Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын тэмцээн Орхон аймгийн “Сархиа” цанын баазад үргэлжилж байна. Тус наадмын гүйлтийн цанын өсвөрийн тамирчдын сонгомол төрлийн аваргууд өчигдөр тодорлоо. Гүйлтийн цанын тэшилтийн төрөлд 10 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 120 гаруй тамирчин хөвгүүд, охидын 12 хүртэлх, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд өрсөлдсөн юм. 12 хүртэлх насныхны тэшилтийн гурван км-ийн зайд хөвгүүдээс Б.Шинэдөл (Орхон), охидоос О.Одгэрэл (Булган) түрүүлжээ. Хөвгүүдийн 13-14 насны тэшилтийн таван км-т Г.Төгөлдөр (Сонгинохайрхан), охидоос Т.Аясгалан (Булган) аварга болсон байна. Тэгвэл хөвгүүдийн 15-16 насны 10 км-ийн зайн уралдаанд Б.Амарсайхан (Булган), охидоос Ж.Уянга (Архангай) алтан медаль зүүжээ. Хөвгүүдийн 17-18 насны тэшилтийн 15 км-т Б.Бат-Оргил (Сонгинохайрхан) Н.Мөнгөнцэцэг (Төв) тэргүүлэв.
Сонирхуулахад, өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланд тус аймгийн “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач орон нутгийнхаа онцлог байдлыг харуулан дүрсэлжээ. Тэдний урласан 210 ширхэг нэхмэл арсланг амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм. Арслангийн энгэрийн туузад Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэж, их биеийг нь шаргал, ногоон өнгөөр урлажээ. Шар өнгөөр зэс, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлсэн байна.