Ажлын байран дахь тоосжилтоос ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтыг ирэх долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Мэргэжлээс шалтгаалсан буюу тоосжилтоос үүдэлтэй уушгины өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр эл зохицуулалтыг баталж, заасан хугацаанаас мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нарт үүрэг болгосон аж. Ингэснээр уурхай, үйлдвэр, барилга зэрэг тоос ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажил олгогчдын хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх боломж бүрдэх гэнэ.
Манай улсад 2024 оны эцсийн байдлаар 2273 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон байжээ. Тэгвэл үүний 51.5 хувь нь ажлын байрнаас үүдэлтэйгээр уушги тоосжих өвчтэй болсон эрэгтэй голдуу хүмүүс гэнэ. Уушги тоосжих өвчтэй хүмүүс энгийн хүмүүсээс дунджаар 8.5 жилээр богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Иймд хөдөлмөр эрхлэгчдийг тоосжилтоос хамгаалах ажлыг нэгдсэн байдлаар өргөн цар хүрээнд хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг дээрх төвийнхөн дурдсан юм.
Ж.Сувд