Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг “Шинэ амьдрал ялагч” төрийн бус байгууллага (ТББ)-ын эзэмшлийн байшинд амьдардаг хүмүүс угаартаж амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн баасан гарагт гарлаа. Уг байранд түр оршин сууж байсан 63-70 настай гурван хүн биедээ ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж, амиа алдсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг, шалгалт хийжээ. Дээрх ТББ-ын эзэмшлийн байшин нь энгийн зуухтай, сайжруулсан шахмал түлш түлээд, яндангийн сойлтоо хаасан байсан нь үзлэгээр тодорхой болсон аж. Хэдийгээр тухайн байшинд угаар мэдрэгч суурилуулсан ч ажиллаагүй гэнэ. Тухайн үед дөрвөн хүн угаартсан бөгөөд нэгэнд нь эмнэлгийн тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэн эмчилгээ хийж эхэлсэн байна.
Мөн өнгөрсөн бямба гарагт 10 жилийн төгсөлтийн уулзалтдаа оролцож байсан 61 настай хүн шатны уруу унаж нас баржээ. Баянзүрх дүүргийн нутаг дахь “Хоум плаза” төвийн караокед уг золгүй явдал энэ сарын 28-ны 19.00 цагийн үед болсон гэнэ.
Г.Орчлон