Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй “Соёлын наадам” Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжиллээ.
Соёлын наадамд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” хэмээх 9 асар барьжээ. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл"-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжийг бүрдүүлсэн байна.
Энэ жилийн “Соёлын Наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтан албан хаагчид зэрэг 200 гаруй хүн ажиллажээ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэр, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах зорилготой гэр асрууд жуулчдын анхаарлыг ихэд татсан.
Монгол гэр бүл: Монгол айл, монгол гэр бүлийн үнэ цэн, соёл уламжлал, уламжлалт ахуйг харуулсан гэрт зочилж угийн бичиг хэрхэн хөтлөх, монголчуудын уламжлалт наадгай зэрэгтэй танилцсан байна.
Төрт ёс асарт: Монгол Хаадын хөрөг зураг, танилцуулгыг харуулсан бөгөөд Монгол Төрийн бэлгэдлийг наадамчин олондоо танилцуулсан юм.
Монгол хэл асарт: Зүйр цэцэн үг, хөлөгт тоглоом болон уран бичлэг зэргийг танилцуулах 9 асар наадамчид болон гадаадын жуулчдад Монгол соёлын өвөө өргөн дэлгэр танилцуулж сурталчилжээ.