“Ханжоу-2022” Азийн наадмын боксын төрлийн 63.5 кг жинд алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допингийн төрлийн бодис илрүүлсэн талаар Олон улсын шинжилгээний агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Тус агентлагаас энэ сарын 4-нд Б.Чинзоригийн А сорьцыг авч, шинжилсний үндсэн дээр хариуг нь зарлажээ. Манай тамирчин эл дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцоо шинжлүүлэх эрхтэй. Түүнчлэн Спортын арбитрын шүүхэд ч хандаж болохыг дээрх агентлагийн мэдээлэлд тодотгосон байна. Олон улсын шинжилгээний агентлагаас Б.Чинзоригоос гадна “Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон 10 тамирчнаас допингийн төрлийн бодис илрүүлсэн талаарх жагсаалтыг гаргасан байна. Үүнд манай улсаас хүндийг өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзул багтжээ. Түүнийг тэмцээнд оролцохоос өмнө шинжилгээнд хамруулахад хориотой бодис илэрсэн гэнэ. Тиймээс Азийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн аж.