үнэхээр стандарт бус, онцгойд тооцогдвол бидний хүсэлтийг авч хэлэлцэх байх. Эрх мэдэлтнүүдийн тэнэг үйлдлээс болж хүү минь тамирчны хувьд ялгаварлан гадуурхагдсан байдалд байхыг би хүсэхгүй.
-Аль улсын иргэн болохоор төлөвлөж байгаа бол?
-Сонирхсон улс бий. Гэхдээ WA-аас хариу ирээгүй учраас нэрлэмээргүй байна.
-Матвейн жишээг дагах гэж байгаа өөр тамирчны талаар мэдэх үү?
-Миний мэдэхээр топ түвшний өөр нэг тамирчин бий. Мөн л WA луу хүсэлтээ явуулсан. Нэрийг нь би мэдээж хэлэхгүй, хүсвэл тэр хүн өөрөө хэлэх байх.
-Эх орондоо үнэнч биш байна гэж та нарыг буруутгах хүн захаас аваад гарч ирнэ дээ.
-Тэгэх нь тэнэг хэрэг. Хэрэв холбоо, улс нь тамирчнаа олон улсын тэмцээнд оролцох боломж олгохгүй бол үүнийг эх оронч үзэл гэх үү? Улсаа орхих бодол огт төрөхөөргүй нөхцөл байгаа бол өөр хэрэг.
ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ?
А.Кузьмина Словакийн иргэн болж, улмаар дэлхийн биатлоны супер од болсонд оросууд одоо хүртэл харамсаж байгаа. Ирээдүйгүй, жирийн тамирчин гээд тоолгүй явуулсан ч Анастасия өдгөө олимпын гурван алтан медальтай мундаг тамирчин болжээ. Одоо тэгвэл М.Волков өөр улсын иргэн болоод “Токио-2021” наадамд аваргалвал юу болохыг төсөөлөгтүн.
Түүнээс гадна ирэх жилийн олимпод С.Шубенков, М.Ласицкене, А.Сидорова нарын шилдэг тамирчид өөр улсын өмнөөс оролцож ч магадгүй юм. Яагаад гэвэл дэлхийн аварга эл гурван тамирчны хоёрт нь өөр улсаас албан ёсны санал ирсэн аж.
Бэлтгэсэн: Н.Энхбаяр