Хүний амьдралд сэтгэцийн эрүүл мэнд нь биеийнхтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бид үүнийг тэр бүр мэддэггүй. Сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай, сэтгэл гутралтай байх нь ажлын бүтээмж муудах, ядарч сульдах мөн биеийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч А.Оюунжаргалтай ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутралыг хүмүүс янз бүрээр ойлгодог. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Юуны түрүүнд сэтгэцийн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэх ойлголтыг ярих шаардлагатай. Сэтгэцийн хувьд эрүүл гэдэг нь нийгэм, хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, зохих байр суурь эзлэн, хувь нэмрээ оруулахыг хэлнэ. ДЭМБ-аас бие махбод болон сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй, ямар нэгэн асуудалгүй бол эрүүл хүн гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, эргэн тойронд нь өрнөж буй асуудал, өөрчлөлт зэрэгт дасан зохицож чаддаг хүнийг хэлнэ гэсэн үг. Харин тулгамдсан асуудал нь нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, амьдралын орчин нөхцөл өөрчлөгдөх, стресс, өвчин, гэр бүлийн маргаан, уй гашуу тохиолдох зэргээр тухайн хүнд учирч буй зан үйл түр хямрах үзэгдэл юм. Ерөнхийдөө тухайн хүнд сэтгэл зүйн хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж буй зүйлийг бид тулгамдсан асуудал гэж үздэг. Сэтгэцийн эмгэгийн тухайд олон улсын өвчний оношлох шалгуур үзүүлэлтэд заасан эмгэгүүд бий. Иргэд сэтгэцийн эмгэг болон тулгамдсан асуудлыг хооронд нь ялгадаггүй. Сэтгэцийн эмгэг гэхээр шууд л галзуурсан, солиорсон гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл энэ эмгэг нь маш өргөн хүрээтэй ойлголт шүү дээ.
-Сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илрэх бол?
-Хүмүүс ихэвчлэн сэтгэл гутралыг хөнжлөө нөмрөөд уйлаад хэвтэхийн нэр гэж боддог. Гэтэл сэтгэл гутрал нь олон төрлөөр илэрч болно. Шинж тэмдгийг нь бие махбодын болон сэтгэл зүйн гэж ангилдаг. Сэтгэл зүйн хувьд ажилдаа сонирхолгүй болох, хэн нэгэнтэй харилцахаас төвөгшөөх, ганцаардах, сөрөг бодол давамгайлах зэргээр илэрнэ. Мөн өөртөө итгэлгүй болж, үг дуу цөөрөх, сэтгэл хөдлөл багасах зэрэг амьдралын идэвх буурах нь түгээмэл ажиглагддаг.
Бие махбодын хувьд ядарч сульдах нь элбэг. Өмнө нь хүч шаардахгүй, зүгээр л хийдэг байсан зүйлс нь хүндрэлтэй санагдаж эхэлнэ. Сэтгэл гутралд орсон зарим хүн “Өглөө сэрээд нүдээ нээхэд хүртэл зовхи хүнд санагдаж байна” гэдэг. Тэгэхээр аливаа зүйлийг хийх хүсэл багасаж, байнга хэвтэх хүсэл давамгайлна гэсэн үг. Мөн 8-10 цаг буюу хангалттай унтсан ч нойр ханахгүй. Харин ч улам бүр нозоорох шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд нойр хулжих, өдөр уртассан мэт санагдах нь ч бий. Түүнчлэн зүрх дэлсэх, толгой өвдөх, дотор муухайрах, өтгөн хатах, хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх шинж тэмдэг түгээмэл тохиолддог.
-Үүнийг эмчлэх боломжтой юу?
-Сэтгэл гутрал эмчлэгддэг өвчин. Гэхдээ үүнийг эмчлэхийн тулд шалтгааныг олох нь хамгийн чухал. Хүний амьдралын туршид сэтгэл гутрах шинж тэмдэг илэрч болно. Тухайлбал, дээр дурдсанчлан тулгамдсан асуудлууд буюу ажил бүтэлгүйтэх, уй гашуу тохиолдох зэргээр амьдралд нь ямар нэг асуудал тулгарахад сэтгэлээр унаж, гуньж гутарч болно. Энэ нь сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм. Нөгөөтээгүүр бие даасан сэтгэл гутрах эмгэг гэж бий. Үүний шалтгааныг гадаад болон дотоод гэж ангилдаг. Гадаад шалтгаанд тулгамдсан асуудлууд орно. Үүнээс үүдэлтэй сэтгэл гутралын хувьд тулгамдаж буй асуудлыг нь шийдэхэд тайвширч, эдгэрдэг. Харин дотоод шалтгаант буюу сэтгэл зүйн эмгэгийн хувьд бид заавал эмийн болон сэтгэл заслын эмчилгээг зөвлөдөг.
-Хүн бүр анхаарвал зохих нийтлэг ямар хүчин зүйл байдаг вэ. Хэрхэн сэргийлэх вэ?
-Иргэд ажлын ачаалал, аливаа үл ойлголцол, улирал солигдох зэргээс хамаарч сэтгэл гутралд өртөх нь элбэг. Тиймээс сайн амарч, стрессээ тайлах аргатай болох хэрэгтэй. Мөн гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхондоо цаг гаргаж, сэтгэлээ уудлах нь үүнээс сэргийлэхэд эерэг нөлөөтэй.
-Ихэнх тохиолдолд хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандалгүй, өөрийгөө оношилдог. Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө, тусламж авахаас санаа зовсноор бүр л хүндрүүлдэг хүн цөөнгүй юм билээ.
-Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт нь одоо л иргэдийн хувьд харьцангуй эерэг болж байна. Өмнө нь сэтгэцийн эмгэгийг галзуурал, солиорол гэж ойлгодог байлаа. Тиймээс сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахаас зайлсхийх хандлагатай байв. Цар тахлын дараа л сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүний хөгжил, төлөвшилтэй хамааралтайг мэдэж байна. Манайхан голдуу хэн нэгнээс тусламж авахаас зайлсхийж, өөрөө шийдэх гэж оролддог. Гэвч ингэснээрээ асуудлаа бүр л дордуулна. Тиймээс хэн нэгнээс тусламж авахдаа хэзээ ч бүү санаа зов. Ялангуяа мэргэжлийн эмч нараас зайлсхийх хэрэггүй гэж зөвлөнө. Мөн миний хувьд иргэдийг сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн ойлголттой болоосой гэж хүсдэг. Юуны түрүүнд өөрийн сэтгэл зүйн хэв шинжээ тодорхойлох нь чухал. Тухайлбал, надад ямар бэрхшээл байна, миний амьдралд сэтгэл зүйн тулгамдсан асуудал тохиолдоход би хэрхэн даван тулж, хүлээн авдаг вэ гэдгийг анзаарч, ойлгох хэрэгтэй. Ингэснээр сэтгэл зүйн онцлогоо таньж мэднэ гэсэн үг. Тэгэхээр тусламж авахад илүү амар байх болно.
Харин гадаад шалтгаанаас үүдэлтэй түр хугацааны сэтгэл гутралд орсон тохиолдолд үндсэн асуудлаа шийдэх хэрэгтэй. Жишээлбэл, уй гашуу тохиолдоход илаарьшиж, тайвшрах цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Тиймээс шууд л сэтгэл гутралын эмчилгээ гэхээс илүү гэр бүлийнхэнтэйгээ ойр байж, ярилцах, мэдрэмжээ бусадтай хуваалцах нь чухал. Мөн дуртай зүйлдээ цаг гаргах хэрэгтэй. Асуудлаа хэт их тэвчиж, өөртөө хатуурхалгүй, уйтгар гунигаа илэрхийлэх нь даван туулах процессыг хурдасгаж байдаг. Дотоод шалтгаантай сэтгэл гутрах эмгэгийн үед заавал мэргэжлийн эмчид хандаж, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
-Эмчлүүлэхгүй удвал эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх бол?
-Бие махбодын хувьд зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Учир нь сэтгэл гутралтай үед зарим хүн хэт их идэж байхад нөгөө хэсэг нь хоолны дуршилгүй болдог. Мөн хэвийн унтаж амрах, физиологийн процесс алдагдана. Тухайлбал, өтгөн хатах, шингэний дутагдалд орох, бодисын солилцоо удааширч, турж эцэх гэх мэт сөрөг үр дагавар их бий. Хооллолттой холбоотой ходоод дотрын эмгэг ч үүснэ. Сэтгэл түгшилтээс үүдэн зүрх дэлсэх, хатгуулах зовуурь илэрдэг.
Сэтгэцийн тулгамдсан асуудал, дотоод шалтгаант эмгэг аль нь ч бай удаан хугацаанд үргэлжилбэл тухайн хүний амьдралын чанар муудахад хүргэдэг. Хэвийн ажиллаж, амьдрахаа болино гэсэн үг. Улмаар ажлын бүтээмж муудаж, амархан ядарч сульдана. Нийгмийн амьдралын оролцоо багасаж, хувь хүнийхээ хувьд уналтад орно. Эрт үед нь эмчлээгүйн улмаас амиа алдах эрсдэлтэй.
-Хэдийн сэтгэл гутралд орсонд хүнтэй гэр бүл, ойр дотнынхон нь хэрхэн харилцах ёстой вэ?
-Гэр бүлийн гишүүн бүр сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголттой болох нь зүйтэй гэж боддог. Наанадаж бид нэгнээ сэтгэл гутралтай байна уу, үгүй юү гэдгийг анзаарч, хэрэгтэй үед нь туслахад бэлэн байх ёстой шүү дээ. Сэтгэл гутрал хүндэрч буйг хэт их уйлах, унтах, хоол идэхгүй байх зэргээс мэдэж болно. Гэхдээ энэ нь бүх хүнд адил байх албагүй. Зарим тохиолдолд гаднаа юу ч болоогүй мэт хэвийн байж болох ч дотроо тэр хүн гуниглаж, гутарсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал нь хүн хоорондын харилцаа юм. Нэг нэгэндээ цаг гаргаж ярилцдаг байх хэрэгтэй. Бид хэн нэгэнтэй ярилцахдаа ихэвчлэн зөвлөх гэж оролддог. Гэтэл энэ нь хамгийн буруу үйлдэл. Бид найздаа асуудлаа ярихдаа тэндээс шийдэл хайдаггүй шүү дээ. Зүгээр л зовлон, гунигаа хуваалцахыг хүсдэг. Тиймээс бие биеэ шүүмжлэхгүйгээр сонсож, үзэл бодлыг хүндэтгэх нь хамгийн том дэмжлэг болно.
-Сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөгөө цахим орчинд олширсон. Эдгээрийг хүмүүс ямар ч шүүлтүүргүй дагах нь их болжээ.
-Бид анагаах ухааны сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл заслын тусламж үзүүлэхэд бэлтгэж зургаан жил суралцдаг. Үүний дараа сэтгэцийн эмчээр 1-2 жил нарийн мэргэжил эзэмшиж байж сэтгэл засалчийн мэргэшүүлэх сургалтад суудаг. Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө үзүүлэх эрхтэй болно. Үүнд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ орно. Харин сэтгэл зүйч бол сэтгэл судлалаар давамгайлан суралцсан байдаг. Мөн анагаах ухааны боловсрол эзэмшээгүй учир эм зөвлөх боломжгүй юм. Гэтэл иргэд мэргэжлийн эмчид хандалгүй энэ сайн эм, тэр хүн болно гэсэн гэх мэтээр дур мэдэн хэрэглэх нь элбэг. Эм болгон өөр өөр үйлчилгээтэй шүү дээ. Нас, биеийн жингээс хамаараад хэрэглэх тун нь ч харилцан адилгүй байна. Доржид таарсан эм Баяраад таарахгүй л гэсэн үг. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмийн эмчилгээ шаардлагатай үгүйг мэдэх хэрэгтэй. Үүний дараа л эмч тухайн хүний шинж тэмдэгт тохируулан эмийн эмчилгээг зөвлөнө.
-Иргэдийн дунд ямар төрлийн сэтгэл гутрал давамгайлж байна вэ?
-Одоогоор статистик үзүүлэлт гараагүй учир тэр эмгэг илүү давамгайлж байна гэж хэлэх боломжгүй. Сэтгэцийн эмч нарын үүсгэн байгуулсан “Бидний мэдрэмж” гэдэг төв бий. Үүний хүрээнд бид өнгөрсөн жил 5100 орчим хүнээс судалгаа авсан. Үр дүнд нь 10 хүн тутмын найм нь архаг стресстэй, зургаа нь сэтгэл түгшилттэй, долоо нь нойргүйдэлтэй байна. Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай гэх үр дүн гарсан.
-Монголчууд “Надаас илүү хүнд зүйл туулж яваа хүн бий. Энэ асуудал биш” гэх мэтээр өөрийгөө хүчилдэг. Ингэж өөрийгөө хүчлэх нь сэтгэл гутралыг эмчлэх арга зам болж чаддаг юм болов уу?
-Хүн бүр өөрийн өгөгдөл, дахин давтагдашгүй сэтгэл зүйн хэв шинж, асуудлыг даван туулах арга замтай. Үүний адилаар надад хэцүү санагдаж, намайг зовоож буй зүйл хэн нэгний хувьд асуудал биш байж болно. Тиймээс чи зүгээр, би хэцүү байна гэх мэтээр нэг нэгнээ ижилсүүлэх гэж оролдох нь утгагүй юм. Бид аливаа зүйлийг нэгэн зэрэг, адил мэдрэх боломжгүй. Тэгэхээр тухайн хүн асуудалдаа хэрхэн хандаж буйгаас хамаарч шийдвэрлэх арга зам нь өөр байна. Ер нь надаас илүү хүнд асуудалтай тулгарсан нэгэн байхад минийх юу ч биш гэж бодох нь мэдрэмжээ хуурч буйн илрэл. Өөрт хэцүү байвал үүнийгээ зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Уйлмаар байвал уйлж, ярилцахыг хүсвэл ярилцаж мэдрэмжээ илэрхийлэх ёстой. Ингэснээр тухайн асуудлыг даван туулахад илүү амар болно. Тиймээс өөрийгөө илүү таньж мэдэх нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах суурь юм. Асуудалд хэрхэн ханддагаа мэдсэнээр юу ч тулгарсан даваад л гарна шүү дээ.
-Танай эмнэлгээр ихэвчлэн хэд орчим насныхан үйлчлүүлж байна вэ?
-Манайх улсын гуравдугаар шатлалын эмнэлэг. Ихэвчлэн архаг, хууч өвчтэй хүмүүс үйлчлүүлэх нь элбэг. Үйлчлүүлж буй хүмүүсийн насны бүлгийг харахад ихэвчлэн 30-40 насныхан байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн