Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөнгөтэй том компани, энгийн иргэн хуулийн өмнө тэгш эрхтэйг нотолсон шүүгч нарт баярлалаа

Олон нийт шүүгчдийг худалдагдсан хэмээн хардах “дуртай”.  Гэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, Б.Ууганбаяр, Б.Энхцэцэг нар шүүх худалдагдаагүйг батлахын зэрэгцээ байгаль орчинд хохирол учруулсан л бол нөхөн төлөх ёстой гэсэн зөв жишгийг нийгэмд тогтоов. Тодорхой хэлбэл, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон байгальд их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр “Алтайн хүдэр” ХХК-ийнхнаас 10.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Алтайн хүдэр” ХХК-иас 10.8 тэрбум төгрөг гаргуулах, 52 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 16-нд гаргасан юм. Хариуцагч компани шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 52 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаа төлөөд давж заалдах учиртай. Харин тус компанийн давж заалдах хугацаа дөрөвдүгээр сарын 20-нд дуусгавар болжээ. Гэвч тухайн өдөр “Алтайн хүдэр” компанийнхан “Манай санхүүгийн байдал доройтсон тул тэмдэгтийн хураамж болох 52 сая төгрөгийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Шүүх дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтийг хэлэлцээд “Алтайн хүдэр” компанийн эдийн засгийн байдал доройтсон гэх үндэслэл алга гэсэн захирамж гаргасан байна. Хуульчид ч шүүгчийн захирамж бодитой гарсан хэмээж буй. Учир нь цар тахлын үед тасралтгүй ажилласан газруудын нэг бол ашигт малтмалынхан, тэр дундаа боомтуудтай ойр байрлалтай уул, уурхайн салбарынхан  гэнэ. 

“Алтайн хүдэр” компанийнхан мөн л тэмдэгтийн хураамжаа төлөхөөс гэдийж, хоёр дахиа хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг энэ сарын 11-нд хэлэлцээд дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан захирамжид өөрчлөлт оруулах боломжгүй гэжээ. Үндсэндээ шүүх энэ хүрээд дээрх маргаанд цэг тавьсан. Тиймээс шүүхийн шийдвэрийнхэн байгальд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн 10.8 тэрбум төгрөгийг “Алтай хүдэр” ХХК-иас авч улсад өгөх ажлыг эхлүүлэх учиртай.

Гэвч тус компанийнхан хуулийн хугацаанд давж заалдах гомдлоо гаргаагүй хэрнээ ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр өдгөө “Тэмдэгтийн хураамжаа төлчихье. Хэргийн хугацааг сэргээгээд өг” хэмээн хөөцөлдөж буй сурагтай. Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хуульч Ц.Туяацэцэг энэ талаар “Энгийн иргэн Наран, Саран тэмдэгтийн хураамжаа төлөөгүй бол давж заалдах эрхгүй үлддэг. Угаас хуулийн зохицуулалт ийм. “Алтайн хүдэр” компанийнханд хуулийн үйлчлэл адил байх учиртай. Шүүхээс тус компанийн хүсэлтийг хангахаас хоёр удаа татгалзсан. Шүүх  байгаль орчинд хохирол учруулсан л бол нөхөн төлөх ёстой гэсэн зөв жишгийг нийгэмд тогтоосонд талархал илэрхийлье” гэв.

      “Алтайн хүдэр” ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь “Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2008 оноос тус ордоос төмрийн хүдрийн баяжмал олборлож, БНХАУ руу экспортолсон гэдэг. Харамсалтай нь, экологийн даац, тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчны чадавхыг доройтуулж, бохирдуулсан атлаа Байгаль орчин, уур амьсгалын санд сохор зоос ч төлөөгүй гэнэ.  Мөн “Алтайн хүдэр” ХХК-ийнхан үйл ажиллагаа эхлүүлэхдээ хатуу хучилттай зам тавина гэж амласан гэдэг. Гэвч тухайн нутаг орон өнөөдөр зам үгүй, хөгжсөн нь үгүй, хүн ард хохирч үлджээ. Тус компанийнхан нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ухсан газраа битүүлж, үр цацах төдий оронцоглож орхисноос өдгөө тус орон нутаг улаан шороо эргэсэн эл хуль саарал газар болсныг сумын иргэд харуусан ярьж байна.  БОАЖЯ, УУЯ-ныхан ч уг нөхөн сэргээлт нэртэй халтуурдсан ажлыг нь хүлээн авч хэвшсэн. Цээл сум өмнө нь олон зүйлийн эмийн ургамалтай, нэн ховор өвс, цэцэгстэй, хөхтөн амьтадтай, зүйл зүйлийн шувуудтай үзэмж төгс газар байсан ч өдгөө экологийн доройтолд оржээ. Мөн энэ уурхайн хажуугаар Алтай, Төгрөг зэрэг 4-5 сумынхан дайран өнгөрч, улаан шороон дундуур явж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа гэх юм билээ. Мөн шүүгч Цээл сумд очиж, байгаль орчин хэрхэн доройтсоныг нүдээрээ үзэж, гараараа тэмтрээд орон нутгийн иргэд худлаа яриагүйг баталж, өөрийн биеэр давхар мэдэрсэн гэдэг.

Гэсэн ч “Алтай хүдэр” компанийнхан арга саам хэрэглэж, хэргийг хэдэнтээ буцааж, дахин харьяалал тогтоолгуулж, хойшлуулсаар ирсэн байдаг. Арга ядахдаа Байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, энэ хэргийг шийдэх шүүгчийг солиулсан удаатай.

Харин “Алтайн хүдэр” компаниас нутаг усаа хамгаалсан Цээл сумын эмнэлгийн дарга одоогийн тус сумын Засаг дарга Д.Буянхишиг болон иргэн Х.Уранбилэг, Д.Баяртунгалаг, Амьбөх нарыг ажилд нь саад учруулсан нэрээр шүүхэд өгч байжээ. Нутгийн иргэдийг цагдаад шалгуулах ажлыг Говь-Алтай аймгийн прокурор Эрдэнэбат зохион байгуулсан гэж хуульчид үздэг. Тиймдээ ч прокурор Эрдэнэбатыг 10 сая төгрөгийн авлига авсан хэмээн хуулийн байгууллагад ханджээ. Гэвч “Алтайн хүдэр” компанийнхан мөнгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хэмээн бичжээ. Прокурор Эрдэнэбат ч энэ мөнгөөр өрөөгөө тохижуулсан хэмээн мэдэгдсэнээр асуудлаас мултарч, өөр газар луу шилжсэн гэнэ. Харин нутгийн иргэдэд Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос эрх зүйн тусламж үзүүлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан байна.

Ийнхүү Байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон 2013 оноос хойш долоо, найман жилийн хугацаанд шүүхийн үүд сахиж, нийтийн эрх ашгийн төлөө тэмцсэн хэрэг эцэслэн шийдэгдэв.  Товчхондоо, “Алтайн хүдэр” ХХК буюу хариуцагч тал давж заалдах болон хугацаа сэргээх боломжгүйгээр үнэнд гүйцэгджээ.

Үргэлжлэл бий.

5
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Мөнгөтэй том компани, энгийн иргэн хуулийн өмнө тэгш эрхтэйг нотолсон шүүгч нарт баярлалаа

  • Avatar Уншигч says:

    Тэмдэгтийн хураамжаа төлөхгүй байгаа хүмүүс 10 тэрбумыг төлөх үү? 5 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хааж мэдэх улс шүү. Тэр уурхайг нь л болиулаад байгалыг нь мэргэжлийн газраар нөхөн сэргээлт хийлгээд төлбөрийг нь тоног төхөөрөмжөөр нь хийх хэрэгтэй. Бас эздийг нь бодит шийтгэлийн хариуцлага тооцох хэрэгтэй

  • Avatar Anonymous says:

    Tusgai zowshoorlig ni tsutslah heregtei nohon sergeelt hiihgvigees bolj odor bvr shoroo bosoj shuurch mal ideh owsgvi bolj bna

  • Avatar Эрдэнэ says:

    Хуульчиддаа баярлалаа. Алтай хүдэр компаний байшаль орчинд учруулсан хохирол үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр байдаг. Харин ерөнхий захирал гэх этгээд нь гадаадад амьдарч эх нутгаа хохироож, харин өөрөө тансаглаж байдгийг иргэд жигшин ярьцгаадаг. Иймд гаргасан шийдвэртээ үнэн ч байж шүүхийн байгууллагын нэр хүндээ хамгаалахыг Та бүхэнд хүс ч байна.
    Баяр хүргэе.

  • Avatar Anonymous says:

    Үүрэгээ хариуцлагатай биелүүлээгүй л бол тусгай зөвшөөрлийг нь шууд цуцалж бх нь зөв юм бнаа