Монголын уран зохиолын оргил гэгддэг “Баатарлаг Жангар” туулийг олон нийтэд таниулан сурталчлах нэгэн арга хэмжээ энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт болох нь. Соёлын яам тэргүүтэй холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулах уг арга хэмжээний үеэр 1000 туульч чуулж, дээрх туулийн 17 бүлгийг хайлахаар бэлтгэж буй аж. Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар энэ үеэр чуулах юм байна. Дээрх туулийг хайлах зан үйлийг Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтаасан байдаг. Тиймээс уг өвийг сэргээх, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болсон аж.
Бэлтгэсэн М.Оч