Банкны тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан. Уг шаардлагыг банкууд өнгөрсөн онд багтаан хангах ёстой гэсэн зохицуулалт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бий. Үүний дагуу системдээ нөлөө бүхий банкууд 5-11.6, “Богд” банк 20 хувийн хувьцааг олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжээд буй.
Тэгвэл банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхэд гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас хүндрэл үүссэн, улмаар тус салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн, дээрх хугацааг 2026 оныг дуустал сунгах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачилжээ. Эл хуулийг баталснаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бодитой, үе шаттайгаар буурч, олон нийтийн хяналт, оролцоотой орчин бүрдэнэ гэж үзэж буй аж. Тэрбээр олон нийтээс санал авахаар уг төслөө d.parliament.mn цахим хуудсанд байршуулжээ.