Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)-гийн дэргэдэх гарааны “Праймер” ХХК, түүний захирал, малын эмч, доктор, дэд профессор С.Лхагвасүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компани болон захирал С.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан”, “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм байна. Улмаар тус компани үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалан урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байна. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болов.
МЭХ-гийн дэргэдэх гарааны “Праймер” ХХК нь мал эмнэлгийн үйлчилгээ, хяналт, үнэлгээ, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ, сорилт шинжилгээ, оношилгооны технологи хөгжүүлэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа шинжлэх ухааны туршилт, судалгаа, оношлуур үйлдвэрлэж, худалдах, махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори зэрэгтээ химийн хорт бодис ашигладаг юм байна. Гэхдээ тус компани болон захирлыг нь калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат гэсэн бодисыг зохих зөвшөөрөлгүй олж авч, үйл ажиллагаандаа ашигласан хэмээн буруутгаж буй гэнэ. Уг бодисуудын нэг хэсэг нь Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад аюултай гэх ангилалд багтдаг аж.
Д.Дайчин