Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34, бусад нутагт 1-10, гуу жалга, хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байгаа аж. Зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Өөрөөр хэлбэл, зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдэж, нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй гарчээ. Харин үлдсэн буюу 10 орчим хувийг нь эрсдэлгүй гэж үзжээ. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сум нэн их болон их эрсдэлтэй байна.
Ч.Болор