Цэрэг татлага явагдаж байх үед телевизийн чаатуудаар “Цэргийн албанаас найдвартай чөлөөлж өгнө” гэсэн зар нэг хэсэг урссан юм. Цэрэгт явах сонирхолгүй залуус тэдэнд хандаж хохирчээ. Энэ зарын дагуу тагнуул, цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж, залилан хийсэн хүмүүсийг саатуулсан байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ынхан энэ зарын цаана тэтгэвэрт гарсан юм уу, эсвэл одоо ажиллаж байгаа офицерууд байгаа байх хэмээн сэжиглэж байсан ч шалгалтын явцад батлагдаагүй аж.
Цагдаа, тагнуулын байгууллагын албан ёсны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дээд сургууль төгсөөд удаагүй хоёр залуу энэ зарыг телевизийн чаатуудад өгч, цэргийн албанаас зугтсан хүмүүсийг хууран мэхэлсэн байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцааж байгаа.
Энэ хоёр залуутай хамт гурван хүн холбогдсон. Тэд Цэргийн үүрэгтний үнэмлэх дээр “Цэргийн алба хаав” гэсэн дардас хуурамчаар дарж, тухайн ангийн захирагчийн гарын үсгийг дуурайлган зурж, тамга дардаг байсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Мөн өөр ажилд шилжээд удаж байгаа юм уу, тэтгэвэртээ гарсан ангийн захирагчийн гарын үсгийг ч дуурайлгадаг байсан” гэлээ.
Энэ талаар ЗХЖШ-ын албаны хүнээс тодруулахад “Цэрэг татлагын үеэр мэдээллийн хэрэгслээр цэргийн албанаас найдвартай чөлөөлнө гэсэн зар гарч байсан. Үүнийг цагдаа, тагнуулын байгууллагынхан шалгаад гэм буруутай хүмүүсийг тогтоон шүүхэд шилжүүлсэн. Бид манайхны дотроос хүмүүс холбогдсон юм болов уу гэж хардаж байсан ч Зэвсэгт хүчний нэг ч офицер холбогдоогүй. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс цэргийн албаны наад захын мэдлэггүй болох нь хийсэн үйлдлээс нь харагдаж байгаа. Цаашид ийм хууль бус үйлдэл гаргахгүйн төлөө бид илүү анхаарч ажиллана” гэв.