Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг энэ сарын 3-нд гарч өнөөг хүртэл эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар уг хэргийг шалгах ажлын хэсгийг хэрэг гарсны дараа байгуулсан бөгөөд түүнд хүч нэмэгдүүлж өнгөрсөн долоо хоногт бас нэгэн бүлгийг тус аймаг руу илгээсэн юм.
Ажлын хэсгийнхэн эрэн сурвалжлах ажиллагааны дүнд гэмт этгээдийн ам зургийг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн гаргасан байна. Тус аймагт буй нэгэн эх сурвалжийн хэлснээр энэ хэрэгт холбогдуулж хоёр ч хүнийг сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Энэ талаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Мягмарсүрэнгээс тодруулахад “Ямар ч гэсэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтэй хүмүүсийг саатуулан шалгаж байгаа ч гэм буруутай эсэхийг одоогоор хэлэх эрт байна” гэлээ.
Г.ОРЧЛОН