Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон Яармагийн гүүр ашиглалтад орохоосоо ч өмнө үерийн усанд автсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Уг гүүрийг барих ажлыг өнгөрсөн онд албан ёсоор эхлүүлсэн гэх агаад зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан юм. Мөн уг гүүрийг 77.8 тэрбум төгрөгөөр босгож буй гэх мэдээлэл бий.
Гүүр барих ажлыг хариуцаж буй нийслэлийн Замын хөгжлийн газраас нөхцөл байдлын талаар тодруулахад “Уг гүүр үерийн усанд автсан гэх мэдээлэл нь худал. Мөн “Чанаргүй гүүр барьсан учраас нураахаар шийдвэрлэжээ” гэж яриад байгаа нь ор үндэслэлгүй. Үерт автсан хэсэгт гүүр барих ажил хийгээгүй байсан. Мэргэжлийн инженерүүд зураг, төсөл дээр нь ажиллаж, судалгаа, шинжилгээ сайн хийсэн тул баригдсаны дараа усанд автах эрсдэл байхгүй. Ус сувгийн удирдах газраас магистрал шугам, сүлжээний ажлыг хийж байна. Үүнийг дуусахаар автозамынх нь бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Манай байгууллагаас ажлын явцыг 24 цагийн турш хянадаг. Алдаа гарсан тохиолдолд дор бүрд нь засуулдаг. Усны голдирлыг зассан. Одоогоор тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна” гэсэн юм.
Өнөөдрөөс хэд хоног дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орохыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Өдгөө үерийн усанд автаад буй эл гүүр нь ойрын өдрүүдийн борооны ая даах болов уу.
Бэлтгэсэн А.Үүлэн