Олон улсын ирэх нислэг гэсэн хаалганы урд хүмүүс бужигнах аж. Аяллын агентлагуудын, солонгос хүний нэр бүхий цаас барьсан иргэд тусгаарлах шугамын урд хэсэгт энд тэндгүй эгнэн зогсоцгоожээ. Тосох гэж буй хүнээ төвөг саадгүй олж авахыг хичээж байгаа нь тэр бололтой. Тухайн мөчид “Жэжү эйр” компанийн Сөүл-Инчон-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэсэн онгоц нисэх буудалд газардаад байсан юм. Тиймээс олон улсын зорчигчдыг тосох хүлээлгийн танхим эгээ л Өмнөд Солонгосын хаа нэгтээ байна уу гэлтэй мэдрэмж төрүүлэхээр уур амьсгалтай болсон байлаа. Энд тэндгүй хэсэг бүлгээрээ цугласан жуулчид. Түрүүлж гарч ирсэн нь бусдыгаа хүлээж буй бололтой хаалга руу харуулдаж зогсоно.
Хөтөч бололтой монгол залуу “Одоо хоёр хүн дутуу байна. Бусдынх нь ачааг автобусанд аччихлаа. Тэднийг гарч ирэнгүүт хөдөлнө” хэмээн утсаар ярих нь өөр орны хүмүүс голдуу цугласан танхимд өвөрмөц бөгөөд ойр сонсогдов. Зорчигчид гарч ирэхдээ яагаад ингэж удаж байгааг түүнээс сониучирхан асуухад “Эхний хүн гарч ирснээс хойш 30 минут өнгөрлөө. Ачаа хуваарилахад удаад байгаа бололтой. Бид 15.00 цаг гэхэд Цонжин болдогт очихоор төлөвлөсөн юм. Амжихгүй нь байна. Цагаасаа хоцорч болзошгүй учраас компанийнхаа менежерт учир байдлаа сая хэллээ” гэсэн юм. Биднийг ярьж дуусав уу, үгүй юү, өөр нэгэн эмэгтэй “Гарч ирдэггүй ээ. Нэрийг нь буруу биччихэв үү, зөрчихөв үү гээд санаа зовоод компанийнхаа хүнээс лавлаж асуулаа. Угаасаа цаанаа удаж байгаа гэнэ” хэмээн бас л хэн нэгэнд “тайлан” тавьж буй нь сонсогдов.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн бямба гаргийн 13.00 цагт очиход ийм үйл явдал өрнөж байлаа. Уг нь тухайн өдөр харьцангуй цөөн нислэгтэй, яг энэ цагт Сөүл-Инчон-Улаанбаатар, Мөрөн-Улаанбаатар, Улиастай-Улаанбаатар чиглэлийн онгоц буусан, Хонконг, Кансайгийнх дөнгөж хөөрсөн, Ховд, Манжуур, Сөүл, Инчоны бүртгэл эхэлсэн байсан юм. Гэвч олон улсын нислэгээр ирсэн хүмүүсийг тосох танхим хөл гишгэх зайгүй шахам, үдэх хэсэг нь арай сийрэг байв. Ачаа хуваарилалт удааширснаас хүлээлгийн танхимд цугласан хүмүүс хөлөө чилтэл зогсоход хүрэв. Гэр бүл, найзуудаараа гээд хэсэг бүлгээрээ явж байгаа жуулчид үүнээс болж “зам салж”, бас л нэгнийгээ хүлээх шаардлага үүсжээ. Уншигчид санаж буй бол одоогоос сар гаруйн өмнө болсон Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцохоор манай улсад ирсэн сурагчдын ачаа саатсанаас зарим нь тэмцээнээсээ хоцрохдоо хүрч, тээшээ орхиод хот руу санд мэнд явцгаасан тохиолдол гарсан даа. Яг ийм асуудал одоо ч гарсаар байна.
Уг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан үйлчилгээгээ сайжруулж, бөөгнөрлийг бууруулах үүднээс ачаа дамжуулдаг төхөөрөмжүүдээ шинэчлэн өргөтгөж, нэг дор богино хугацаанд их хэмжээний тээш хүлээн авах нөхцөл бүрдүүлснээ энэ сарын 4-нд зарласан юм. Гэвч зорчигчдод төвөг чирэгдэл учруулж, хүлээлгэдэг явдал арилсангүй.
Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал байгуулсан гол шалтгаан нь олон улсын жишигт нийцүүлж, өргөтгөх зорилготой байсан. Ийм хэрэгцээ шаардлага тулгараад удсан юм. Харамсалтай нь, “Буянт-Ухаа” нисэх буудлын нэр, байршлыг сольсноос ялгаагүй, дорвитой шинэчлэл болж чадаагүйг иргэд шүүмжлэх болов. Агааржуулалт муу, давчуу орон зайтай, ачаа тээшийн эргэлт удаан, үйлчилгээний зарим байгууллага нь шөнийн нислэгийн үеэр ажилладаггүй, ажилчдынх нь харилцаа, хандлага тааруу, нийтийн тээвэр тогтмол явдаггүй, таксины үйлчилгээ эрхлэгчид нь жуулчдыг өргөж явах нь холгүй бүчиж авдаг гээд олон улсын нисэх буудлын жишигт баймгүй гомдол, шүүмжлэлийг иргэд хэлсээр буй юм. Агаарын тээврийн либералчлалын хүрээнд олон улс, орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлсэн энэ цаг үед эл алдаа дутагдлууд нь улам тод анзаарагдах болжээ.
Орон нутгийн нислэгээс хүн тосохоор ирсэн нэгэн иргэн “Шведэд амьдарч байгаад 12 жилийн дараа эх орондоо ирсэн үеэл маань шинэ нисэх буудлыг хараад “Буянт-Ухаагаа л авчраад тавьчихаж. Дээрдсэн зүйл алга. Ийм саруул зай талбайд олигтойхон том буудал барьчихаж болоогүй юм байх даа” гэсэн. Харьцуулахаар яг л тийм байгаа юм. Олон улсын онгоцны буудал гэдэг бол улс орны үүд болсон онцгой бүс. Тэр үүднээсээ төлөвлөлт, үйлчилгээнд нь дорвитой анхаарах ёстой санагддаг. Багахан зай талбайтайгаас болоод ямар таагүй нөхцөл үүсэж байгааг л харчих. Хаашаа л эргэнэ хүмүүстэй мөргөлдчих гээдхэцүү” гэсэн юм. Харин аяллын компанид найман жил хөтчөөр ажиллаж буй хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй “Сэтгэл гонсойлгодог зүйлсээ дурдвал өчнөөн. “Чингис хаан”-ыг олон улсын бусад нисэх онгоцны буудалтай харьцуулахад цөөн төрлийн үйлчилгээний газартай. Гэвч тэдгээр нь чанартай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлдэггүй, шөнө ажилладаггүй. Одоо яасныг нь мэдэхгүй. Өнгөрсөн хавар лав шөнийн нислэгээр жуулчин тосохоор ирэхэд үйлчилгээний бүх газар нь хаалттай, гадаадын иргэд цай, кофе хайгаад явдаг байсан. Олон улсын нисэх буудал юм бол үйлчилгээний газруудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах ёстой. Олон цагийн нислэгээр ирсэн, хот руу явах унаа машинаа хүлээж байгаа хүмүүс түр хугацаанд ч тухлаад явахыг бодно. Үйлчилгээ байхгүй газар үнэ цэн, орлого үгүй гэдэг” хэмээн санал бодлоо хуваалцлаа.
Өнгөрсөн бямба гарагт очиход ч шүүмжлэлтэй зүйл цөөнгүй анзаарагдав. Танхимын бүгчмийг нь ярих юм биш. Сандал хүрэлцээгүй тул хүмүүс арга буюу зогсоогоороо “харуулд” гарч байлаа. “Хөшигийн хөндий-Улаанбаатар 100 000 төгрөг” гэсэн бичиг барьсан таксины жолооч нар “Явах уу”, “Унаа авах уу” гэж монгол, солонгосгүй, таарсан болгоноо царайчилж байгаа харагдав. Энэ сарын 3-наас явуулж эхэлсэн гэх хоёр давхар цахилгаан автобус лав тэр үеэр харагдсангүй. Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Жуулчны мэдээллийн төв нь эзгүй, гадаадын зорчигчид өөртөө үйлчилж байлаа. Хэсэг хугацааны дараа очиход эзэн нь иржээ. Мэдээллийн ажилтан бүсгүй “Зорчигчид хот руу юугаар, яаж явах вэгэж их асуудаг. Харин тур оператор, аяллын маршруттай холбоотой зүйлс тэр бүр асуудаггүй. Олонх нь аяллын агентлагаар дамжин ирдэг, маршрутаа хэдийн тогтчихсон хөтөчтэй явдаг учраас тэр. Наадмын өдрүүдэд нисэх буудал өмнөхөөс илүү ачаалалтай байлаа” гэсэн юм. Харин коронавирусээр шалтаглан үүдээ хааж, саяхныг хүртэл жуулчдыг цоожтой хаалга мөргүүлсэн, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн Жуулчны мэдээллийн төв үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Тэндхийн ажилтан “Солонгос жуулчид маш олноороо ирж байна. Тэдний хамгийн их сонирхдог, асуудаг зүйл нь говийн аялал. Далайгаар хүрээлэгдсэн, чийглэг уур амьсгалтай орны иргэдэд говийн тогтоц, хуурай ширүүн уур амьсгал сонин содон байдаг бололтой” гэсэн юм.
Манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлж, гадаадын иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч буй. Үүний үр дүн ч гарч эхэлсэн. Гэвч олон улсын гэх тодотголтой нисэх буудал нь энэ их урсгалыг багтааж шингээж чадахгүй, жуулчдын “хөлд чирэгдэж”, жулдаж байгаа нь харамсалтай. Олон нислэг давхацсан үед айхавтар их “тэмцэл” болдгийг ч иргэд хэллээ. Нислэгийн давтамжийг одоогийнхоос 2-3 дахин нэмэгдүүлэх, шинэ чиглэл нээх бодлого баримталж буй энэ цаг үед “Цаашид яадаг бол доо” гэсэн халшрал, болгоомжлол эрхгүй төрж байна. Шинэ нисэх буудалд шинэ менежмент, зохион байгуулалт хэрэгтэй ажээ.