1939 оны Халхын голын тулалдаанд Япон улс Зөвлөлт, Монголын цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг ашигласан тухай нууц архивын баримт бичгийг ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо олон нийтэд ил болгов.
Энэхүү харгислалыг хүмүүсийг үхлийн аюултай вирусуудаар халдваржуулдаг аймшигт туршилтуудаараа алдартай Квантуны 731-р арми үйлджээ.
1939 оны тавдугаар сараас есөн сар хүртэл бараг 4 сар үргэлжилсэн энэхүү дайнд Орос, Монголын арми БНМАУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орсон Японы түрэмгийлэгчдийг бут ниргэсэн юм.
1945 оны Чөлөөлөх дайны дараа Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх (Токиогийн шүүх хурал; 1946 оны 5-р сарын 3 - 1948 оны 11-р сарын 12) Японы 25 дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэжээ. Шүүх хурлын үеэр АНУ болон Зөвлөлтийн тагнуулын алба аль аль нь Японд бактериологийн зэвсэг байгааг нотлох баримтыг дэлгэсэн байна.
Гэвч 1946 оны сүүлээр АНУ-ын тал энэхүү асуудлыг орхижээ.
Чөлөөлөх дайны дараа Японы 640 мянга гаруй цэрэг олзлогдсон бөгөөд Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагууд тэдгээр олзлогдсодын дунд бактериологийн зэвсэг бүтээхэд оролцсон хүмүүсийг илрүүлэх томоохон ажил явуулжээ.
Японы армийн ахлах комиссар Хаяши Казуогийн 1947 оны 1-р сарын 15-ны өдрийн байцаалтын протоколоос:
“1939 онд Монголын хил дээр Японы болон Зөвлөл-Монголын цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр Японы армийн командлалын тушаалаар Иший Широгийн нэг хэсэг дайсны цэргийг бут ниргэхийн тулд газар нутгийг бохирдуулах гурван туршилт хийсэн...
Би отрядын захирагчаар томилогдсон болохоор Монголын хил дээрх отрядын бүхий л үйл ажиллагааг сайн мэдэж байсан.
Тус отряд 1939 оны 7-р сарын 3-нд байлдааны бүсэд Монголын хилийг чиглэн, ... нуурын зүүн хэсэгт саатжээ. Энэ хавьд отряд хэд хэдэн удаа байрлалаа өөрчилсөн бөгөөд 1939 оны 8-р сарын 29, 30, 31-нд шилжих шөнө хижиг өвчний нянгийн халдварын туршилтыг хийсэн юм. Эхний хоёр туршилтыг Квантуны армийн командлагч, хурандаа генерал Уэда [Кенкичи]-ийн тушаалаар, гурав дахь туршилтыг Иший Широгийн өөрийнх нь тушаалаар хийжээ.
Японы арми ухарч байх үед Зөвлөлтийн Улаан армийн анги нэгтгэлүүд төвлөрөх магадлалтай газар нутгийг сонгож, халдварлажуулсан...”
ХМТ-ны нийтлэсэн баримтуудаас харахад энэ газрыг (Халхын гол) хижиг, цусан суулга өвчний үүсгэгч нянгаар бохирдуулсныг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй “амиа золиослогчдын” отрядынхан гүйцэтгэжээ.