Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Энэ жил түрүүлсэн бөхөд анх удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цом олгохоороо онцлог байв. Тус цомын эзнээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх улсын харцага Э.Даш түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ.
Харин шөвгийн наймд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжав нар шалгарлаа.
Анх удаа хүртээж буй 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ.