СЗХ-ноос санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм мэдээллийг өчигдөр танилцуулав. Эл хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, ББСБ, ХЗХ-дын хөрөнгө ДНБ-ий 20.7 хувьд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болжээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.78 их наяд төгрөг, хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрсэн аж. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлсэн өдрөөс хойш өнгөрсөн улирлын байдлаар 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд арилжсан бөгөөд 681.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан есөн биржийг бүртгээд буй. Тэдгээрт дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгийг арилжиж байгаа аж. Зах зээлийн үнэлгээний хувьд 2021 оны оргил үедээ өдөрт дунджаар 1-1.4 их наяд төгрөгийн арилжаа хийж байсан бол өмнөх улирлын байдлаар эл тоо 300 орчим тэрбум болжээ. Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилгээ, репо хэлцлийн платформын үйлчилгээ туршиж байгааг мөн дурдлаа. Эл хоёр бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх, бас манай улсад мөнгөний зах зээл үүсэж, хөгжих эхлэл тавьж буйгаараа онцлог гэв.
Бэлтгэсэн Б.Сонор