Хан-Уул дүүргийн III хороонд байрлалтай 200 гаруй ам метр талбайтай оффисыг 30 орчим иргэн түрээсэлдэг юм байна. Долоо хоногийн аль ч өдөр, хэдэн ч цагаар ажиллах боломжтой уг оффисын түрээсийн төлбөрт нэг хүн, нэг сард 250 000 төгрөг өгдөг гэнэ. Эл төлбөрт интернэт, цахилгаан, ус, цэвэрлэгээ зэрэг үндсэн зардлаа багтаажээ. Барагцаалбал нэг түрээслэгчид 5-6 ам метр талбай ногддог бөгөөд дундаа цайны болон ариун цэврийн өрөө ашиглах журамтай. Уг оффисыг түрээслүүлэгч аж ахуйн нэгж нь үйлчлүүлэгчид нь ямар бизнес эрхэлдгээс шалтгаалж тухайн чиглэлийн хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчидтэй холбож өгөхийг эрмэлзэн, сургалт зохион байгуулж, судалгаа хийж өгдгөөрөө давуу тал болдог аж. Дундын оффис ажиллуулж, гарааны бизнесүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлж буй Д.Ганхөлөг “Улаанбаатарт оффисын нэг сарын түрээсийн өртөг байршлаасаа хамаарч ам метр нь 20 000-100 000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. 2-3 ажилтантай, жижиг аж ахуйн нэгж 50 ам метр талбай түрээслэхэд нэг сард багадаа нэг сая төгрөг төлнө. Мөн цахилгаан, дулааны зардал, цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтны цалинг багтаавал түүнээс ч өндөр гарах магадлалтай. Хэрэв гурван хүн дундын оффист буюу манай энд суувал бүх зардлаа багтаан 750 000 төгрөг болно. Мөн бид байраа томоор нь түрээслүүлэх хүн хайж цаг алдсанаас хэсэгчлэн түрээслүүлбэл ашигтайг анзаарсан. Цаашид манай компани барилгаа бүхэлд нь дундын оффис, хурал, сургалтын танхимын зориулалтаар ашиглахаар төлөвлөж буй.
Таван давхар, 1200 гаруй ам метр талбайтай” хэмээн ярив. Тэгвэл Баянгол дүүргийн XVIII хороонд гурван давхар 600 орчим ам метр талбай бүхий байшин бий. Үүнийг 50-100 ам метр хэмжээтэй албан тасалгаанд хуваан иргэд, аж ахуйн нэгжүүдэд дундын эзэмшлийн байдлаар түрээслүүлэхээр төлөвлөжээ. Давхар бүртээ 1-2 ариун цэврийн болон цайны өрөөтэй бөгөөд хөргөгч, богино долгионы зуух, агаар цэвэршүүлэгч зэргээр хангах юм байна. Нэг хүн нэг сард 250 000 төгрөг төлөх бөгөөд нээлтийн урамшуулал зарласан тул энэ оныг дуустал 200 000-аар түрээслэх боломжтой гэв. Уг барилгад ажиллах гэрээ байгуулсан М.Оюунцэцэг “Би нотариатч хийдэг. Урд нь энэ байшингийн замын эсрэг талд сарын 400 000-аар 40 орчим ам метр талбайтай байр түрээслэн ажиллаж байв. Дундын офисст суух нь зардлаа хэмнэх төдийгүй олон хүнтэй орчинд ажиллах нь үйлчлүүлэгч нэмэгдэхэд нөлөөлөх байх” гэв. Үүнээс гадна хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн V хороонд хоёр айлын орон сууцыг нийлүүлж, 120 ам метр талбай гарган, гадаадын компанид ажилладаг монголчуудад зориулсан шөнө ашиглах боломжтой дундын албан тасалгаа нээжээ. Цагийн зөрүүнээс шалтгаалж заавал шөнө ажилладаг иргэдэд зориулсан уг оффист нэг хүн, нэг сард 200 000 төгрөг төлдөг юм байна. Тус байранд албан тасалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулж, 6-7 ширээнд компьютер тавьсан байв. Түрээслэгч нь 21.00-10.00 хооронд ажиллах боломжтой гэнэ.
Иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан дундын албан тасалгаа ийнхүү цөөн тоотой боловч үүд хаалгаа нээжээ. Харин оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх зар тавьсан шинэ барилга, байгууламжууд энд тэндгүй байна. Баянгол дүүргийн XIX хороонд албан тасалгаа, худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулсан 12 давхар барилгын нээлтийг хийсэн юм. Тус барилгад албан тасалгааны зориулалтаар өрөө түрээсэлбэл нэг ам метрийнх нь үнэ, давхар болон тохижилтоосоо шалтгаалж нэг сард 30 000-60 000, лангуу ажиллуулбал 20 000-50 000 төгрөг байх аж. Тус барилгыг ашиглалтад оруулаад хоёр сарын хугацаа өнгөрч буй ч түрээсийн гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо цөөн байгааг менежер М.Одмандах нь хэлж байв. Тэрбээр “Манайхыг ашиглалтад оруулснаас хойш шинээр бизнес эрхлэн оффист суух, лангуу түрээслэх иргэн, аж ахуйн нэгж цөөхөн хандлаа. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан гэрээт борлуулагч, сүлжээ дэлгүүр зэрэг ганц хоёр байгууллага л салбараа нээсэн. Бид оффисын зориулалттай талбайгаа иргэд, аж ахуйн нэгжүүд дундаа ашиглах байдлаар түрээслүүлэх боломжтой, эсэхийг судалж байна. Сул байлгаснаас хямд үнээр ч хамаагүй түрээслүүлэх нь зөв байх” гэлээ.
Сүүлийн жилүүдэд гэртээ болон орон сууцын барилгад ажил эрхэлдэг иргэдийн тоо өссөн. Томоохон оффис худалдан авах, эсвэл түрээслэхгүйгээр гол төлөв орон сууцыг засварлан ажиллагсадын тоонд хэвлэлийн болон орчуулгын компани, нягтлан бодох бүртгэлийнхэн, татварын тайлан гаргагчид, хуулийн зөвлөгөө өгдөг иргэн, хамт олныг багтааж болох юм. Тэд ажлын бүтээмжээ сайжруулах, олон нийттэй харилцах харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор дундын оффист суух сонирхолтой болсон төдийгүй тухайн газар нь хурлын танхим, спортын зарим хэрэгслээр тохижуулсан тасалгаа, амралтын өрөөтэй байвал давуу тал болох боломжтойг “Re¬max” үл хөдлөх хөрөнгө зуучийн нэгэн агент дурдсан юм. Мөн коронавирусийн тархалт болон бусад шалтгаанаар оюутан, сурагчид дотоод, гадаадын сургуулиудад онлайнаар суралцах магадлал өсөж буй. Ийм үед цөөн хүн хичээллэх дундын анги танхим, давтлага хийх боломжтой өрөө тасалгааны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн менежментийн багийнхан албан тасалгааны зориулалтаар ашиглуулах боломжтой талбайгаа аль болох олон хүнд, хямд үнээр түрээслүүлэхээр төлөвлөн, зохион байгуулбал алдагдал хүлээхгүй байх боломжтойг дурдах хүн цөөнгүй. Үүнээс гадна нотариатч, хуулийн фирмийнхэн, орчуулгын товчоо, хэвлэлийн жижиг компани зэрэг ном, бичиг хэргийн материал их ашигладаг бизнес эрхлэгчдэд зориулсан агуулахын эрэлт их байгаа аж. Хэвлэлийн нэгэн компанийн үүсгэн байгуулагч Б “Манайх улиралд 1-2 ном орчуулж эрхлэн гаргаад цөөнгүй жил болсон. Шинэ, хуучин ном, бичиг цаасаа агуулах газар олдохгүй юм. Шаардлагатай үед хэрэгтэй материалаа очиж авч, хадгалж болдог, багтаамж ихтэй, тоос шороогүй, чийггүй, гэрэл гэгээ сайтай агуулахын эзэдтэй урт хугацаанд хамтарч ажиллахад бэлэн. Ер нь ном, хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч цөөнгүй хүн, хамт олонд ийм агуулах хэрэгтэй, Улаанбаатарт одоогоор байдаггүй” гэв.
Нийслэлд орон сууцын үнэ бага зэрэг буурах хандлагатай байгаа аж. Тодруулбал, коронавирусийн нөлөөгөөр маш олон бизнесийн үйл ажиллагаа доголдон, зарим аж ахуйн нэгж үүдээ барьж буй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн ашиглалтад оруулсан бэлэн орон сууцын үнэ 5-10 хувиар хямдарсан байна. Цаашид эдийн засаг богино хугацаанд сэргэхгүй бол дундаж зэрэглэлийн орон сууцын үнэ илүү буурах төлөвтэйг “Тэнхлэг зууч” болон бусад компанийн мэдээлэлд дурджээ. Ашиглалтад оруулсан, борлуулалтыг нь эхлүүлсэн төслүүдийн хувьд ийнхүү барилгынхаа үнийг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Харин хил, гаалийн хорио цээрийн дэглэм тогтоон, барилгын материалын нийлүүлэлт хомсдож, цемент, бусад бараа, материалын үнэ өссөнтэй холбоотойгоор ашиглалтад оруулаагүй, ажил нь явагдаж байгаа төслүүдийн өртөг нь нэмэгдэн, борлуулалтын ханшаа буулгах хандлага ажиглагдахгүй байгааг мэргэжилтнүүд дурдлаа.
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд орон сууцаа хурдан хугацаанд эргэлтэд оруулах зорилгоор хувь лизинг, бартер зэрэг санхүүгийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглаж буй ч цар тахлын нөлөөгөөр худалдаа үйлчилгээний дийлэнх салбарын орлого тасалдан, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь орон сууцын эрэлт багасахад хүргэжээ. Ийм хямралын үе нь бэлэн мөнгөтэй, чинээлэг хүмүүст давуу тал бий болгодог ба тэд үнэ нь хямдарч буй, дундаж орлоготой иргэд амьдрах боломжтой, бага талбайтай орон сууц худалдан авах нь нэмэгддэг аж. Ингэснээр түрээсийн орон сууцын үнэ буурах боломж багасдаг юм байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын судалгаагаар 2020 онд 182 орчим төслийн 37 200 гаруй орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ нь зах зээлд нийлүүлж буй орон сууцын тоо 2019 оныхоос хоёр, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх үзүүлэлт гэнэ. Түүнчлэн нийслэлд өдгөө орон сууцын нэг ам метрийн үнэ байршил, зэрэглэлээсээ хамаарч 1.5-6 сая төгрөгт хэлбэлзэж байна.