Монголын сонгодог дартсын холбоо, Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Uvurkhangai open-2025” аварга шалгаруулах тэмцээнд орон нутгийн 19 клубийн 400 тамирчин ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгарууллаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Завхан аймгийн Тэс сумын хилийн цэргийн 0277 дугаар анги, “Хилчин” клубийн тамирчин Г.Лхагвадорж, эмэгтэйчүүдээс мөн “Онч” клубийнхнээс Н.Лхагважаргал түрүүлэв.
Холимог хосын төрөлд Зэвсэгт хүчний 0325 дугаар ангийн тамирчин Л.Түмэнбаатар, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн Ч.Оюун-Эрдэнэ нар аваргаар тодорсон юм. Тэгвэл өсвөр үеийнхний ангилалд хөвгүүдээс “Жавхлант” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч Г.Түвшинбаяр (“Магнит” клуб) охидоос 7г ангийн сурагч Б.Будбаяр нар алтан медалийн эзэн болжээ. Сонгодог дартсын өндөр гараанд Завхан аймгийн цагдаагийн газрын тамирчин Г.Содгэрэл, цөөн сумны гараа нь П.Бямбацэрэн нар тэргүүн байр эзэлсэн байна.