Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан ажлын хэсгийнхэн эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, зохистой хэрэглээнд хяналт шалгалт, үнэлгээ хийжээ. Шалгалтад 368 байгууллагыг хамруулсны 223 нь эмийн сан, 109 нь ханган нийлүүлэх байгууллага, 19 нь үйлдвэр, 12 нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, тав нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байсан аж. Өнгөрсөн онд хамгийн их импортолсон, 414 нэр, төрлийн эмийг гаалийн үнээс жижиглэнгийнх хүртэл хэдий хэмжээгээр нэмснийг уг шалгалтаар тодруулсан байна. Үүнээс дөнгөж долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй байжээ. Харин дийлэнх буюу 78.5 хувийг нь 30 хүртэлх хувиар, 3.2 хувийг нь 2-4 дахин нэмж борлуулсан гэнэ. Үнийг ямар шалтгаанаар нэмсэн талаар лавлахад эм ханган нийлүүлэх байгууллагынхан үйлдвэрлэгчийн үнэ, валютын ханш, тээврийн зардал өссөн зэрэгтэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 17.5 хувь нь хүний нөөцийн дутагдалтайг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн эмийн сангуудын 46.8 хувь нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор иргэдэд үйлчилсэн зөрчил илрүүлжээ. Үүнээс гадна эмийн үйлдвэр, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт олгодог нь үнэ нэмэгдэх шалтгаан болсныг ажлын хэсгийнхэн тодотгосон аж. ЭМЯ, ШӨХТГ, ЭМДЕГ зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ.