Б.ЛХАГВАСҮРЭН (Монголбанкны ерөнхийлөгч):-Ковидын хуулийг долдугаар сараас энэ оны төгсгөл хүртэл сунгах гэж байхад Монголбанкны албан ёсны байр суурь гарсан. Бусад асуудлаар хуулиа сунгаж болно. Гэхдээ ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах гэсэн хэсгийг хасаад хуулиа сунгаад өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Яагаад ийм хүсэлт гаргаж байна гэвэл “Ковид”-ын хүнд үе буюу 2020 оныхтой харьцуулахад анх хууль баталж байх үеийн нөхцөл байдал гайгүй болсон. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийн санхүүжилтийг олж байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр болдог гэсэн утгаараа ч тэр ипотекийн зээлийг төлөөд явах нь зүйтэй гэж үзэж байна. Ипотекийн зээл авсан хүмүүсийн хувьд эртхэн төлж дуусган орон сууц эзэндээ хурдан өмчлөлд нь очно гэсэн үг.
Л.АМАР (Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал):-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь энэ зээлийг авах гээд хүлээж байгаа иргэдийн боломжийг нь хулгайлж байна гэсэн үг. Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг байлгамаар л байгаа бол эргэн төлөлтийг хийж эхлэхээс өөр аргагүй. Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд улс төрөөс ангид байлгаж, зах зээлийн зарчим руу ойртуулах шаардлагатай. Саяхныг хүртэл зах зээлийн зарчим руу дөхөж байлаа. Макро эдийн засгийн орчин тогтвортой, бодлогын хүү зургаан хувьтай байх үед зургаан хувийн зээл олгох Ипотекийн зээлийн төлөлтийг дахин хойшлуулах нь БУРУУболомжтой байсан. Харин одоо бодлогын хүү 12 хувь болсон үед зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь боломжгүй. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсний дараа зээлийн хүү, эргэн төлөлтөд анхаарах нь чухал. Тиймээс энэ бүхнийг тооцож хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж харж байна. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж, утаатай тэмцье, гэр хорооллыг барилгажуулна гэж төлөвлөж байгаа бол эргэн төлөлтийн хойшлуулалтыг дахин сунгаж болохгүй.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (Эдийн засагч):-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн төлбөрийн чадвараас гадна ипотекийн зээлийг төлөхгүй тодорхой хугацаанд хойшлуулна гэдэг санхүүгийн агуулгаар хувь хүнд эерэг нөлөөтэй байх нь хэнд ч тодорхой. Ийм хүсэлт гаргаж байгаа зээлдэгчдийг буруутгах зүйл алга. Хамгийн гол нь бодлогын түвшинд шийдвэр гаргаж байгаа УИХ, эрх баригч МАН-ын бүлгийн хувьд Засгийн газрын түвшинд энэ асуудлыг зөвөөр олж харах нь чухал. Монгол Улсын эдийн засгийг 2023 онд сэргэх нөхцөлийг хангахын тулд эдийн засаг, цар тахлын дараах нөхцөл байдал руу буюу эдийн засаг хэвийн горим руу шилжүүлэх шаардлагатай. Ипотекийн тогтолцоо бол цаашид хэдэн арван жилээр тасралтгүй үргэлжлэх систем юм. Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах нь улс төрийн өнцгөөс харсан, өнөөгийн эдийн засгийн нөхцөлд үүсээд буй иргэдийн бухимдлыг хязгаарлахыг оролдож байгаа тактикийн шинжтэй арга хэмжээ гэж хувьдаа бодож байна. Монголбанк гарсан тохиолдолд Засгийн газар хэрхэн санхүүжүүлж явах нь эргэлзээтэй. Эдийн засаг талаасаа харвал зөв санал биш.
Бэлтгэсэн Б.Баяр