Үнэт цаасны компаниудаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 600 тэрбум төгрөгийн бондын захиалгыг хүлээн авч байна. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлснээр өнгөрсөн баасан гаргийн байдлаар төгрөгийн бондын захиалга 5.9, ам.долларынх 9.85 хувьтай байв. Зарим эдийн засагч 600 тэрбум төгрөгийн санхүүжилт босохгүй нь гэж таамаглалаа. Бондын захиалга эхэлснээс хойш 33 тэрбум төгрөгөөр худалдаж авах захиалга ирүүлжээ. Энэ бол олон нийтийн зүгээс бонд худалдаж авах захиалга юм. Томоохон хөрөнгө оруулагчид ажиглан хүлээж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н бондыг худалдаж авах хамгийн боломжтой санхүүгийн салбар нь банк. Учир нь банкууд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын үед Монголбанкны үнэт цаасыг худалдан авч буй. Монголбанкны үнэт цаасыг банкууд долоон их наяд төгрөгөөр худалдан авсан.
Монголын зах зээлд байгаа энэхүү сул мөнгөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн бондыг худалдаж авна гэж олон нийт харж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан ч банкууд нэг их наяд төгрөгөөр худалдаж авахад бэлэн гэж ярьж байв. Тэгэхээр банкууд
…Арилжааны банкуудыг л бонд худалдаж авна гэж харах биш, хөрөнгө оруулалтынхаа санг хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангууд бонд худалдаж авах, үгүйгээ зарладаг байх шаардлагатай…
худалдаж авна гэсэн тохироотой бонд гаргаж байна гэсэн ойлголт хүмүүст төрсөн. Жижиг эдийн засагтай Монгол Улсад мөнгө банканд л байна. Банкууд худалдаж авахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” шаардлагатай санхүүжилтээ босгож чадахгүй л болов уу. Монголын банкуудад бонд худалдаж авах мөнгө бий. Гэхдээ тэдний сонголт мэднэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх шаардлагатай байгаа гэж мэдэгдсэн. Монголын эдийн засгийн ачааг үүрч яваа тус компани ийм хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай аж. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих, төмөр зам тавих хэрэгтэй. Нийтдээ 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын 1.5 их наядыг бондоор босгоно. Харин нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн урсгалаасаа гаргана.
Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн томоохон дүнтэй бонд арилжигдаж байна. Үүнийг банкууд л худалдаж авна. Ийм л итгэл үнэмшилд тулгуурлаж “Эрдэнэс Тавантолгой” компани бонд гаргаж байгаа. Тийм ээ, өнөөдрийн нөхцөлд банкууд л худалдаж авна. Өөр мөнгөтэй хөрөнгө оруулагч Монголд үгүй. Манай улсын том компаниуд өсөж, дэвжиж байна. Хөрөнгийн зах зээлд том компаниуд хувьцаагаа зарна. Харин цаашид банкуудад найдах уу. Монголын хөрөнгийн зах зээлд найдах уу.
Арилжааны банкуудыг л бонд худалдаж авна гэж харах биш, хөрөнгө оруулалтынхаа санг хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангууд бонд худалдаж авах, үгүйгээ зарладаг байх шаардлагатай. Сангууд бол хөрөнгө төвлөрдөг газар. Тэр хөрөнгөөр хэн, хаана хөрөнгө оруулахаа шийдвэрлэнэ. Монголын хөрөнгийн зах зээлд банкуудын ч биш, бусдын хувьцааг ч худалдан авахад хөрөнгө оруулалтын сан хэрэгтэй.
Монголд 20 гаруй хөрөнгө оруулалтын сан байгуулсан. Гэвч өнөөдөр нэг ч нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Тэд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт хийнэ гэж байгуулагдсан. Гэхдээ хөрөнгө оруулах ашигтай төсөл алга. Тэгээд үйл ажиллагаа нь “гацсан”. Өнөөдөр Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэг ч хөрөнгө оруулалтын сан байхгүй. Хөрөнгө оруулалтын сан бол мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас бүрддэг байгууллага. Тэд сайтар шинжилсний дараа хөрөнгө оруулагчдын мөнгийг авдаг. Монголын хөрөнгийн зах зээл шинжилгээ судалгаа, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар дутагдаж байна.