Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдана. Дөрвөн жилд нэг удаа болдог ээлжит XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан танилцуулах, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох, батлах, МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, танхимын үүрэг оролцоог хэлэлцэх асуудлууд багтжээ.
МҮХАҮТ-ын дүрмийн дагуу Үндэсний танхимын Удирдах зөвлөлд гишүүнээр элсээд, 3-аас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй танхимын гишүүд нэр дэвших эрхтэй. Улмаар 22 гишүүнийг төлөөлөх ардчиллын зарчмаар, үлдэх 53 гишүүнийг Их хурлын гишүүд дундаас шууд ардчиллын зарчмаар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг Их хурлын гишүүд дундаас тус тус нэр дэвшүүлэн сонгодог байна. Нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаар дуусгавар болгож, Танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, Их хуралд танилцуулна. Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа бэлтгэн, 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаас өмнө Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх юм байна.