УИХ-ын ес дэх удаагийн сонгууль баасан гарагт болно. Энэ удаагийн сонгуульд түүхэн хэмээх олон тодотгол бий. 19 нам, хоёр эвслээс нийт 1338 нэр дэвшигч буюу хамгийн олон хүн өрсөлдөж байна. Хамгийн олон сонгогч оролцож, холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох юм. Үүгээр зогсохгүй залуучуудын “шоуны” хэмээн “шошго”-лдог өдөр саналаа өгөх нь.
2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 60, 2016 онд 18-25 насныхны 49.2, 2020 онд 38 хувь нь саналаа өгөөгүй. Залуусын оролцоо бага багаар нэмэгдэж буй ч хангалтгүй хэвээр гэдгийг энэ статистик харуулж байна. Нөгөөтээгүүр, “Надтай, надгүй сонгууль болоод л өнгөрнө”, “Миний нэг саналаар дутав л гэж” гэсэн хайнга бодолтой залуус цөөнгүй.
Сонгуультай жил бүр л залуусыг саналаа өгдөггүй, залхуу, хойрго хэмээн буруутгадаг ч түүнд нөлөөлөх хүчин зүйлс бийг санууштай. Саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаягийнхаа дагуу хэсгийн хороонд очих ёстой байдаг. Гэтэл 18-40 насныхан хүн амын хамгийн хөдөлгөөнтэй хэсэг. Ажил хийх, сурч боловсрох орчноо даган, бүртгэлтэй хаягаасаа хол байх нь нийтлэг. Их, дээд сургууль, коллежид 145 мянган оюутан суралцдаг нь хүн амын төвлөрөл, хөдөө, орон нутгаас нийслэлд түр оршин суугчдын тоо өндөр буйг илэрхийлдэг. Энэ нь нэг талдаа залуусын сонгуулийн хувь, оролцоог бууруулах хүчин зүйл болдог нь нууц биш.
Мэдээж санал өгөх өдөр бүх нийтээр амарна. Уг боломжийг ашиглан иргэд олон хоногийн дараалсан амралтаараа хөдөө, орон нутаг руу аялахаар явчих вий. Тиймээс дөрвөн жилд ганц удаа тохиох сонгуульдаа оролцож, ардчилсан нийгмийн үнэт зүйл болох сонгох эрхээ эдлэх нь хамгийн чухал юм.
Сонгогчид энэ удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох тул хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Нэг хуудаснаас дэмжиж буй нам, эвслийн нэрсээс зөвхөн нэгийг нь сонгоно. Нөгөө хуудаснаас нь танай тойрогт ногдох мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчдээс сонгон будна. Илүү, эсвэл дутуу тэмдэглэл хийвэл саналын хуудас тань хүчингүй болох юм.
Энэ өдрийн 07.00-22.00 цаг хүртэл сонгууль үргэлжилнэ. Сонгогчид хоёр саналын хуудас бөглөх тул өмнөхөөсөө хоёр дахин их цаг зарцуулна гэсэн үг. Үүнээс болоод залуус та нар хэдэн арав, эсвэл зуун хүний ард хүлээж магадгүй. Урт дарааллаас битгий залхаарай, удаан зогссон ч саналаа заавал өгөөрэй. Боломжтой бол ганц өдөр эрт босож, хүмүүс сийрэг байх үед нь очвол илүү амар байж мэднэ. Залуус аа, Монголын ирээдүй таны нэг саналаар дутна. Одоогийн амьдарч буй нийгмийнхээ болохгүй, бүтэхгүйг засахад, гажуудсан бодлогыг өөрчлөхөд та сонгуульд саналаа өгснөөр нөлөөлж чадна. Хоёр жилийн өмнө “нүүрсний хулгайчид”- ыг эсэргүүцэн талбай дээр олноороо жагсаж байсан шигээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Бусдын үгээр сонголтоо хийлгүй, өөрийн итгэл үнэмшил, судалсан мэдлэгтээ үндэслэн ирэх дөрвөн жилийн “амьдралаа тодорхойлох” сонголтоо хийгээрэй.
Бэлтгэсэн: Д.Хүслэн