Малчдын хотыг өвөлдөө зуд харлуулдаг. Түүнтэй зэрэгцээд сүүлтэй, “сүүлгүй” чононууд хөдөөгийнхний хотыг харлуулах нь хэвийн үзэгдэл болсон. 2009 онд гэхэд малын хулгайн 1294 гэмт хэрэг гарч, 2008 оныхоос 14 хувиар буурсан ч, иргэдэд 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээнээс харахад мал хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд буурч байгаа гэх боловч дорвитой үр дүнд хүрэхгүй, гэмт хэрэгтнүүд нарийн зохион байгуулалтад орж, арга нь нарийсаад байгаа аж. Малын хулгайн гэмт хэргээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Увс, Архангай, Төв Сэлэнгэ аймаг толгой цохиж байна.
“Сүүлгүй чононууд” 22.00-06.00 цагийн үед буюу малчид, иргэдийг унтаж байхад бэлчиж буй малаас нь хулгайлдаг. Судалгаанаас үзэхэд өнгөрсөн жил гарсан энэ төрлийн хэргийн 83.3 хувь нь буюу 1078 нь малыг бэлчээрээс нь хулгайлсан байна. Малын хулгайн хэрэгт ял шийтгүүлэгчдийн 1.1 хувь нь эмэгтэй, нэлээд хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ. Ял шийтгүүлэгчдийн олонх нь буюу 681 нь бүлэглэж, 192 нь өмнө ял шийтгүүлж байсан хүмүүс байжээ. Эндээс харахад гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэж үйлдсэн байх юм. Хулгайч нар бэлчээрт буй малыг буудаж хөнөөгөөд, машинд ачих юм уу, хүний хөлөөс зайдуу аваачин нядалдаг гэнэ. Хам гийн сүүлд цагдаагийнхан Г.Эрдэнэбаатар нарын зургаан хүнд холбогдох малын бүлэг хулгайчдын хэргийг илрүүлэн, Төв аймгийн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Тэд Налайх дүүргийн оршин суугчид агаад 72 удаагийн үйлдлээр 485 мал хулгайлж, нядалжээ.
Гэмт хэрэг хийж олсон орлогоороо байшин барьж, машин худалдан авч унасан байж. Цагдаагийнхны шалгалтаар тэд мал хулгайлж, урьдаас бэлтгэсэн гараашдаа аваачиж төхөөрдөг байсан гэнэ. Энэ хэргээс цухас өгүүлье. Төв аймаг 2007 оны зун. Тус аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнханд 2007 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат нэгэн өвгөн хамаг адуугаа алдчихлаа гэсээр иржээ. “Ах нь 46 адуутай байсан юм. Ганцхан шөнийн дотор “сүүлгүй” боохойнууд адууг маань ор мөргүй аваад арилчихлаа. Сүүлтэй чононд алдсан бол байгаль дэлхий авахыгаа авч байна гэж бодох сон. Насаараа цуглуулж, өөрөө ч унахаас харамлаж ирсэн морьдоо хулгайч нарт алдсандаа харамсаж байна. Надад үүнээс өөр мал хуй байхгүй. Хот руу л зүглэсэн байж магадгүй гэж бодоод наашаа ирлээ” гэжээ. Энэ явдлаас хойш нэг их удалгүй чөдрийн ганц ч үгүй болсон өвгөн арга ядахдаа тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хүнээс нэг морь худалдаж авчээ. Харамсалтай явдал болж ааштай морь нь нэг бусгаад л өвгөнийг аваад шидчихэж. Ингээд өвгөн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ үеэр мөн хэд хэдэн уяачийн улс, бүсэд нэртэй хурдан хүлгүүд сураггүй болж, нийслэлчүүдийн тогоог тосолж, ходоодыг нь мялаав.
Тухайлбал, алдарт уяач Б.Хэнмэдэхийн хээр морь, тод манлай уяач Д.Ононгийн дүү Ч.Сугарын хар алаг морийг ч “сүүлгүй чоно”-нууд авч, толгойг нь тасдаж амийг нь тасалжээ. 2008 он. Нийслэлийн Налайх дүүрэгт нэгэн барилга баригдаж эхлэв. Хүмүүс энэ барилгыг “Хэн нь бариулаад байна аа” гэж хардах атаархахыг зэрэгцүүлж байсан гэдэг. “Энгэр шанд” нэртэй нүсэр том зочид буудлыг Г.Эрдэнэбаатар нар бариулсан нь энэ байжээ. Энэ буудалтайгаа залгаад маш том хашаагаар хүрээлүүлсэн гарааш бариулав. Гэтэл энэ барилга, гараашийн цаана хулгайн мал нядалгааны газар байсныг тухайн үед хэн ч мэдсэнгүй. Энэ гарааш руу тууж орсон мал хэзээ ч эргэж гарч ирж байгаагүйг тухайн үед хэн ч анзаарсангүй. Эцэст нь иргэд хууль хяналтын байгууллагынханд мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн дагуу Замын цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан тус гараашаас гарч буй машиныг шалгахад “Бид шөнө хөдөөнөөс орж ирсэн машинаас малыг нь авчихаад хот руу оруулж борлуулах гэж явна” хэмээн тайлбарласаар, тэднийг аргалж өнгөрөөсөөр хэд хоножээ.
Энэ хооронд цагдаагийнхан сэжиг таамгийг улам лавшруулан шалгасаар 2008 оны тавдугаар сарын нэгэн өдөр Г.Эрдэнэбаатар нарын зургаан хүнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсноо мэдэгдэв. Гэмт хэрэг нь илэрнэ чинээ бодоогүй байсан тэд эхэн дээ хэргээ хүлээхгүй байсан ч мөрдөн байцаалтаар бүх зүйл нь тогтоогдож эхэлсэн аж. Ингэснээр гэмт этгээдүүд үйлдсэн хамаг хэргээ ярьснаар дээр өгүүлсэн гурван хохирогчоос гадна 72 удаагийн үйлдлээр 485 адуу, тэмээ, үхэр, тэр дундаа адуу голлон хулгайлж байснаа хүлээжээ. Засмал замд ойрхон Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгийн малчдын малыг ихэвчлэн хулгайлж, бэлчээрт нь унагадаг, заримдаа лазерийн чиглүүлэгчтэй буугаар бууддаг байсан тухайгаа хууль хяналтынханд мэдүүлсэн байна. Улмаар олсон “орлогоороо” “Энгэр шанд” зочид буудал, гарааш, хашаа, бариулж, “Скайтел”, “ЖиМобайл”, “Юнител”-ийн гар утас, тус тусдаа автомашин, жийп худалдаж авсан гэжээ.
Дээр өгүүлсэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат өвгөний малыг Налайх дүүргийн арын модтой ууланд аваачин унага, морьд гэлтгүй бүгдийнх нь толгойг сүхээр цөм цохин амийг нь тасалсан бөгөөд толгой, шийрнүүд эд мөрийн баримт болж тэнд хувхайрсан байжээ. Энэ хэргийн хохирогч өвгөний хүү мөрдөн байцаалтад мэдүүлэг тайлбар өгсөн бөгөөд өдгөө шүүхийн шатанд ч мэдүүлэг тайлбар өгч, улмаар аавынхаа амийг энэ гэмт этгээдүүдээс нэхнэ гэж байгаа гэнэ. Учир нь Г.Эрдэнэбаатар нарын зургаан хүн тэдний амьжиргааг салгаагүй, унааны морьтойгоо байсан бол өвгөн мориноос унаж амь насаа алдахгүй байсан гэж хүү нь үзэж буй юм.
Үнэхээр ч хэрэв энэ гэмт этгээдүүд өвгөнийг уналгын хэдэн мориноос нь салгаагүй бол амь насаа алдахгүй ч байсан юм бил үү. Малын хулгайн гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад орж, мал нядалж байгаа арга нь монгол хүний санаанд багтахгүй, хэрцгий болж байгаагийн нэгэн жишээ нь энэ. Үүнээс гадна малын хулгайч нарыг өөгшүүлдэг, тэдний хууль бусаар олсон малыг борлуулдаг ченж нэртэй хэсэг бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд “Хүчит шонхор” захад байгааг хууль хяналтынхан үгүйсгэдэггүй.