Ирэх 20 жилд банкны зээлийн ажилтан, теллер, бүх төрлийн спортын тэмцээний шүүгч, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, байгууллагуудын угтагч, зөөгч, казиногийн дилер, барилгын зураг зүйч, номын санч, зам талбайн үйлчлэгч, асрагч зэрэг ажлын байрны 40 орчим хувийг робот, эсвэл машин эзлэхийг Оксфордын их сургуулиас 2019 онд гаргасан судалгаанд дурджээ. Харин бүтээлч байдал, хүний сэтгэл хөдлөл, хайр, халамжийг илэрхийлж, үзүүлж чадахуйц ажлын байрууд хэзээд хадгалагдан үлдэх гэнэ. Үүнд зохиолч, зураач, багш, эмч, сэтгэлзүйч, ухуулагч зэрэг мэргэжлийг нэрлэсэн байна. Ийнхүү ажлын байранд өөрчлөлт орж эхэлсэн нь дижитал шилжилт буюу аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой. Хүн төрөлхтөн хоёр зууны өмнө уурын хөдөлгүүр зохион бүтээсэн нь түүхэнд аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал хэмээн тэмдэглэгдэн үлдсэн. Уг хувьсгал нь дэлхий нийтийн эдийн засаг, технологийн орчин, нийгэм, соёлын харилцааны олон аравны ололт, уламжлалыг шинэчлэн, морь унан хөгжил рүү давхиж явсан хүмүүсийг галт тэргэнд суулган, хурдыг нь хэд дахин нэмсэн юм.
Гэтэл шинэ мянганы эхний хорьхон жилийн дотор хүмүүс дээр дурдсанчлан аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг хийлээ, энэ нь үйлдвэрлэл, бизнесийн талбар дахь хүний оролцооноос “зайлсхийн”, машин, робот, технологид суурилна хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн өмнөх гурван хувьсгалын ололт, амжилтыг гүнзгийрүүлэхэд уламжлал ёсоор хүний оролцоонд түшиглэх бус, машин, техникийг илүүтэй ашиглана, оюун ухааныг хиймлээр зохион бүтээнэ, ажлын байрыг цомхотгоно гэцгээж байна. Тиймээс зарим төрлийн мэргэжил оргүй алга болж, зарим нь хэвээр үлдэх талаарх судалгаа гаргажээ. Техник, технологийн дэвшил хурдацтай нэмэгдэхийн хэрээр хүмүүс илүү их орлого олж, амар тайван суухгүйгээр үл барам зарим нь бүр ажилгүй болох нь. Гэхдээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын загвар, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ажлын байруудад хэрхэн нөлөөлж буй, нөлөөлөх тухай дээрх товч мэдээлэл нь коронавирусийн тархалтын өмнөх үеийнх юм. Өдгөө дэлхий нийтээр сүүлийн 100 гаруй жилд тохиогоогүй цар тахлын дэгдэлтэд нэрвэгдэн, хөл хорионы дэглэмд шилжлээ. Энэ үе болон үүнээс цааш үйлдвэрийн эзэд, ажил олгогчид өмнөхөөсөө илүүтэйгээр ажлын байрыг цөөрүүлэх, хүний оролцоог халах, автоматжуулж, технологижуулахад анхаарах болов уу. Өөрөөр хэлбэл, дижитал шилжилт буюу аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хурд нэмэгдэн бүтээгдэхүүн хийж, үйлчилгээ үзүүлэхэд хүний оролцоог багасгах, зайн технологийг салбар бүрт нэвтрүүлэх, хөлөөрөө явж амжуулдаг байсан ажлыг утсаараа, дэлгэцийн ардаас гүйцэтгэх нь улам бүр өснө гэсэн үг. Манай улсад ч богино хугацаанд, илүү олон салбарыг хамруулан дижитал шилжилт хийх шаардлага тулгарна. Харин бид бэлэн үү.
Монголд сүүлийн таван жилд интернэтийн хэрэглээ огцом өсөн, фэйсбүүкийг идэвхтэй ашиглагчийн тоо 2.2 саяд хүрчээ. Үүний 300 000 орчим нь төлбөртэй, зар сурталчилгаа явуулдаг пэйж хуудас аж. Ингэснээр зар сурталчилгаа, энгийн хэрэглээгээрээ фэйсбүүк хамгийн олон хэрэглэгчтэй онлайн платформ болов. Гэхдээ уг платформоор ямар төрлийн бүтээгдэхүүнийг хэдий хэр борлуулан, хэчнээн хэмжээний орлого олсон талаарх баримтыг нэгтгэн, тооцдог байгууллага байдаггүй гэнэ. Гэхдээ дижитал шилжилтийг хамгийн сайн явуулж байгаа буюу үйлчилгээг нь зайнаас авах, хяналт тавих боломжтой салбарын нэгээр банк, санхүүгийнхнийг нэрлэж байна. Дараагаар нь бүх төрлийн худалдааг онцолж буй бол эм, зарим хүнс, махны хангамж цахимжиж буйг сэтгэгдлээ хуваалцсан хүмүүсийн олонх нь тэмдэглэсэн. Мөн төрийн албаны үйлчилгээ боломжийн хэрээр цахимд шилжиж, лавлагаа, мэдээллийг нь зайнаас авахад хялбар болсныг Баянгол дүүргийн иргэн Д.Отгонцэцэг хэлэв.
Тэрбээр “Таны асууж буй дижитал шилжилт буюу алсын зайнаас ажил үйлчилгээгээ авах, явуулах үйлдэл, ялангуяа энэ цар тахлын үед манай гэр бүлд эергээр нөлөөлж байна. Би банкны теллерээр ажилладаг. Тахал гарч, зарим албан газар, үйлчилгээний төвүүдийг хэсэг хугацаанд, хаасантай холбоотойгоор 14 хоног ажилгүй суусан. Тэр хугацааны цалинг олгоогүй. Манай нөхөр харуул, хамгаалалтын үйлчилгээ эрхэлдэг компанитай. Ихэвчлэн шөнийн клуб, үзвэрийн газрууд, тэмдэглэлт арга хэмжээний үеэр гэрээт хамгаалалт хийдэг. Энэ төрлийн үйл ажиллагаа зогссон тул ажилгүй байгаа. Ингээд манайх хэсэг орлогогүй боллоо. Гэтэл маск оёх болон ариутгалын бодис савлах, борлуулах ажил гарсан юм. Улмаар гэртээ маск оёж, нунтаг болон шингэн ариутгалын бодисыг их хэмжээгээр авч, жижиглэн савлаад айлуудад хүргэж эхэлсэн. Фэйсбүүк хаяг нээсэн нь өгөөжтэй байж, үйлчлүүлэгчээ олох цонх болдог. Зарим айлын эзэгтэй гадагшаа гарахаас цааргалан, ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүн, рестораны хоолыг ч захиж авхуулдаг. Цаашид юуг, хэрхэн түгээх талаар судалж байгаа. Бидний хувьд эл байдлаа дижитал шилжилт буюу зайн технологи ашиглан, бизнес хийж, орлого олж буй хэлбэр гэхэд буруудахгүй болов уу” гэлээ. Тэгвэл онлайнаар англи хэлний хичээл заадаг Н.Мөрөн бүсгүй дараах хариултыг өгсөн юм.
“Би англи хэлийг цахимаар, ганцаарчлан заагаад хоёр жил болсон. Ажлын найман цагт, онлайнаар 5-8 хүнтэй харьцан, яриа, сонсголын хичээл ордог. Дүрэм болон унших хичээлээ текстээр бэлтгэн хүргэдэг. Ер нь боломжийн орлого олдог. Сүүлийн үед коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор бага, дунд ангийн хүүхдүүдэд хичээл заалгах эцэг, эхчүүдийн тоо огцом өссөн нь намайг ачааллаа дийлэхгүйд хүргэлээ. Алсын зайнаас ажиллахад хамгийн тохиромжтой мэргэжлийн нэг нь багш байх. Заримдаа интернэтийн хурд удаашрах, тасалдах нь бий” гэлээ. Тэгвэл БНСУ-д үйлдвэрлэдэг, нас насныханд зориулсан, бүх төрлийн бэлэн хувцасны захиалгыг онлайнаар авч, худалддаг А.Баярмаа “Би энэ ажлыг гурав дахь жилдээ хийж байна. Хүмүүс маш их ханддаг. Бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал, өөрийн ашгийн хувийг шингээгээд борлуулдаг юм. 2019 онд 15.5-16 сая төгрөгийн ашиг олсон. Солонгост олон жил амьдарсан, бичгийн болон ярианы хэл сайтай минь надад дөхөм болж байна” гэлээ.
Эдгээрээс харахад дижитал шилжилт, зайн технологийн ашиглалтыг олонх хүн бараа бүтээгдэхүүнээ борлуулах, ажил, орлоготой байх интернэт орчин гэж дүгнэх болов. Илүү ямар боломж байдаг, манай улсын хууль эрх зүй болон харилцаа холбооны салбарын баримталж буй бодлого, цаашид тулгарах бэрхшээлийн талаар хэлж мэдэхгүй, хурдтай интернэттэй байхад л ажлаа алдахгүй гэдэгт эргэлзсэнгүй. Хэрэв дижитал шилжилт жинхэнэ утгаараа хийгдэн, хүнийг машин орлох, эсвэл цар тахлын улмаас түр болон бүр хугацаагаар ажлын байраа алдах үед бэлтгэлтэй байгаа, эсэхээ яг таг хэлэх хүн цөөн юм. Дижитал эринд хувь хүн, төрийн алба, аж ахуйн нэгжүүд, улс түмнээрээ хэрхэн бэлтгэвэл зохих талаар зарим судлаач, албаны хүнээс тодрууллаа. Өвөрмонголын их сургуулийн Олон улсын худалдаа, эдийн засгийн ухааны докторант Ц.Мөнхтөр “Товчхоноор хэлбэл, дижитал эринд өндөр боловсролтой, өөрийн ажил, мэргэжлийг ямар ч робот, хүнд булаалгаж чадахгүй нэгэн “тэсэж” үлдэнэ. Худалдаа, наймаа буюу тэнд борлуулж буй бүтээгдэхүүнийг энд хүргүүлэн авах ажлыг хиймэл оюун ухаан, шуудангаар зохицуулж болно.
Захиалга, төвлөрүүлэлт, хүргэлт, түгээлтийг хүн хийгээд байх шаардлагагүй гэсэн үг. Байгалийн шалгарал гэдэг шиг хүний оюун ухаан, чадамжийн өрсөлдөөн улам бүр хүчтэй явагдана. Иргэд юуны түрүүнд компьютер, камер, дрон, зургийн аппарат сайн ашиглаж чаддаг, шаардлагатай тохиолдолд олон нийтийн анхаарал татахуйц бодитой, мэдээ бэлтгэн, зураг авч, дүрсжүүлж, цахим орчинд түгээчихдэг байх хэрэгтэй. Өдгөө хүмүүс юмыг ойроос харж, тэмтэрч үзэхээс илүүтэй зайнаас мэдэрч, ойлгохыг хичээх болсон. Ер нь л улс үндэстнүүд иргэдийнхээ боловсролд анхаарч, хөрвөх чадвартай, технологийн мэдлэг сайтай, чанартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарвал зохино” гэсэн юм. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Манай улсад дижитал шилжилтийн үйл явц эрчимтэй явагдаж байна. Дэд бүтэц, технологи сайжруулалтаа сайн хийж байгаа гэсэн үг. Интернэтийн үйлчилгээний төлбөр дэлхийн 100 гаруй улсаас 37 дугаарт жагсан, хямддаа ордог. Хямд, хурдтай интернэт ашигладаг тул хэрэглээ нь жил ирэх бүр нэмэгддэг гэж ч болно. 2004-2005 онд интернэтийн урсгалын хэмжээ 200-300 мега/секунд байсан бол өдгөө 180 гега/секундээс давж, хэдэн мянга дахин өссөн.
Мөн хөдөлгөөнт интернэт хэрэглэгчийн тоо ч 10 жилд бараг 70 хувиар нэмэгдлээ. Цахим үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч шаардагдах стандартыг мөрдөн, шинэ технологи нутагшуулж сайн ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид улс орондоо цахим шилжилт хийн, зайн технологи нэвтрүүлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, тогтвортой орчныг бүрдүүлсээр байгаа. Гэхдээ Zoom зэрэг аппликэйшнийг ашиглахад хүндрэл гарсан тохиолдол бий. Үүнийг залруулах, илүү хурдан шуурхай ажиллуулахад анхаарч байна” гэсэн юм. Эдгээрээс харахад цахим шилжилт гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө харж байна. Зарим нь мэдлэг, боловсролоо дээшлүүлж өөрийн ажил мэргэжлийг илүү чадвартай нэгэнд, роботод алдахгүй байх хэрэгтэй гэсэн бол өөр нэг хэсэг нь зайнаас ямар ч бүтээгдэхүүн борлуулж, зөвлөгөө өгч, хичээл зааж, бизнес хийж болно хэмээн тооцжээ.
2016 онд “Apple” компани дамжлагын системээ автоматжуулснаар 60 000 хүний ажлын байрыг машин “булаасан” нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Өдгөө онгоц, автомашин, гар утас зэргийн үйлдвэрлэлийн томоохон компанийн дамжлагын дийлэнхийг машин гүйцэтгэж буй. 2018 оноос зарим улсад жолоочгүй автомашин туршиж эхэлсэн. Үүнд нийтийн тээврийн хэрэгслүүдээс гадна том оврын, холын зайн маршруттай автомашинуудыг багтаасан юм. 2018 оноос хойш зах зээлд гарган, туршиж эхэлсэн тэдгээр автомашиныг шаардлагатай салбаруудад бүрэн нэвтрүүлбэл АНУ болон Японд нийт таван сая орчим жолооч ажилгүй болохыг олон улсын мэдээллийн агентлагууд дурдаж байна. Улмаар зөвхөн тоног төхөөрөмж, эд анги үйлдвэрлэж байсан ажилчдыг машин орлоод зогссонгүй. Хуулийн зөвлөгөө роботоос авч, дэлгүүрийн касс, үйлчилгээний газрын зөөгчийг ч робот гүйцэтгэж эхэлсэн. Төд удалгүй зарим мэс ажилбарыг машин хийнэ хэмээн өндөр хөгжилтэй орнууд зарласан.
Ажлын байрны хүнд, хортой, аюултай нөхцөлийн улмаас хүмүүс өвдөж, бэртэн, мэргэжлээс шалтгаалах өвчин тусаж, амь насаа ч алдах нь бий. Эл байдлыг халахаар, эрсдэлтэй нөхцөлд, хүч, туршлага зарцуулан ажилладаг хэсгийг машин орлож болно гэлээ. Хүнд үйлдвэр, уул уурхайн салбараа үсрэнгүй хөгжүүлсэн Австрали, БНХАУ зэрэг улсад 2030 оноос гүний болон ил уурхайд робот ажиллуулах боломжтой гэдгийг мэдээлж байна. Түүнчлэн хөл хорьсны улмаас кино, спорт, тайзны урлаг, аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар зэрэг салбарын олон сая хүн урт, богино хугацаанд ажилгүй болсоор байна. Харин онлайн платформууд болох “Нетфликс”, “Юүтүб”, “Эйч пи өү” зэргийн хэрэглэгчийн хандалт сүүлийн гурван сард огцом өсөн, ачааллаа дийлэхгүйд хүрснээр зарим бүс нутагт хязгаарлалт хийжээ. Мөн онлайн худалдааны “Амазон” компанийн хувьцааны ханш өдгөө түүхэн дээд өсөлт үзүүлж байна.