Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд өнгөрсөн оны есдүгээр сард шинэчлэн байгуулсан Уур амьсгалын үндэсний хороо өчигдөр хуралдаж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Тус хороо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, төрийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, барилгын салбарт 17 арга хэмжээ хэрэгжүүлэхээр болов. Мөн хорооны ажиллах журмыг шинэчлэн батлах тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэлээ. Уур амьсгалын үндэсний хороог шинэчлэн байгуулсантай холбогдуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал дэвшүүлсэн томоохон хурлыг төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулан ирэх зургадугаар сард зохион байгуулахаар тогтлоо.
Бэлтгэсэн Н.Мишээл