Хятад иргэдийн ажиллуулдаг баар, цэнгээний газарт халдаж, дээрэмдэх, эздийг нь айлган сүрдүүлсэн хэрэг сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн “Москва” хороололд амьдардаг гурван хятад иргэнийг дээрэмдэж, мөнгийг нь авч нэгийг нь машинтай нь барьцаалж явсан хэргийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд шуурхай илрүүлэн, дээрэм хийсэн залуусыг тус дүүр гийн Цаг даагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Үүнтэй төстэй нэгэн хэрэг өнгөрсөн жил гарч байжээ.
ЦАГДАА ХУВЦАСТАЙ ХҮН ХЯТАД ИРГЭНИЙГ ЗОДОЖ, ДЭЭРЭМДЖЭЭ
2009 оны наймдугаар сарын 31-ний оройхон Баянзүрхийн товчоогоор “Ниссан Санни” маркийн 79-36 УБ дугаартай автомашин нэвтэрч, Мянганы замаар хурдлан давхив. Уг машинд Дорноговь аймгийн харьяат, 30 орчим насны хоёр залуу орон шоронд байснаа, “гал хам”-уудаа дурсан элдвийг ярьж явна. Тэдний нэг болох 30 шүргэж яваа залууг Д.Баяртогтох, 25-26 орчим насны залууг нь Г.Отгонбаатар гэдэг. Тэд Чойр буюу Говьсүмбэр аймгийн “болдоггүй”-чүүдийн толгойлогч гэж өөрсдийгөө дөвийлгөнө. Эртний тэд элдвийг чалчиж явсаар есдүгээр сарын 2-нд зорьсон газраа хүрсэн байв. Өдөржин, шөнөжин нойргүй давхисан тэдний зорилго нь Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгонд байдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ТНММ компанийн менежер Юань Жиан Шэгээс мөнгө авах. THMM компани нь Бор-Өндөр тосгоноос холгүй байх нэгэн уурхайгаас жонш худалдан авдаг ажээ.
Тус компанийн менежер гэх дээрх эрийг ажлаасаа гараад Бор-Өндөрийн төв рүү явж байтал “Ниссан” маркийн суудлын автомашин хажуугаар нь гүйцэж түрүүлэн зогсоожээ. Суудлын автомашинаас цагдаагийн дүрэмт хувцастай, ахлагч мөрдөстэй хүн гарч ирж амрыг эрэн, бичиг баримтаа шалгуулахыг хүссэн байна. Айсан хятад эр паспортоо үзүүлэхээр халаасаа ухаж байтал “Машинд суу” хэмээн цагдаагийн ажилтан тушаав. Монголд цөөнгүй жил ажиллаж амьдарсан хятад эр монгол хэл гадарладаг болсон тул төрийн хувцас өмссөн хүний үгийг дагаж машинд нь суужээ. Энгийн хувцастай өөр нэгэн залуу жолооны ард сууж, тэднийг Бор-Өндөрийн төв рүү биш, эзгүй хээр аваачсан байна.
Ингээд цагдаагийн ажилтан нь нөгөө хятадыг зодож эхэлжээ. Хажуунаас нь энгийн хувцастай нь ч оролцсон аж. Ингээд 1000 гаруй юань, хоёр сая орчим төгрөгийг нь аваад “Бидэнд иймхэн мөнгө хэрэггүй. Чи гэрээ зааж өг. Бидэнд их хэмжээний мөнгө хэрэгтэй” гэж шаардсан байна. Цагдаагийн ажилтан энэ үед хувцсаа сольж энгийн хувцас өмсөж, хятад эрийн гарт гав зүүжээ. Сүнсээ зайлтал айсан тэрбээр гэрээ ч заан өгч, нөгөө хоёр залуу ч гэрт нь очоод үнэ хүрч магадгүйгээр нь компьютер, дагалдах хэрэгсэл, зургийн аппарат, хоёр гар утас, интернэтийн модемийн хамт авчээ. Түүнчлэн ХААН банкны хадгаламжийнх нь дэвтэр зэрэг бичиг баримтыг нь аваад буцаж Улаанбаатарыг зорьжээ.
ХҮН БАРЬЦААЛСАН ЭТГЭЭД БАНК РУУ НЭВТРЭВ
Тэд барьцааны хүнээ авч явахдаа замдаа зүгээр байлга сангүй. Түүнийг хөдлөх тоолонгоор цахилгаан бороохойгоор цохиж, алгадсаар байжээ. Ийн явсаар хотод үүрээр орж ирсэн байна.
Тэд Юань Жиан Шэгийн хадгаламжаас мөнгийг нь авахаар 24 цагийн үйлчилгээтэй банк хайсан боловч олдсонгүй. Тэд нэгэн зочид буудалд хоноглохоор боллоо. Ингэхдээ нөгөө хятад эрийг ариун цэврийн өрөөнд оруулж паарнаас нь гавласан байна. Энэ үед Юань Жиан Шэ “Би эндээс хаашаа ч зугтахгүй, гаваа суллачих” гэж гуйснаар түүнийг нь тайлж, цоожилж орхив.
Есдүгээр сарын 3-ны 09.30 цаг. Буянт-Ухаа дахь ХААН банкаар БНХАУ-ын иргэн Юань Жиан Шэ хадгаламжийн данснаасаа 11 сая төгрөг авахаар хар нүдний шил зүүсэн, саравчтай малгайтай залуугийн хамт орж ирлээ. Банкны теллер эмэгтэй түүнд мөнгийг нь тоолж өгөхөөр багцалж байхад хятад эр ямар нэгэн зүйл дохиод байж. Сэжиг авсан теллер хажуу дахь монгол залууг нь нүдний шилээ авахыг хүссэн байна. Монгол залуу нүдний шилээ авсан ч теллерийг эгцэлж хараагүй аж. Энэ үед хятад залуу мөнгөө авангуутаа банкны хамгаалалтын ажилтны суудаг ширээ рүү очиж монгол залуу руугаа зааж хоолойгоо хэрчих гэж байгаа дохио зангаа үзүүлжээ. Гайхсан хамгаалагч юу болоод байгаа учрыг олохоор ухасхийтэл нөгөө хятад эр теллерүүдийн суудаг лангууны араар гүйгээд орчихов. Ийнхүү нэгэн өглөө ХААН банкны Буянт-Ухаа дахь салбарт бяцхан адал явдал өрнөжээ.
Харин нөгөө монгол залуу нь хятад эрийгээ явъя гэж дохиод байж. Энэ үед банкны ажилтнууд монгол залууг гадагш нь гаргаж болохгүй гэсэн үүрэг хамгаалалтын ажилтандаа өгчээ. Гэвч нөгөө залуу мөнгийг нь аваад зугтахыг оролдсон байна. Түүнийг хамгаалагч баривчилжээ. Ингээд цагдаагийн байгууллагад мэдээ лэл өгч Нийслэлийн хө дөл гөөнт эргүүлийн газрын ажилтнууд ирж түүнийг саатууллаа. Тэрбээр банк руу орохдоо хятад залуудаа хутга тулгаад явж байсан аж. Цагдаа нар ирж хамтрагчийг нь баривчлахыг харсан найз нь машинаа жолоодон гэр рүүгээ явсан байна.
Тэд хэн байв. Дээр өгүүлсэн Д.Баяртогтох, Г.Отгонбаатар нар энэ хэргийг үйлджээ. Хуулийн байгууллагад Д.Баяртогтохын найз бүсгүй “Бид танилцаад долоон сар болж байсан. Д.Баяртогтох миний машиныг хааяа жолоодож явдаг юм. Заримдаа түүний ах Д.Батням гэдэг цагдаа нь барьдаг. Есдүгээр сарын 3-нд Д.Баяртогтохтой хамт явсан Отгоо гэх залуу миний машиныг жолоодож ирээд “Машиныг чинь зогсоолд тавьчихлаа. Д.Баяртогтох жаахан асуудалд орчихоод Хан-Уулын цагдаагийн хэлтэст байгаа” гэж хэлчихээд яваад өгсөн гэж мэдүүлжээ.
Харин Д.Баяртогтохын ах Д.Батням “Баяртогтохын найз бүсгүйн машиныг дүү бид хоёр ээлжилж унадаг. Тиймээс би дүрэмт хувцсаа болон цахилгаан бороохой, гав зэргээ машинд орхичихдог байсан. Би дүүгээ миний дүрэмт хувцсыг өмсөөд гэмт хэрэг хийнэ гэж санасангүй” хэмээн мэдүүлжээ.
Ийнхүү цагдаа ахынхаа дүрэмт хувцсыг өмсөн, дээрэм хийсэн залуус өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байжээ. Тухайлбал, Д.Баяртогтох нь 2001, 2003 онд мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэн 2006 онд батлагдсан Өршөөлийн хуулийн дагуу ялаас хасагдаж, мөн оны арваннэгдүгээр сард хугацаанаас өмнө тэнсэн суллагджээ. Харин Г.Отгонбаатар 2000, 2003 онд мөн л дээрэм, танхайн хэргээр ял шийтгүүлж, хугацаанаасаа өмнө суллагдсан байж.
Д.Баяртогтох “Би Юань Жиан Шэтэй Улаанбаатарт танилцаж хамтран ажиллахаар болсон юм. Би түүнээс авлагатай байсан” хэмээн эхэндээ мэдүүлж байснаа сүүлдээ “Надад хэдэн төгрөг хэрэгтэй болоод би Юань Жиан Шэгээс 13 сая төгрөг зээлэхээр очсон. Гэтэл Юань Жиан Шэ “Эхнэр төрөх гээд, нутаг буцах хэрэгтэй болчихоод байна. Чи миний компьютер дагалдах хэрэгслийг ав” гэсэн. Бид тэр шөнөдөө хотод орж ирээд буудалд хонож өглөө нь Г.Отгонбаатарыг гэр рүү нь хүргэж өгөхдөө Нисэхэд байдаг ХААН банкнаас мөнгө авахаар орсон. Тэнд байхдаа бид маргалдсанаас болж цагдаа нар ирж баривчилсан” гэжээ.
Харин Г.Отгонбаатар “Д.Баяр тогтох над руу утсаар ярьж Бор-Өндөр явчихаад ирье. Хүнээс мөнгө авах ёстой гэсэн. Ингээд Юань Жиан Шэтэй уулзаж, гэрт нь тэр хоёр орсон. Би гадаа нь машиндаа унтаад үлдсэн” гэжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Д.Баяртогтох, Г.Отгонбаатар нар урьд нь хүнд гэмт хэрэг удаа дараа санаатай үйлдэж ял шийтгүүлсэн. Дараа нь бусдыг амь насанд нь заналхийлж, зэвсэг хэрэглэн дээрэмдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцохоор шийдвэр лэ жээ. Ингээд Д.Баяр тог - тоход найман жил зургаан сар, Г.Отгонбаатарт долоон жилийн хугацаагаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.РАВЖАА