Асар майхнаа дэрвэтэл уухайлах шагайн харваачдын түрлэгт наадамчин олны хийморь сэргэдэг гэх яриа бий. Шагай харваа нь бясалган бодох дотоод сэтгэлгээний өрсөлдөөн тул харваач бүр сум тавихдаа орон зайг сайтар тооцоолдог. Тиймдээ ч үндэсний спортын төрлөөс ур чадвар, торгон мэдрэмж, тэвчээр, хатуужил шаггүй шалгадаг наадгай. Ухаан хөгжүүлэхээс гадна хамт олноо хүндэтгэх нөхөрлөлийг батжуулдаг тул монгол эрчүүдийг аливаад алсын бодолтой, уужуу ухаанаар хандах, зөв шийдвэр гаргаж, хүч чадлаа төвлөрүүлэхэд үеийн үед түшиг болж иржээ.Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд 83 багийн 652 харваач цэц сорьсноос Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын хошоймэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Бүрд” багийнхан дэд байрт шалгарсан юм. Тус багийн харваачдаас Монгол Улсын хошой мэргэн Т.Данзандоржийг зочноор урилаа.
-Монгол түмний хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдөр хоног хаяанд ирлээ. Шандаст хурдан хүлгүүдийн тэнгэртбоссон тоос, зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүдийн барилдаан, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, талын салхи хөгжөөж, хийморь сэргэтэл уухайлах шагайн харваачдын наадахыг харахаарнаадамчин олон догдолж суугаа. “Бүрд” багийнхныг байгалийн үзэсгэлэнт газарт наадмын бэлтгэлээ базаадаг гэж сонссон. Та галынхантайгаа энэ жил хаана гарав?
-Манайхан Дундговь аймгийн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар наадмын бэлтгэлээ хоёр дахь жилдээ базааж байна. Энергийн төв, зэгс, нууртай, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Саран хөхөө” дуулалт жүжиг тоглодог байсан газар гал болжгарсандаа бид их бэлгэшээдэг. Багаа “Бүрд” гэж нэрлэсний учир нь энэ нутагтайсалшгүй холбоотой. Элгазрын сайхан бүхэн нь хол, ойрын олон хүний сэтгэлийг татдаг болохоор сонирхожүзэхээр зорьж ирэх нь их.
-Танайхан өнгөрсөн жилийн наадмаар Өмнөговь аймгийн багтай ана мана тоглоодхожигдсон. Тэднээс даагаа нэхэж, энэ жил аварга болохыг зорих байх.
-Бид 100 гаруй багийн 1000 орчим харваачаас эхний гурван байрт шалгарч, мөнгөн медалиа зүүгээд Цэнгэлдэхийн ногоон талбайд наадамчин олонтой мэндчилэн, аавынхаа, нутгийнхаа нэрийг дуудуулжбаярласан омогшлыг юутай ч зүйрлэмээргүй санагддаг. Тэр үед хойтон жилийн наадам хол байна даа гээд ярьж байлаа. Гэтэл хэдийн хаяанд иржээ. Манай багийнхан өнгөрсөн жилийн наадамд аваргын төлөө Өмнөговь аймгийнхантай эн тэнцүүхэн тоглож, нэг оноогоор хожигдсон. Онооны хол зөрүүгүй ялагдахаар өөрийн эрхгүй шар хөдөлдөг юм билээ. Бид тэднийг өмнө нь УАШТ-д хожиж түрүүлсэн юм. Аливаа зүйлдээлж байдаг. Тийм л зүйл боллоо гэж тэр үед өөрсдийгөө тайвшруулсан даа.
-Та нарыг мөнгөн медаль хүртэхэд наадамчин олон “Бүрд”-ийнхэн бусдыгаа бодвол залуу харваачидтай юм. Бэлтгэлээ чамбай хийсэн нь харагдаж байна. Сайхан амжилт гаргалаа” гээд ярьж байлаа.
-Биднийг шагайн харвааны асарт ороход хүмүүс “Бүрд” багийнхан энэ жил өнгөтэй байна” гэж байсан. Багаараа эхний тоглолтод хожигдсон ч аваргын төлөө тоглохоор шалгарсан. Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид нясалгааны техник сайтай. Тэд ямар ч тэмцээнд сэтгэл зүй өндөр, өөртөө итгэлтэй оролцдог. Олон жил тоглосон туршлагатай харваачдаар багаа бүрдүүлдэг болохоор жил бүрийн наадмаар хүчтэй өрсөлддөг. Манай багийн харваачдаас Д.Орхонтамир, П.Чинбат нар Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Бид энэ жил багтаа сайн тоглодог гурван харваач урьж, хүч сэлбэлээ. Өмнөговь аймгаас Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Мөнхтулга, Булганаас Хишиг-Өндөр сумын харьяат, улсын мэргэн Г.Сүхбат, Хөвсгөлөөс Бүрэнтогтох сумын харьяат, улсын мэргэн М.Отгонхүү нарыг эгнээндээ нэгтгэсэн. Наадмын шагайн харвааны тэмцээнд баг бүр нэг өнгийн хувцсаар ижилсдэг. Манайхан гоёлоо хэдийн зэхсэн. Өнгөрсөн жил хөх цамц, шар өмдтэй байсан бол энэ удаа цагаан цамц, ногоон өмд өмсөнө.
-Театрын уран бүтээлч залуугийн сэтгэлийг шагайн харваа тэгтэл их татсан нь өөрийн эрхгүй сонирхол төрүүлээд байх юм.
-Сэтгэл татах өвөрмөц, гайхалтай увдис энэ спортод бий. Дурлаж орсон бол гарна гэж байдаггүй юм. Шагайн харваа эр хүний хийморийг сэргээдэг. Олонтой нөхөрлүүлж, зөв төлөвшүүлдэг. Хүнээс үг сонсож сурахаас гадна аливаад тайван, хүлээцтэй ханддаг болно. Харваачид сум онох тусам баярлан урамшиж, илүү хичээдэг юм шүү дээ. Би өөрийгөө шагай харваж тоглох хувьтай хүн гэж боддог. Аав минь залуудаа шагай харвадаг байлаа. Үндэсний спортоос шагайн харвааг сонирхож, 2018 оны арваннэгдүгээр сараас хашлага, сумтай анх нөхөрлөсөн. Тухайн үед Дундговь аймгийн хөгжимт драмын театрт уран бүтээлчээр ажилладаг байлаа. Түүнээс хоёр жилийн дараа Ц.Отгонбаяр ахлагч УАШТ болохоос өмнө У.Өнөрбаяр, Э.Мөнхбаяр бид гуравт санал тавьснаар “Бүрд” багийнхантай нэгдсэн юм. Бид тэр жил аймгийн АШТ-д түрүүлж, УАШТ-д шигшээ 16-д шалгарсан. Улсын тэмцээнд анх удаа өрсөлдсөн надад алдартай мэргэчүүдийн авьяас, мэдрэмж, ур чадвар олон зүйлийг ойлгуулж билээ.Тэднээс чамгүй туршлага хуримтлуулсан минь хожим хэрэг болсон. Бид 2021 онд УАШТ-ээс алтан медаль хүртэж, нутгийнхаа олныг баярлуулсан даа. Дундговь аймгийн шагайн харваачид өмнө нь 31 жилийн түүхэнд улсын аварга болж үзээгүй байв.
-Улсын наадамд, УАШТ-д цэц сорьдог шилдэг харваачидтай багуудыг хожиж, шигшээ наймд шалгарах амаргүй. Танайхан “битүү морь” шиг давхижээ.
-УАШТ-ий шигшээ наймд шалгарахад үзэгчид “Сайн тоглодог, сайхан харвадаг залуус байна” гэцгээж бидний цааш тоглох, эсэхийг тааварлаж эхэлсэн. Шигшээ дөрөвт үлдэхэд зарим нь “Бүрд” багийнхан тэмцээнээ энэ хүргээд өндөрлөх биз. Харин нөгөө гурван багаас нэг нь түрүүлнэ” гээд ярьж байв. Тэгтэл аваргын төлөө өрсөлдөх болоход их гайхсан. Би тэр тэмцээнд багийнхантайгаа тэргүүн байр эзэлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм. Нутгийн ахмадууд шагай харвадаг залуустаа ам сайтай. Намайг анх сурч байхад хэрхэн сайн харвах талаар зааж, зөвлөдөг байлаа. Тэднийхээ сэтгэлийн дэм, урам хайрласан үгээс эрч хүч авч, ур чадвараа өдрөөс өдөрт ахиулсан. Энэ жилийн УАШТ Өмнөговь аймагт болоход манайхан шигшээ 16-д Өмнөговь, Дорноговийн багтай тэнцэн сум уралдаж хожигдсон. Энэ удаа Өмнөговийн аймгийн харваачид улсын аварга болж, Дорноговийнхон хүрэл медаль хүртлээ.
-Бөх, сур, шагайн харваачдын өмссөн гоёл наадамчин олны нүдийг хужирладаг. Та шинэ дээл урлуулав уу?
-Ээжийнхээ оёсон дээлийг өмсөж, 2020 онд аймгийн АШТ-д түрүүлсэндээ их бэлгэшээдэг. Түүнээс хойш хүүдээ жил бүр шинэ дээл урлаж, бэлэглэдэг болсон. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүж, хийсэн дээлийг нь мялаан, ээжийгээ баярлуулсан удаа цөөнгүй. Харваач бүр тухайн жилийнхээ ээлтэй өнгийг сонгодог. Миний хувьд ээж, эгчтэйгээ ярилцаад цайвар ногоон өнгөтэй дээл урлууллаа. Өнгөрсөн жилийн наадмаар шагнал хүртэхийг бэлгэдэж, шар өнгийн дээл хийлгэсэн. Шагайн харвааны асарт тэр дээлтэйгээ мөнгөн медаль гардаж байв. Манайхан наадмын өдрүүдэд зурагтаас холддоггүй. Шагайн харвааны зах зухаас мэддэг болохоор намайг багийнхантайгаа хэрхэн тоглож буйг догдолж хардаг. Би айлын бага хүү. Дөрвөн ах, нэг эгчтэй. Хоёр дахь ах минь шагайн харвааны тэмцээн хаана болно тэнд очоод үзнэ. Аймгуудад болдог тэмцээнд ч дүүгээ дагаад явна шүү дээ.
-“Сум тавихгүй нэг өдөр өнжвөл маргааш нь өөр болчихдог” гэж шагайн харваачид ярих юм билээ. Таныг гэр бүл тань хэр ойлгож, дэмждэг вэ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Намайг бэлтгэл базаах үед эхнэр гэрийнхээ бүх ажлыг хариуцаж, амжуулдаг. Шагайн харваачид амжилт гаргахын тулд ар гэрээ ч анзаарах сөхөөгүй бэлтгэл хийх нь бий. Хашлага, сумнаас долоо хоног холдвол амархан төсөөрдөг. Тиймээс байнга бэлтгэл хийж байж, тоглох арга барилаа өөрийнх болтол эзэмшинэ. Гэр бүлийнхэн минь ойлгож, дэмждэгийн ачаар богино хугацаанд амжилт гаргаж, улсын цолд хүрсэн. Олон сар бодсон зорилгоо өнгөрсөн жилийн наадмаар биелүүлж, цолоо ахиулсандаа баярладаг.
-Шагайн харваачид хашлага, сумаа их дээдэлнэ. Уран гартай нэгнийг зорьж харвааны хэрэгслээ хийлгэж байгаа харагддаг шүү.
-Шагайн харваачдад таарах, таарахгүй сум гэж байдаг. Нэг сум нь таарахад нөгөө нь таарахгүй. Сумаа санамсаргүй байдлаар алга болговол таарах сум тэр бүр олддоггүй. Урласан хүнээрээ сум дахиж хийлгэхэд ясны байдлаас хамаараад өөр болно. Харваачдын хувьд хашлага, сум хамгийн их дээдэлдэг чухал хэрэгсэл. Миний хувьд чанартай материалаар хийсэн, өнгө үзэмж, загвар хийц сайтай хашлага барихыг боддог. Би хашлага, сумаа жил бүр сольдог. Заримыг нь хүнд бэлэглэнэ. Өнгөрсөн жилийн наадмаар барьсан хашлагаа Чех улсад ажиллаж, амьдардаг шагайн харваачид бэлэглэсэн.
-Уухайгүйгээр шагайн харвааг төсөөлшгүй. Шагай харвааны хамгийн нандин увдис нь уухайнд байдаг гэж ахмадууд өгүүлдэг дээ.
-Бид нутгийн ахмад харваачдаас хэрхэн уухайлахыг суралцаж байгаа. Шагайн харвааны уухайнд байгаль дэлхий өнгөө засдаг гэдэг. Шагайн харваа болж буй газрын зуншлага сайхан болдог нь ийм учиртай. Мөн найзын, онооны уухай ч бий. Уухай бүр өөрийн гэсэн онцлогтой. Харваачид шагайн харвааг тоглохдоо өөр хоорондоо уухайгаар харилцаж, ойлголцдог. Асарт хоёр хоног тоглоход уухай чихэнд хоногшдог. Хэдэн өдөр мартагдахгүй. Тиймээс шагайн харвааны уухайг сонссон хүний хийморь сэргэдэг хэмээн бэлгэддэг юм шүү дээ.
-Та Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынх. Нутгаас тань төрсөн алдартай бөх, сур, шагайн харваачид бий л байх.
-Манай нутгийн бөхчүүдээс Л.Пүрэвжав Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын харцага Г.Ганхуягаар зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн. Тэрбээр 2012 онд улсын наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын аварга Ч.Санжаадамбаар тав, улсын заан Б.Пүрэвсайханаар зургаа даван шөвгөрч чимэг нэмж байлаа. Үндэсний сурын эмэгтэй харваачдаас өнгөрсөн жилийн наадмаар аймгийн мэргэн З.Пэрэнлэй буриад сур харваанд улсын мэргэн цол хүртсэн юм. Улс, аймаг, даншгийн наадамд хурдан морьдоо сойж, торгон жолоо өргүүлсэн ахмад уяачид бий. Шагайн харваачдаас Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн нь одоогоор би байна.
-Наадам дөхөхөөр шагайн харваачид сэтгэлзүйгээ бэлдээд, бэлтгэлдээ анхаарал хандуулж, олны хөл, хөдөлгөөнөөс холхон байдаг. Та хэр догдолдог вэ?
-Шагайн харваачдын хувьд наадмын өмнөх өдөр хэт догдлохгүй, тайван тогтуун байж сайн амрах нь чухал. Зарим харваач сэтгэл гэгэлзэж, нойр муутай хоносноос болж наадмын харваа эхлэхэд эвшээж байгаа харагддаг. Бид наадмын өмнө шагайн харвааны хэрэгсэл, өмсөх гоёл гээд бүх зүйлээ зэхэж бэлдэнэ. Наадмын өглөө өөдрөг бодол тээж ирээд шагайн асарт тухалдаг. Ээж минь цай, сүүний дээжээ хангай дэлхийд өргөж, хамаатан садны ах дүүс амжилттай тоглохыг ерөөж үзнэ. Шагайн харваа багийн спорт тул хүн бүр үүрэг хариуцлагатай тоглохыг хичээнэ. Бидэнд тоглолт бүр үнэ цэнтэй болохоор аав, ээж, нутаг ус, хамт олныхоо нэрийг өндөрт өргөхийг боддог.
-Монгол Улсын мэргэн цол хүртэхэд танд хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Зүүд шиг санагдаж, үнэн үү гэж өөртөө эргэлзэж билээ. Мөнгөн медалийн болзол хангах тоглолтод би сум алдсан ч багийнхан минь сайн тоглож түрүүлсэн юм. Тэр үед нутгийн олон баярлаж огшиход дуу ч гарахгүй болж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Олон жил хичээллээгүй ч богино хугацаанд амжилт гаргаж, улсын цол хүртэнэ гэдэг хүн бүрд тохиодоггүй ховор завшаан. Ерөнхийлөгчөөс сар шинийн босгон дээр Монгол Улсын хошой мэргэн цол гардаж авах баярт мөч амьдралд минь мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн.
-Цол дагаж, бяр гэдэг үг байдаг даа. Улсын цол хүртсэний дараа хүмүүсийн харилцаа, хандлага өөрчлөгдсөн нь анзаарагдсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Олны хандлага өмнөхөөсөө өөр болсон нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Хаана ч очсон таних, танихгүй хүмүүс мэндлээд хүндэлж харилцах нь сайхан бодол төрүүлдэг. Цахим хуудсанд найзын хүсэлт илгээсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр танилын хүрээ ч тэлсэн. Наадмын дараах тэмцээнүүдэд Монгол Улсын мэргэн гээд зарлуулахад эхэндээ дасахгүй, малгайгаа өмсөхөөс хүртэл санаа зовдог байлаа. Тэр үеийг бодвол одоо дасжээ.
-Аавыгаа шагай харвахыг хараад хүү нь ч гэсэн сурахыг хүсэж байгаа даа.
-Хүү минь намайг дуурайж ганц нэг сум тавьдаг. Өнгөрсөн жил аймаг, сумын 100 жилийн ойн баяр тохиоход хүүгээ дагуулаад явсан. Хүү миньзарим нэг багийн хүүхдүүдтэй хамт тоглож, медаль хүртээд их урамшсан шүү. Одоо шагайн харваанд тэгтлээ дурлахгүй л байна. Нас нь бага болохоор би ч бас тоглуулах бодолгүй байгаа. Энэ ташрамд, баяр наадмын уур амьсгал хэдийн орж, түмэн олноороо сэтгэл тэнүүн наадах цаг хаяанд ирлээ. Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, наадах шагайн харваачдын сум нь мэргэн байх болтугай.