Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буутай хулгайч нар цагдаагийнхантай эсэргүүцэн буудалцаж, зугтаад баригдалгүй нэлээд хэд хонож байна. Тэдний хөлөглөж явсан 93-11 УБЯ дугаартай микроавтобусыг журамласан бөгөөд түүнд ачсан гурван адууны махыг эд мөрийн баримт болгож хадгалжээ. Улаанбаатар хотын харьяат дөрвөн хүнийг дээрх этгээдүүд мөн хэмээн сэжиглэж Хэнтий аймгийн цагдаагийн газрынхан саатуулан шалгасан ч тэд энэ хэрэгт холбогдолгүй гэдэг нь нотлогдсон гэж тус аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Дорж мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжууд уг хэргийг үйлдсэн жинхэнэ эзэд хэн бэ гэдгийг тогтоосон ч баривчлан саатуулж хараахан амжаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр улсын гарьд Б.Гантогтохын адуунаас гэмт этгээдүүд хулгайлсан байж болзошгүй гэнэ. Төв аймгийн цагдаагийн газрын албаны эх сурвалжаас өчигдөр 17.00 цагийн үед холбогдож, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар тодрууллаа.
-Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаанд хэчнээн хүн оролцож байна вэ?
-Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатараас болон Төв аймгийн цагдаагийн газрын 20 гаруй алба хаагч ажиллаж, эрэн сурвалжлах ажиллагаанд оролцож байна.
-Хэнтий аймгийн цагдаагийн газрынхан дөрвөн хүн саатуулсан талаар танайд мэдээлсэн үү?
-“УАЗ-469” автомашинтай нэр бүхий дөрвөн хүнийг сэжиглэн саатууллаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Шалгалтын явцад тэдгээр хүмүүс энэ хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон.
-Гэмт этгээдүүд уулнаас буугаад хот руу орчихсон юм биш биз дээ?
-Бид тэднийг уулнаас буугаагүй гэж үзэж, ойг самнаж байгаа.
-Нисдэг тэрэг ашиглан тэднийг хайж болдоггүй юм уу?
-Нисдэг тэрэгний үнэ хөлсийг бид дийлэхгүй. Цагдаагийн байгууллагад нисдэг тэрэг байхгүй, Онцгой байдал, Батлан хамгаалах яам л нисдэг тэрэгтэй шүү дээ гэв.