Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхтуяа нар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхений ерөнхий прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.
Мюнхений ерөнхий прокурорын орлогч, Бавари мужийн Хөрөнгө эргүүлэн авах төв зохицуулалтын 8 дугаар албаны дарга Баумлер Хоесл, Гадаад улс орнууд болон Герман дахь гадаадын байгууллагуудтай харилцах 7 дугаар албаны дарга, ахлах прокурор Йоахим Эттенхофер, Өмгөөлөгч, татварын зөвлөх, нотариатч, патентын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эсрэг мэргэжлийн шүүх ажиллагааны ахлах прокурор Др.Мартин Вахтер нар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн Мөнгө угаах гэмт хэргийг шалган шийдвэрлэх олон улсын чиг хандлага, ХБНГУ-ын Бавари мужийн хууль зүйн салбарын цахимжилтад баримталж байгаа бодлого, орчин үеийн дэвшилтэт технологийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлж буй байдал, тэр дундаа цахим хавтаст хэрэг, дижитал нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар онцлон ярилцаж, тус улсын туршлагыг нарийвчлан судлахаар тохиролцов.