Бизнес эрхлэгчаж ахуйн нэгж, иргэдэд цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалтыг өчигдөр зохион байгуулсныг Төвбанкнаас мэдээлэв. Тодруулбал, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce, ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын тухай хэлэлцэж, санал солилцжээ. Манай улсын томоохон аж ахуйн нэгжүүд “Visa” картын байгууллагын сүлжээгээр олон улсын төлбөр, тооцоо хүлээн авдаг. Гэвч эл үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах зэрэг технологийн болон санхүүгийн өндөр шалгууртай нь зарим талаар иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Төвбанкны зүгээс “Paypal”, “Stripe”, “Amazon pay”, “Skrill”, “2checkout” зэрэг байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Гэхдээ манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн, ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, хэр хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч буй гэнэ.
Банкуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байгаа аж. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг сайн хөгжөөгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоогоо шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байгаа гэсэн үг. Иймээс дээрх уулзалтын төгсгөлд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх ямар гарц, боломж байгааг талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан судалж тодорхойлох, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтгэн, тодорхой шийдлийг ЦХХХЯ, Төвбанкаар дамжуулан Засгийн газар болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор