Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянган мал хорогдсоныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүний 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлжээ. Тодруулбал, өнгөрсөн сард 6.8 мянган ямаа, 5.9 мянган хонь, 2.2 мянган үхэр, 1.9 мянган адуу, 17 тэмээ хорогдсон байна. Баруун аймгийн малчид хамгийн их хохирол амсжээ. Баян-Өлгий, Ховд аймагт тус бүр 2.9, Хөвсгөлд 2.3, Увсад 1.9, Завханд 1.3, Говь-Алтайд 1.1 мянган мал зүй бусаар хорогдсон аж.
2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга нь энэ оны эхний сард хорогджээ. Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт 255-774 хээлтэгч мал үхсэн нь нийт хорогдлын 75.2 хувийг эзэлсэн гэнэ. Хорогдсон том малын 21.8 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, осгох зэрэг шалтгаанаар, 77.8 хувь нь аюулт үзэгдэл, ослын улмаас, 0.6 хувь нь өвчнөөр үхжээ.
Ж.Сувд