Манай сор болсон 10 -аад академич, гүүш, эрдэмтэд нар хамтарч “Монголын нууц товчоог 365 хоногт” номыг бүтээжээ. Улмаар хоёр жилийн нөр их хөдөлмөр шингэсэн эл номын нээлтийг өнөөдөр Чингис хаан үндэсний музейд хийлээ. Номын нээлтийн үгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан хэлсэн. Учир нь түүний санаачилгаар эл номыг бүтээж, улмаар олны хүртээл болгож буй. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монголын Нууц Товчоо” нь монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол юм. Бидний өвөг дээдэс үйл явдлыг найруулан бичих, үүх түүхийг үнэнээр нь хүүрнэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх цэцэн билигтэй, гэгээн боловсролтой, холч ухаантай байсан билээ.
“Монголын Нууц Товчоо” хэмээх их хөлгөн судрыг монгол хэлнээ хэчнээн олон удаа хэвлүүлээд зогсохгүй дэлхийн 30 гаруй хэлээр орчуулж, таван тивдээ түгээн тархаад байгаа монгол угсаатны, монгол үндэстний түүхийн үнэлж баршгүй нандин өв, эх сурвалж болдог. Олон зуун жил өнгөрсөн ч үнэ цэнээ үл гээн, харин ч он цаг алсран одох тусам түүхийн улбаа нь улам тодорсоор байгаа нь сүүлийн гурван жилийн хугацаанд испани, англи хэлээр дахин хэвлүүлснээс нэрт монголч эрдэмтэн Кристофер Атвуд гуайн шинээр орчуулсан “Монголын Нууц Товчоо” нь дэлхийн түүх, уран зохиолын сонгодог сор бүтээлийн нэгээр нэрлэгдсэн байна” хэмээсэн.
Мөн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким номын талаар “Номын нээлтэд ирсэн эх түүхэндээ элэгтэй та бүхэнд баярлалаа. Хүн бүр эх түүхээ мэдэх үүд хаалга нь “Монголын нууц товчоог 365 хоногт” ном болог. Анх би Ш.Чоймаад хандсан юм. Тэрбээр номын зарим үг хэллэгийг хялбаршуулах саналыг минь дуртайяа бүр баяртайгаар хүлээж авсан. Ингээд бид хамтарч ажиллалаа. Би дэвшүүлсэн хувилбаруудаа үзүүлэхэд тэрбээр оновчтой гэж хүлээн зөвшөөрсөн. “Монголын нууц товчоог 365 хоногт” ном айл болгоны хойморт залагдах болтугай гэж ерөөе” хэмээсэн юм.
“Монголын Нууц Товчоо”-ны зарим үг хэллэг нь ойлгоход бэрх, орчин цагт хэрэглэгдэхээ больсон. Тиймээс Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа гуай, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким нар эртний үг хэллэгийг хялбаршуулан тайлбарлажээ. Мөн эл номыг бүтээхэд академич Н.Бэгз, Б.Авид, эрдэмтэн А.Пунсаг нар оролцож, хүүхэд залууст түүхийн эх сурвалжаа уншиж, судлахад нь урам болох, улмаар үндэсний бахархлыг өрдөх зорилгоор “Монголын Нууц Товчоо” судар номыг нэг жилийн турш өдөр бүр уншиж судлах, онцгой үг хэллэгүүдийг тогтоох боломжтой хувилбарыг дэвшүүлсэн байна.
Түүнчлэн “Монголын нууц товчоог 365 хоногт” номын дээжийг нийслэл дэх номын сангуудад тараасан юм. Цаашид ч Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль, номын сангуудад эл номыг бэлэглэж, хүүхдүүдэд эх түүхээ унших мэдэх боломжийг олгох ажээ.