“Лантуун дохио” ТББ-аас шинэ оныг угтан “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэд ээлжит аянаа энэ сарын 3-нд эхлүүлж, өчигдөр өндөрлүүллээ. Дээрх байгууллагынхан энэ удаагийн үйл ажиллагааныхаа хүрээнд хүүхдүүдэд “Хамгаалагч дэвтэр” бэлэглэжээ. Энэхүү дэвтэр нь хүүхдүүдэд ахуйн осол, гэмтлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, асуудал тулгамдсан үед хэнд хандах тухай мэдээллийг AR технологийн тусламжтайгаар хүргэх юм. Мөн орчны аюулгүй байдал болон угаарын үед авах арга хэмжээний талаар хүүхдүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Эл аяны нэгэн онцлог нь үйл ажиллагаа эхлэхийн өмнө бэлэг түгээх, гишүүддээ хүүхдүүдтэй, гэр бүлийнхэнтэй нь хэрхэн харилцах вэ гэдэг талаар ч заавар, зөвлөгөө өгдөг нь юм. Мөн аяныхаа хүрээнд асран хамгаалагч нартай нь уулзаж, хүүхдийн эрх зөрчигдөж буй, эсэхийг судалдаг юм билээ. Аяны сүүлийн өдөр хүүхдүүдэд нийт 13 баг баяр баясал бэлэглэжээ. Бэлэг түгээх үйл ажиллагааг амралтын өдрүүдэд өрнүүлсэн бөгөөд ихэнхдээ 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилсэн аж.
Мөн энэхүү аяны хүрээнд иргэдээс хандив, тусламж хүсжээ. Үүнд нь иргэд олноор оролцсон байна. Дулаан хувцас, амин дэмтэй бүтээгдэхүүн, хүүхдүүдэд зориулсан сэтгэлийн үгстэй зурвас, мөнгөн хандив, бас бэлэг тараах үйл ажиллагаанд оролцох гээд хүмүүс чадах зүйлээрээ тусалсан гэнэ. Бэлэг тараахдаа нийслэлийн алслагдмал хэсгүүдэд хүрэхийг зорьдог тул туулах чадвар сайтай автомашин сонгодог аж. Тиймээс энэ төрлийн хандив, тусламжийг иргэдээс хүлээн авдаг юм билээ.
А.Үүл