Катарын Доха хотод энэ сарын 15-22-нд зохион байгуулсан снүүкер биллиардын Азийн АШТ-д оролцсон ОУХМ Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн 15 улааны төрөлд алтан медалийн төлөө Хонконгийн тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг буулган авснаар тивийн аварга боллоо. Тэрбээр эх орондоо өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд аваргын төлөө хүчтэй өрсөлдөгч болох түүнд ялагдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн 2022 онд Дохад болсон тивийн тэмцээнд улсаа төлөөлж, анх удаа оролцохдоо хүрэл медаль гардаж, Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргасан юм. Тэгвэл 2023 онд мөн тус хотыг зорьж, снүүкер биллиардын эмэгтэйчүүдийн зургаан улааны ДАШТ-д өрсөлдөхдөө шигшээ 16-д Ираны тоглогч Мелика Нажафийг 3:0, шигшээ наймд ХБНГУ-ын тамирчин Диана Стейтчнийг 4:2-оор хожиж, хүрэл медальтай ирсэн Монголын анхны тамирчин болсон юм.