“Хөрөнгийн зах зээл хөгжих суурийг тавьсан учраас одоо төрөөс дэмжих хэрэгтэй. Зах зээлийн хөгжлийг дэмжих олон бодлого хэрэгжүүлж болно. Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв гэж” мэргэжилтнүүд ярьдаг. Энэ нь биржийг хувийн хэвшилд даатгавал зах зээлийг илүү хурдтай хөгжүүлнэ гэсэн төсөөлөлд тулгуурлаж гаргадаг санал юм. Хувийн хэвшил илүү үр ашигтай, өгөөжтэй ажиллахын төлөө оновчтой менежмент хийх нь ойлгомжтой. Үүнийг өмнө нь хөндсөн. Тэгвэл энэ удаа хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих талаар хөндье.
Хөрөнгийн зах зээлд өрнөж буй санхүүгийн үйл ажиллагаа, орлогоос татвар авах, хураах нь зүйн хэрэг. Гэхдээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмтэй зарим татварыг хураахаа болих хэрэгтэй. Хувьцааны ханшийн зөрүүнээс болон хөрөнгө оруулалтын сангийн орлогоос татвар хураах хуулийг хойшлуулах шаардлагатай гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үздэг. Эдгээр татвараар төсөвт одоогоор орлого бүрдүүлэхгүй байгаа. Тиймээс татварын бааз суурийг нь бүрдтэл татвар хураахгүй байх санал гаргадаг.
Татварын тухай хуульд хувьцаа арилжсан ханшийн зөрүүний ашгаас орлогын албан татвар таван хувиар тооцож хураана гэсэн заалт бий. Гэвч татварынхан хуулийн заалтыг хэрэгжүүлж, хувьцааны арилжааны ханшийн зөрүүнээс ашиг олсон болгоноос татвар хурааж чаддаггүй. Харин нүдэнд өртсөн томыг нь “барьж авдаг”. Үүнтэй холбоотой нэг жишээ өгүүлье. Нэгэн брокер, дилерийн компанид Сингапурын хувийн хөрөнгө оруулагч ханджээ. Түүний зорилго нь Монголын хөрөнгийн зах зээлээс ашиг олох. Мөнөөх брокер манай улсад нээлттэй хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгаас тав, хаалттайгийнхаас нь 10 хувийн татвар авдаг. Харин ханшийн зөрүүний ашгаас татвар хураах хуулийн заалт байдаг ч хэрхэн татах механизм нь байдаггүй гэсэн мэдээлэл өгчээ. Сингапурын хөрөнгө оруулагч ханшийн зөрүүний ашгаас нь ногдол ашиг хураахгүй гэсэн бодолтойгоор Монголын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан байж таарна. Алс нутгаас Монголын хөрөнгийн зах зээлээс ашиг олохоор зорьж буй хүн “томоор хөдлөх” нь гарцаагүй. Үнэт цаасны дансандаа багагүй мөнгө байршуулж, хэд хэдэн компанийн хувьцаа худалдан авчээ. Эзэмшсэн хувьцаануудынх нь ханш өсөж, чамгүй ашиг олсон гэнэ. Гэтэл нэг өдөр харилцагч брокер дилерийн компанид нь татварын улсын байцаагч ирж, Сингапурын хөрөнгө оруулагчийн ханшийн зөрүүний ашгаас татвар хураахаа мэдэгджээ. Брокер дилерийн компанийнхан ханшийн зөрүүний ашгийг тооцож, түүнээс татвар төлөх үүрэг хүлээв. Ханшийн зөрүүний ашгаас бараг татвар хураахгүй гэж урьж оруулсан хөрөнгө оруулагчдаа болсон явдлыг дуулгасан байна. Гэтэл мөнөөх хөрөнгө оруулагч мөнгөө татаж аваад, дахин манай зах зээлд хөрөнгө оруулахаа больсон гэнэ. Ингээд гадаадын нэгэн хөрөнгө оруулагч Монголын зах зээлээс дүрвэв. Ханшийн зөрүүний ашгаас татвар хураах хуулийн заалт хөрөнгийн зах зээлийн хөгжилд саад болсон нэгэн жишээ энэ.
Тиймээс хааяа л хэрэгжүүлдэг энэ заалтыг хүчингүй болгоё, хэдэн жилээр хойшлуулъя гэсэн санал гаргадаг. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд арваад жил ийм санал гаргаж байгаа. Гэвч Сангийн яамныхан зөвшөөрдөггүй. Тэд татвар хураах бааз суурийг хумихгүй гэж эсэргүүцдэг. Нэг талаар хуулийн этгээдийн олсон орлогоос татвар хурааж, улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй байгууллага асуудлыг өөрийн өнцгөөс харж тайлбарлах нь зүйн хэрэг. Сангийн яамныхан зөвшөөрдөггүй учраас УИХ-д татварын дээрх заалтыг хүчингүй болгох, хойшлуулах санал гаргадаггүй аж. Татвар тогтоох, тэглэх, хойшлуулах бүрэн эрх УИХ-д л байдаг билээ.
Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг ажиллаж буй. Үүний дотор Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж дэмжих ажлын хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал боловсруулах дэд ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсгийнхэн хувьцааны ханшийн зөрүүний ашгаас орлогын албан татвар хураахгүй байх заалт хуулийн төсөлд тусгахыг боловсруулан, саналдаа оруулжээ. Уг хуулийн заалтыг хүчингүй болгох, эсвэл хэдэн жилээр хойшлуулчихвал их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулж буй хүмүүс гэнэт улсын байцаагч татвар хураана гээд ороод ирэх вий гэсэн айдасгүй болно. Өөрөөр хэлбэл, татвар хураахгүй байх заалт нь хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болох юм. Олон жил ярьж буй энэ саналыг УИХ авч хэлэлцээд дэмжих нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд тустай.
Хөрөнгө оруулалтын сангийн орлогоос татвар хураахгүй байх заалт оруулах шаардлагатайг дээр дурдсан. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлахдаа орлогын албан татвар хураахгүй байхаар зохицуулсан. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг хөгжүүлэх хөшүүрэг байв. Гэтэл 2018 онд татварын эрх зүйн баримт бичгийг шинэчлэн найруулахдаа хөрөнгө оруулалтын сангийн орлогоос таван хувийн татвар хураах агуулга бүхий зохицуулалт хийжээ. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан. Гэвч Монголд хөрөнгө оруулалтын сан хөгжөөгүй. Харин хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн энэ үед хөрөнгө оруулалтын сан хөгжих нөхцөл бүрдэж байна. Тиймээс ч хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд байгуулж эхэллээ. Тэдний зорилго банкуудад хөрөнгө оруулах бололтой. Мэдээж хэрэг хөрөнгө оруулалтын сангууд өөр ч компаниудад хөрөнгө оруулж таарна. Хөгжлийн гараан дээр нь татварыг тэглэчихвэл хөрөнгө оруулалтын сан хөгжихөд тустай нь ойлгомжтой.
Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар зэхэж буй “Мандал ассет менежмент” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Ганзориг “Хүмүүс хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг татвар төлсөн орлогоосоо худалдаж авна. Тэгээд хөрөнгө оруулалтын орлогоос татвар хурааж буй. Нэг орлогоос хоёр удаа татвар хурааж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулалтын сангийн орлогоос таван хувийн татвар хураах заалтыг хүчингүй болгох хэрэгтэй” гэсэн юм. Хөрөнгө оруулалтын сангууд хөгжих нь хөрөнгийн зах зээлд нэн тустай гэдгийг дахин сануулъя.
Монгол Улсад хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжихөөр дуншиж буйг батлах хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох сонирхол нэмэгдлээ. Зарим салбарыг хуульчлан олон нийтийн компани болгохоор болсон. Тодруулбал, энэ нь банкны салбар билээ. Ирэх оны долдугаар сарын 1 гэхэд арилжааны таван том банк нээлттэй хувьцаат компани болсон байна. Бусад нь ч нээлттэй хувьцаат компани болж ч болно. Эсвэл хаалттай хувьцаат компани болж ч болно. Ийм эрхийг хуульд тусгасан. Шинжээчид арилжааны таван том банк IPO хийсний дараа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ доод тал нь хоёр дахин өснө гэж тооцож буй. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэхэд гурван их наяд гаруй төгрөг болж байна. Үүнд үндэслэн ийм тооцоолол хийжээ. Банкуудын зах зээлийн үнэлгээ үүнээс ч илүү байхыг үгүйсгэхгүй.
Банкуудаас гадна хэд хэдэн компани хувьцаагаа олон нийтэд худалдахаар ярьж буй гэх мэдээлэл брокеруудад бий. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд олон шинэ бүтээгдэхүүн гарахаар дуншиж байна гэсэн үг. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бонд гаргах журмыг шинэчлэн боловсруулж эхэлсэн. Уг шинэчлэлээр компани бонд гаргах хүсэлтээ ирүүлэхэд шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Найдвартай компани бонд гаргавал маш хурдан зөвшөөрөл олгох журам болно. “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, 600 тэрбум төгрөг босголоо. Үүнийг компанийн бондын зах зээл хөгжих эхлэл тавигдлаа гэж дүгнэж болно. Мөн Засгийн газар ч дотоодын зах зээлд бонд гаргах магадлал бий.
Макро эдийн засгийн орчин сайжирсан нь хөрөнгийн зах зээл хөгжих хоёрдугаар үндсэн шалтгаан болов. Макро эдийн засгийн орчин харьцангуй тогтворжиж, мөнгөний үнэ буюу зээлийн хүү буурч байна. Зээлийн хүүг дагаад хадгаламжийн хүү доошиллоо. Одоогоор олон харилцагчтай томоохон банкуудын хугацаатай хадгаламжийн хүү жилийн 8.3 хувьд хүрчээ. Гуравхан жилийн өмнө хугацаатай хадгаламжийн хүү 15 хувь байв. Сүүлийн жилүүдэд ийнхүү эрчимтэй буурлаа. Хадгаламжийн хүү доошилж байгаа нь энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний өгөөж буурч байна гэсэн үг. Тиймээс хадгаламж эзэмшигчид өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхолтой болж байна. Банканд мөнгөө жилийн 8.3 хувийн хүүтэй хадгалуулснаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийн хүүтэй бонд худалдаж авсан нь дээр гэж үзэх хүмүүс олширчээ. Иргэдийн илүү өгөөжтэй бүтээгдэхүүн хөрөнгө оруулах гэсэн сонголт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь дамжиггүй.